Азийн аваргад оролцохоор явсан Чөлөөт бөхийн тамирчид хуурамч визний асуудлаас болоод түр хугацаагаар саатуулагдсан. Чөлөөт бөхийнхөн, дасгалжуулагчид, холбооны зарим албан тушаалтнууд санал нэгдэн "Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо” байгуулжээ. Тэд өнөөдөр энэ асуудлаар "Монгол Ньюс” мэдээллийн төвд 12.00 цагаас мэдээлэл хийх аж. Тэд холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон түүнийг тойрон хүрээлэгчдийн талаар олон баримт дэлгэж, энэ холбоонд үүрлэсэн олон ёс бус зүйлсийг илчилнэ гэдгээ хэлж байна. Энэ үеэр МЧБХ-той холбоотой зарим баримтыг дэлгэж, холбооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тамирчин, дасгалжуулагчдын тэмцээн, уралдаанд оролцох эрх, боломжийг зөрчиж байгаа зэрэг бусад асуудлыг хөндөн мэдээлэл хийх юм байна.
Энэ асуудлаар бид чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа, Л.Энхбаяр, О.Пүрэвбаатар нартай ярилцлаа.
-Сая болсон Азийн аваргад яг хэдэн хүний материал бүрдүүлж өгөөд хэдэн хүн явах эрхтэй болсон юм бэ?
-Бид чөлөөт бөхийнхөө холбоонд жин тус бүр дээр хоёр хоёр тамирчны нэр өгсөн. Гэхдээ саатуулагдаж үлдсэн гурван тамирчны жин дээр зөвхөн тэдний л нэр байсан. 74, 97, 125 кг-д нэг нэг тамирчин байсан гэсэн үг. Ямар ч спортод бэртэл, гэмтэл гэх мэт эрсдлийг тооцоолж хоёр тамирчин явуулдаг. Катарын бөхийн холбооноос манай холбоонд 04 сарын 16, 25-нд хоёр удаа визний хуудас ирүүлсэн юм байна лээ. Энэ хоёр удаагийнхд саатуулагдсан гурван тамирчнаас бусад хүмүүсийнх нь нэр ирсэн. Тэгээд бид юу болов оо гээд 10 орчим хоног асууж сураглаж явсан юм. Гарна аа, ирнэ ээ л гээд байсан. Гэтэл биднийг дөрөвдүгээр сарын 03-ны бүтэн сайн өдөр буюу нисэхээс нэг өдрийн өмнө дөрөвдүгээр сарын 02-нд Холбооноос яриад үлдсэн гурван хүнийхээ визийг ирж ав гэсэн. Очоод автал холбоон дээр биш Спортын төв ордоны жижүүрт өгчихсөн байсан. тэр үед хуурамч гэж яаж санаанд орохов хүүхдүүддээ тараагаад л өгчихсөн. Ингээд маргааш нь Катарлуу явахад онгоцны буудал дээр л асуудал ундарч эхэлсэн. Зарим хүмүүсийнх нь нэр цаашаа орохгүй байна, ачаа чинь Дубай дээр бууна гэх мэт учир битүүлэг юм болж байгаад Дубай дээр буухад манай гурвыг саатуулсан. Саатуулсан шалтгаанаа визний зөрчил гэж тайлбарлахаар нь амьтан хүний нэр солигдсон эсвэл үг үсгийн алдаа гарждээ л гэж ойлгож байсан боловч сүүлдээ энэ нь хуурамч визний гэмт хэрэг болж хувирсан.
-Энэ визийг чөлөөт бөхийн холбоо өөрсдөө гаргаж өгсөн биз дээ?
-Холбоо л гаргаж өгнө шүү дээ. Яг л чөлөөт бөхийн холбооноос өөрсдийнхөө гар дээр авсан. Дундуур нь ямар нэг хүнээр дамжуулаагүй. Яг албан ёсны визэн дээр хэдэн сарын хэдний өдөр явуулсан, ямар файлаар явуулсан, мэйл хаяг нь хүртэл дээд талд нь Арабаар биччихсэн байгаа юм. Энэ гурвынх дээр ямар ч тийм юм байгаагүй.
