Мэргэжлийн гольфчин Тайгер Вүүдс, Олимпийн аварга уулын цанын нэрт тамирчин Линдси Вонн нар 3 гаруй жил хосын харьцаатай байсан. Тэгвэл хосууд 2 тийш болсон гэж мэдэгджээ. Энэ талаар Линдси Вонн өөрийн цахим хуудсандаа " 3 гаруй жил хамт байсны эцэст Тайгер бид 2 өөрсдийн харьцаагаа дуусгавар болгохоор шийдсэн. Тэр миний зүрхэнд үргэлж чухал байр суурь эзлэх болно” гэжээ. 2013 онд Тайгер Вүүдс эхнэрээсээ салаад цөөнгүй жил болсны дараа Воннтой хосын харьцаатай болсон гэдгээ олон нийтэд зарласан юм.
Их дуулгын 14 түрүүтэй тэрээр өнгөрсөн 2-р сарын эхээр зохиогдсон Фермэрс иншурэнс тэмцээнээс хойш нурууны бэртлийн улмаас талбайд гараагүй. Харин шинэ улирал хэдийн эхэлж ПиЖиЭй цувралын тэмцээнүүд болж гольфчдын чансаанд нэлээдгүй өөрчлөлт орсон. Улмаар Тайгер Вүүдс чансааны топ 100-с гарч 104 хүртэл чансаа буурсан байна. Ингэснээр 1996 оноос хойш буюу бүх л карьерийнхаа турш анх удаагаа топ 100 гольфчиноос хасагдан байр ухарчээ.
Тайгер Вүүдс 2008 онд Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлснээс хойш их дуулгын тэмцээнд дахин түрүүлж чадаагүй байна. Гэхдээ 2013 онд гайхалтай эргэн ирэлтийг хийж 2014 оны 5-р сар хүртэл Вүүдс дэлхийн чансааны нэгт бичигдэж байсан билээ. Тэрээр 1-р сард Финиксийн нээлттэй тэмцээний 1 шатанд 82 цохилт хийсэн нь мэргэжлийн карьерийнх нь хамгийн муу амжилт болон бүртгэгдсэн юм.
Э.Ерөөлтхүү
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих