URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9663
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.


-ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД 80 ХҮН, 22 ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭР ОРОЛЦОЖ БАЙГАА АЖ-
Энэ сарын 17-ны өдөр Ховд голын усанд есдүгээр ангийн хоёр сурагч живж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт Ховд голын усанд Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг "Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ хоёр хүүхэд осолдсон тухай дуудлага Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Энэхүү дуудлагын дагуу ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагчид очсон бөгөөд 2 автомашин, 2 завь, орон нутгийн 65 иргэн, 18 автомашин, нийт 80 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Талийгаач хүүхдүүд есдүгээр ангид суралцдаг байсан бөгөөд тус аймгийн Алтанцөгц, Толбо сумын харъяат юм байна. Хүүхдүүдийн цогцсыг эрэн хайх ажилд онцгой байдлынхнаар ахлуулсан олон хүн оролцож байгаа ч гол үерлэсэн, ус булингартсан байгаа тул эрлийн ажилд саад учирч буй талаар орон нутгийн эх сурвалж мэдээллэв.
Өмнө нь холбогдох албадаас энэ мэт аюулаас сэргийлэх талаар иргэддээ урьдчилан анхааруулсаар байсан бөгөөд гол нуураас хууль бусаар загас олборлогчдод анхаарал болгоомжтой байхыг дахин сануулжээ.

-ЦӨНГИЙН ХАХАА ҮҮСЧ, ГОЛЫН ЭРЭГ ОРЧИМД НУТАГЛАЖ БУЙ ИРГЭД УСАНД АВТАЖ БОЛЗОШГҮЙ-
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, энэ тавдугаар сард Хөвсгөлийн уулсаас эх авсан гол мөрөн болон Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин олон жилийн дунджаас 10-50 см их, харин Хэнтий, Их Хянганы нуруунаас эх авсан голуудын усны түвшин олон жилийн дунджийн орчим мөн Алтайн нуруу, Түргэний уулсаас усжих голуудын хувьд олон жилийн дунджаас 5-15 см бага байх төлөвтэй байгаа аж.
Ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй ч тавдугаар сарын дунд үеэр зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-30 см нэмэгдэх төлөв ажиглагдаж буй юм байна. Үүний зэрэгцээ цөнгийн хахаа үүсч, голын ус эргээсээ халин эрэг орчмоор нутаглаж буй ард иргэд усанд автаж болзошгүй тул их усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.
Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв тавдугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг боловч энэ жилийн хувьд онцгой үер ажиглагдахгүй байгаа аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola

Сэтгэгдэл бичих