-Тэгэхээр маргааш/өнөөдөр/-ийн хэвлэлийн бага хурлаар та бүхэн энэ асуудлын тухай ярих уу?
-Бид зөвхөн саатуулагдсан асуудлыг ярихгүй. Монголд тэмцээн уралдаан болоход гаднаас орж ирдэг мөнгө хаачдаг, Чөлөөт бөхийн холбооны орлого юунд зарцуулагддаг, тамирчиддаа яагаад томилолтын мөнгө ч өгдөггүй тухай асууна. Үнэндээ энийг тайлбарлаад өгөх байхгүй. Тэгсэн хэрнээ Дагвадорж гадуур ярихдаа мөнгө өгдөг, бүгдийг хийдэг хүн болгоод өөрийгөө ойлгуулчихсан. Ярих болгонд нь бид нар "за яахав” гээд л дуугүй байдаг, түүнээс"үгүй ээ бид нар хийсэн” гээд л ярьдагүй шүү дээ. Энэ чухал биш. Харин бид ядаж л олимп хүртэл тайван ажлаа хийхийн тулд аргаа барсандаа ийм юм хийгээд сууж байна.
-Уг нь ЧБХ-ны Ерөнхийлөгч шинэ жилийн үеэр хэлэхдээ 20 гаруй сая төгрөг эрэгтэй багийнханд зарцуулсан гэж гэсэн мэдээлэл манай дээр ирсэн?
-ЧБХ-ны шинэ жилээр биднийг шагнах гэж байсан гэсэн. Гэтэл зарим нь өвчтэй, зарим нь чөлөөтэй гэсэн шалтгаанаар манай багийн 70-80 хувь нь очоогүй юм. Магадгүй санаатай ч очоогүй байх. Тэр үед "та нар яагаад ЧБХ-ны шинэ жилд ирээгүй юм бэ? Шагнах гэж байхад очоогүй болохоор чинь больчихсон шүү” л гэж бид нарт хэлсэн. Багш нар ч дүүрч, тамирчдын минь амжилтыг үнэхээр урамшуулахыг хүссэн бол "очоогүй” гэдэг шалтгаанаар шагналыг нь өгөхгүй байна гэдэг инээдтэй л асуудал. Тэр бол шагнах гэсэндээ биш олны дунд энэ хүнийг шагнаж байна гэдгээ л харуулах, гайхуулах гэж байгаа хэрэг. Хүний сэтгэл байгаад, үнэхээр үнэлээд шагнах гэж байсан бол сүүлд холбоон дээрээ дуудаж ирээд өгч болно шүү дээ.
-Нээрэн дасгалжуулагчдын цалин дээр медаль, цолны нэмэгдэл урамшуулал гэж өгдөг үү?
-Холбооноос тийм урамшуулал гэж 1000 төгрөг ч өгч үзээгүй. Биеийн тамир спортын хөгжлийн төв гэж төрийн байгууллагаас бид нар цалингаа авдаг. Харин чөлөөт бөхийн холбоо юу хийх ёстой вэ? гэвэл чөлөөт бөхтэй холбоотой бүх тэмцээн уралдааныг зохион байгуулж, тэмцээн уралдаанд оролцох тамирчдын нэрсийн мэдүүлгийг дэлхийн бөхийн холбоонд мэдүүлэх, урилга зарлагыг зохицуулж ажиллах ёстой. Шагнал урамшууллын тал дээр миний мэдэхийн багш нарыг шагнаж урамшуулж байхыг мэдэхгүй. Гэхдээ бид нарт энэ шагнал урамшуулал чухал биш.
Тэгвэл та бүхэн яг ямар шаардлага тавьж байгаа юм бэ?
Саадгүй, тайван л ажил хөдөлмөрөө хиймээр байна. Бид нар 2013 онд энэ ажлыг авч байхад манай эрэгтэй баг уналтанд орчихсон, маш хүнд байсан. Харин өнөөдөр ямар болж вэ? гэдгийг олон түмэн мэднэ. Бид жилийн 365 хоногийн 290 гаруй хоногийг гэрээсээ гадуур өнгөрүүлдэг. Багш нь ч тэр тамирчин нь ч тэр нойр хоолгүй зүтгэдэг. Ингэж их сэтгэлээ зориулж, хүч хөдөлмөрөө зараад, тамирчдын маань бэлтгэл өсөөд, бид нар ч бас хийсэн ажлаа хараад эхлэж байх энэ үед биднээс шалтгаалахгүйгээр ажил хойш татагдана гэдэг яасан их эмгэнэл вэ? Гэхдээ бүр биднийг дэмжээд бидэнтэй хамтарч ажиллах ёстой холбоо маань санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу ийм байдал гаргаж байна. Холбоо мөнгө олдоггүй биш олдог. Одоо энд тайланг нь бид нар гаргаж ирээд байна. Маргааш танилцуулна. Тэр их мөнгө хаашаа алга болдог юм бэ? эсвэл тэр Ерөнхийлөгчийн халаасанд ороод байгаа юм уу? эсвэл хэн аваад байгаа юм? Энэ бүхнийхээ тайланг гаргаж өг, бүгдийг нь тайлбарлаж өгөөчээ гэж шаардана. Хэрвээ энд бид нар худлаа юм ярьсан байх юм бол, хариуцлагаа бид нар хангалттай үүрнэ. Баримттай, баттай үнэний төлөө бид явж байгаа юм. Энэ хүнд хангалттай доромжлуулж дарамтлууллаа, одоо болно. Дагвадорж гэдэг хүнийг ер нь хэн Ерөнхийлөгчөөр сонгочихсон юм бэ? бид нар лав биш. Хууль бус ерөнхийлөгч болчихоод байхад нь хүртэл бид нар "за яахав” гэж байсан. Гэтэл одоо үнэхээр тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ? Арга барсандаа бид ийм зүйл хийж байна. Түүнээс энэ хүнийг унагачих юмсан, ажлыг нь авах юмсан, холбоогоо доош нь хийчихсэн гэсэн тийм бодол биш. Бид нар зүгээр л энэ хэдэн тамирчдыгаа бодож, чөлөөт бөхийн эрэгтэй багийг яаж дээш нь гаргах вэ? Олимпод яаж медаль авах вэ? энэ хэд маань зааландаа сэтгэл амар гүйж яваасай, дарамт шахалтгүй тайван сайхан бэлтгэлээ хийгээсэй гэсэндээ ингэж байна. Монголын чөлөөт бөхийн холбооны гол оршин тогтнох үндэс нь багш, тамирчид. Гэтэл багш, тамирчидруугаа хандсан зөв бодлого явуулахгүй байж энэ холбоо яаж цаашаа оршин тогтнох юм бэ? Яаж чөлөөт бөхийг авч явах гээд байгаа юм бэ? Хүн зүрхгүй бол амьдарч чадахгүй биздээ. Бидний эрх ашиг, энэ хэдэн тамирчдын минь эрх ашиг, цаашид энэ салбарт орж ирэх олон олон залуучуудын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа.
-Холбооны удирдлагууд тамирчид дасгалжуулагчидтайгаа ер нь ямар уялдаа холбоотой ажилладаг юм бэ? Бид тамирчдыг саатуулагдсан гэсэн мэдээллийг авсан өглөө ЧБХ дээр ирж асуутал бидэнд "мэдэхгүй, удирдлагууд байхгүй” гэсэн хариулт өгч байсан. Харин холбооны ерөнхийлөгч өөрийн цахим хуудсандаа"тамирчдынхаа төлөө өөрийн чадах бүх зүйлийг хийгээд явж байна, Азийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчтэй хүртэл уулзлаа” гээд зургийг нь хийсэн байсан?
-Хэрвээ ойр, нягт ажилладаг байсан бол нэгдүгээрт ийм шившигтэй асуудал гарахгүй байсан. Монголчууд багш нар нь тамирчдынхаа оронд барилдлаа, яллаа гээд л бахархаад яриад байсан. Гэхдээ үнэндээ энэ бол үнэхээр гутамшиг. Ид барилдаж байгаа сайхан залуучуудтай ийм насны, ийм бие бялдартай, бэлтгэл сургуулилт хийгээгүй тамирчин дэвжээн дээр гараад барилдана гэдэг шившиг. Дэлхийн түүхэнд ийм юм бараг гарч байгаагүй байх. Тэнд байсан багш нар, бусад хүмүүс инээдээ барьж ядаж байсан. Бэлтгэл базаагаагүй багш нар нь гарч барилдаад магадгүй цус харваад үхсэн бол яах байсан юм бэ? Олон жилийн туршлагатай тулдаа л хэмхэрч гэмтэлгүй ойчсон байх. Тэрнээс энгийн хүн тэгж унавал гэмтээд аюул болно.
-Саатуулагдаж байхад холбооны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч тааралдсан гэж хэлж байсан?
-Тэр хүнийг Төмөрбаатар гэдэг. Бид нар бараг үг дугарч үзэж байгаагүй нэг тийм хүн явж л байдаг юм. Тэр хүн бол биднийг хүн гэж тоохгүй, гудмаар явахад ч мэндэлдэггүй олиггүй нөхөр бий. Манай тамирчид саатуулагдаж байхдаа 3 минутын чөлөө аваад, зүгээрчгүй бас харгалзагчаар мануулаад крантны ус уухаар явж байхад нь тааралдсан байгаа юм. Бид үнэндээ тийм л байдалтай байсан шүү дээ. Тэгж тааралдчихаад "та нар яасан юм бэ? би мэдсэн” гэчихээд яваад өгсөн. Мэдчихээд тоохгүй явчихсан энэ үйлдлээс нь бид нар албаар ингэчихвүү ч гэж хардаж болохоор байна.
-Одоо удирдлагууд хэвлэлийн хурал хийх гэж байгааг мэдсэн байгаа. Ямар нэгэн хариу байна уу?
-Ярьж байна. Надтай хамт хар багаасаа барилдаад өвөр түрийдээ ороод явж байсан хүн ч байна, холбооноос ч хүн байна. Гэхдээ юу гэж ярьж, юу гэж бичиж байгаа талаар бид хов жив болгож, тэд нарын тэр бузар булай юм руу ормооргүй байна. Гол нь л тайлангаа тавь, холбооны ажлаа хийж чадахгүй л бол удирдлагаа соль гэж шаардаж байна. Чөлөөт бөхийн холбооны хурал хийлгүй, хоёр хүн хоорондоо суудлаа наймаалцсан юм шиг "за би дарга болъё, чи бол” гээд өгчихсөн. Гэтэл энэ хүн нь яагаад хурлаа ч хийхгүй яваад байгаа юм. Энэ тайлан тооцоо нь юу болоод байгаа юм. Холбоонд энэ их хөрөнгө оруулалт орж ирчихээд байхад яагаад тамирчдын зардал гаргаж өгөхгүй байгаа юм бэ? яагаад Азийн аваргад тамирчид маань ийм байдалд оров, ийм байдалд оруулчихаад араас нь асууж сураглахчгүй, та нар өөрсдөө ингэсэн гээд бид нар луу яагаад дайраад байгаа юм бэ? гээд олон асуултууд байна. Хов жив ярьвал дуусахгүй, надад мессеж хүртэл ирсэн. "Одоо боль, хэрэггүй, дэмий шүү дээ, зөвшилцье” гээд хүнээр ч яриулж байна, мессеж ч бичиж байна. Дарамтлаад ч байгаа юм уу? аргадаад ч байгаа юм уу? ийм юм зөндөө байна. Гэхдээ бид энэ тухай ярихгүй.
-Хууль дүрмийнх нь дагуу л шийдэхийг хүсч байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Гаргасан алдаануудыг нь баримттайгаар гаргаж тавиад энийг шийдэж чадахгүй бол, энэ их мөнгийг хаана хаана зарцуулснаа гаргаад өгч чадахгүй бол, ажил хийлгэхгүй дарамтлахаа болихгүй бол огцор. Олимд дөхөөд иртэл зүгээр байж байгаа хэдэн багш нарыг хүртэл холио солио хийнэ гэнэ. Бид олимпод бэлдээд одоо үр дүн нь гардаг дээрээ ирэхэд багш нарыг нь солихоор хэдэн жилийн минь хөлс хөдөлмөрийг үгүйсгэж байгаа нь энэ вэ? За тэгээд түрүүлчихвэл нөгөө шинээр оруулж ирсэн багшийгаа мундаг байна бид чадлаа, би чадлаа гэж олон нийтэд зарлана, түрүүлсэн тамирчныг нь мөрөн дээрээ суулгаад зургаа авахуулна. Чадахгүй бол нөгөө жишгээр нөгөө дөрвөн мангуу гэнэ. ЧБХ бол хувийн байгууллага биш, нийгэмд үйлчилдэг төрийн байгууллага. Гэтэл тамирчид болоод биднийг яг хувийнхаа компанид ажиллаж байгаа мэтээр ална, тална, хална, солино гэдэг ч юм уу байдлаар хандаж байна. Бид нар төртэй гэрээ хийгээд цалингаа аваад явдаг төрийн албан хаагч хүмүүс шүү дээ. Чөлөөт бөх биднийг өдий зэрэгт хүргэсэн учраас чөлөөт бөхийнхөө төлөө амиа зориулахад ч бэлэн. Түүнээс 470 мянган төгрөгний төлөө өдөр шөнөгүй хөлс хүчээ дуслуулаад бүхэл бүтэн шигшээ баг аваад явах хүн гэж байх уу? Энэ спортод хайртай даа л ингэж явна. Ингэж их сэтгэл гаргаж зүтгэж байхад холбоо дэмжихгүй мөртлөө, дарамтлана. Хэрвээ амиа бодвол гадагшаа дасгалжуулагчаар гараад ажиллаж болно шүү дээ.
-Тайлан дээр ямар алдаа гарсан юм бэ?
-Жишээ нь, энэ тайлан ийм гарсан /үзүүлэв/. Заргалдаад эхлэнгүүт дараа нь ийм болгосон. Яагаад энэ 200, 300 саяараа энэ тайлан өөрчлөгдөж байна. Энэ мөнгө хаашаа орсон гээд энэ бүхнийг бид маргааш асууна, дэлгэнэ. Холбооны тайлан гурван янзаар гарч ирж байгаа юм, гарч ирэх тоолондоо өөр. Эцсийн эцэст бид баримттай л ярина, хаана ч хэний ч өмнө очоод хэлэхэд бид бардам байна. Энэ байдал энэ чигээрээ даамжираад яваад байвал Монголын чөлөөт бөх, залуучуудын дурлаад байгаа энэ спортын мөн чанар алдагдана. Бидний өдөр шөнө ялгалгүй бэлтгэл хийдэг энэ зааланд нэг ч удаа орж үзээгүй, тамирчдын бэлтгэлийг нэг ч удаа хараагүй, тэмцээн ирж үзэж байгаагүй хүмүүсийг ЧБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн гишүүд болгоод тэд нар тэмцээнд явах хүмүүсийг шийддэг. Тэгвэл бид нар энд юу хийж суугаад байгаа юм бэ? Зүгээр л зааланд байдаг ажилчид уу? Сайн бэлтгэл хангасан тамирчнаа явуулна гэхээр та нар мэддэг юм уу? гээд л зандаран. Тамирчидтайгаа хамтдаа өдөр шөнөгүй хөлсөө дуслуулж, сайн муугаа ярьж бэлтгэл хийсэн багш нар нь л хэнийг сайн бэлтгэл базаасан гэдгийг мэдэж тэмцээнд явуулах үгүйг мэдмээр. Тэгтэл бидэнд тийм эрх байхгүй. Тэгээд алдвал бидний буруу, оновол тэдний зөв. Тусладаггүй юмаа гэхэд тайван байлгаад өгөөчээ, дээрээс нь энэ их мөнгөө тайлбарлаад өгөөчээ гээд энэ олон баримт, тайлангуудыг маргааш дэлгэнэ. Шигшээ багийн багш нарын зүгээс хэрүүл уруулд дуртайдаа биш тамирчны эрх ашиг болон бид нарын хоёр жил төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллах боломжийг бүрдүүлж өгөөчээ гэж дахин дахин хэлмээр, гуймаар байна.
Б.ГЭРЭЛМАА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих