10 жилийн өмнөх нийтлэл. Хуучраагүй хэвээрээ

"Яруу найраг гэдэг нэгэн төрлийн тэнгэрлиг тооны ухаан агаад тэр нь аль нэг хийсвэрлэл бус биет болох гурвалжин, бөмбөрцөг зэргийн тэгшитгэл биш. Харин хүмүүнлэг сэтгэл зүрхний тэгшитгэл юм” Эзра Паунд
"Өвсний ганц ширхэгээс орчлон ертөнцийг таниму” У.Уйтмен
"Шинжлэх ухаан яруу найраг хоёр хоёулаа мэдлэг юм” Делёз
"Тоо бодсон хүн тоочин болно. Яруу найраг уншсан хүн хүн болно” Софокль
Яруу найргийн дотоод мөн чанарыг хөгжүүлье
Нэгэн цагт дэлхийн хагасыг ухаан, зэвсэг, хурдан морины хүчээр эзэлж байсан ард түмэн ертөнцийг эзэгнэсэн яруу найрагтай байх учиртай хэмээн мунхаглан бодном. Улс үндэстний газар нутаг өргөн уудам байх, хүн ам олон сая байх яруу найргийн хөгжилд ямар хамаатай юм бэ? Жижигхэн үндэстэн аугаа том уран зохиол, яруу найрагтай байж болохгүй гэж үү? "Монголын нууц товчоо”, "Жангар”, "Гэсэр” хэмээх гурван туурвилаар соёлт хүн төрөлхтөн Монголыг мэднэ. Монголын яруу найрагт гайхамшигт бүтээлээрээ шинэ үзэгдэл авчирсан Дорнын их найрагч Б.Явуухулан "Шүлэг чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн бичсэн. Энэ үг их Явуухулангийн бидэнд үлдээсэн гэрээслэл юм. Монголын яруу найргийн хөгжлийн сүүлийн 250 жилийн түүхийг эргэцүүлэн бодож үзвэл манайд яруу найргийн хэд хэдэн сургууль, "школ” бий болжээ. Догшин ноён хутагт Равжаагийн бүтээлээс эхтэй гурван говийн, Лу жанжин гүний шүлэг дууллаас ундаргатай Увс-Хан Хөхийн, Өндөр гэгээн Занабазар, Зохист аялгууч Жамьянгаравын бүтээлээс охь ундарга авсан Ар, Өвөрхангайн, Цогт хунтайжийн гүн ухааны туурвилаас тасарч хойч үеэ төрүүлсэн Булган хангайн, Их Нацагдоржийн мөнхийн бүтээлийн үргэлжлэл Их шавийн, үе үеийн ахмад уран бүтээлчдийн шийрийг хатаах яруу найрагчдыг төрүүлсэн Хан Хэнтий, Дарьганга, Говь-Алтайн зэрэг яруу найргийн дэг сургуулиуд бичигдээгүй уламжлал, тэнгэрлиг оюун санааны хүчээр бүрэлдэн хөгжжээ.
Манай яруу найрагт өөрийнхөө урсгалыг тунхаглаж албан ёсоор зарласан "Бишүби”, "Гуну” урсгал, эс бөгөөс "Хүрээ хөвгүүд”, "XXI зуун” урсгал, уран зохиол, шүүмж судлалыг хөгжүүлэх зорилготой "Шинэ шүүмж” чиглэл анхаарал татахуйц бүтээл туурвиж байна. 1990-ээд оны нийгмийн оюун санааны амьдралд гарсан донсолгоо хүмүүсийн уран сайхны сэтгэлгээнд өөрчлөлт авчирч хүн төрөлхтний бүтээсэн уран бүтээлийн аргууд Монголын урлаг, уран зохиол, яруу найрагт нэвтэрч эхэлсэн юм. Нэрт сэтгэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай "Улаанбаатар” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсанаар Монголын яруу найрагт 10 гаруй "изм” амжилттай нэвтэрч байгаа гэжээ. 1990-ээд оноос яруу найраг туурвиж эхэлсэн олон арван яруу найрагчид өөрсдийгөө "Мөнгөн үеийнхэн” хэмээн нэрлэж зохиол бүтээл туурвиж буй. Сэтгэлгээний эрх чөлөө нээгдэн уран сайхны сэтгэлгээний хувь заяаны хүзүүн дээр тавьсан үзэл суртал хэмээх алмасан сүхийг түүхийн хог дээр хаясан 15 жилд яруу найргийн олон зуун ном хэвлэгдэн гарч нийтийн хүртээл болов. Энэ үед үг холбож шүлэг бичдэг болгон ном туурвиж, мөнгөтэй, мөнгө олох чадвартай болгон номоо хэвлүүлсэн. Ном судар олноор хэвлэгдэн хүмүүсийн сэтгэлд ариусал хайрлах нь юуны буруу байх билээ. Хот хөдөөгийн номын сангуудын тавиур дээр гоё гоё хавтастай ном харагдах нь "нүдний чимэг” бүлгээ. Жил бүр хот, аймаг, сум бүрд яруу найргийн наадам зохион байгуулагдаж хүмүүсийн оюуны ухааны цангааг яруу найргийн шидэт эрчимлэг мөрүүдээр тайлж байна.
Яруу найргийн орчуулгын хөгжилд шинэ алхам хийж социализмын үед "хаалттай” хөрөнгөтний гэж нэрлэгдэж байсан олон орны яруу найрагчдын бүтээлийг эх хэлнээс нь орчуулж ард түмэндээ хүргэж эхлэв. Энэ бүхэн бол яруу найрагт гарсан дэвшил юм. Монголын яруу найргийн дотоод мөн чанарт жинхэнэ хөгжлийг яаж бий болгох вэ? гэдэг асуултад зөв хариулт өгөх шаардлагатай болов. Өнөөдөр хүн төрөлхтний улс үндэстэн бүр хүний хөгжлийн чанар, эдийн засгийн хөгжлийн чанар, оюун санааны хөгжлийн чанар гэдэг ойлголтыг анхааралтай авч үздэг болсон цагт бид "яруу найргийн хөгжлийн чанар” гэдэг ойлголтыг эрх биш анхаарч үзэх нь зүйтэй бизээ. Яруу найргийн хөгжлийн чанарыг авч үзэхийн тулд Яруу найраг гэж юу вэ?, Хөгжил гэж юу вэ?, Чанар гэж юу вэ? гэсэн асуултад хариулах учиртай. Яруу найраг гэж юу вэ гэдэг асуултад мянга мянган хариулт байдаг. Эртний Энэтхэгийн "Упанишад” сударт
Бодисын амин сүнс нь шороо
Шорооны амин сүнс нь ус
Усны амин сүнс нь хүн
Хүний амин сүнс нь хэлэхүй
Хэлэхүйн амин сүнс нь Ригведи
Ригведийн амин сүнс нь Самоведи
Самоведийн амин сүнс нь Удгида
Чанар бүгдийн дээдийн дээд Удгида
Чинагш найм дахь тэнгэрт залармой гэжээ.
Хөгжил гэдэг ухагдахууныг тайлбарласан гүн ухааны, эдийн засгийн, социалогийн, сэтгэл зүйн олон тодорхойлолт байдаг боловч тухайн улс үндэстэн хүний оюун санааны хөгжлийн түвшингөөр тодорхойлдог нь үнэнд ойрхон тодорхойлолт юм. Нэгэн суутан, улс гүрний хөгжил нь өндөр өндөр барилга цогцолсон хот тосгон бус тэр хотод аж төрөн суугаа хүний оюун санаа, соёлын түвшин юм гэж хэлсэн байдаг. Аливаа үйл ажиллагааны чанар гэдэг нь тухайн үйл ажиллагаа хүний мөн чанарыг хэрхэн өөрчилж чадаж байгаагаар нь хэмжигддэг үзүүлэлт юм. Тэгвэл яруу найргийг хүний сэтгэлд ариусал, ухаарал өгсөн дотоод мөн чанараар үнэлэх шаардлагатай болов уу. Хүний оюун санаа техникийн чадалд автагдан "техник засаглал”-ын шинжтэй болж байгааг ЮНЕСКО ухааран 1999 оны 11,12 дугаар сард Парис хотноо болсон 30 дугаар чуулганаараа тунхаг гаргасан билээ. Парисын тунхагт юу өгүүлэв.
Тунхагын нэгдүгээр зүйлээс иш татья.
"Өнөөгийн дэлхий ертөнцөд гоо зүйн шаардлага тэр бүр хангагдахгүй байна. Хувь хүмүүсийн харилцааны нийгмийн үүргийг танин мэдэж ухаарал, сэхээрлийг хөхүүлэн хөгжүүлэх арга хэрэгсэлтэй байя гэвэл дээрх шаардлагыг яруу найраг л хангаж чадна” /”Монголын мэдээ” сонинд нийтлэгдсэн албан ёсны бус орчуулгаас авав/ гээд гишүүн орнуудын Засгийн газруудын хийх ажлыг дараах байдлаар тодорхойлсон юм. Үүнд,
-Залуу яруу найрагчдын олон түүврийг хэвлэн номын зах зээлд нэвтрүүлэх гэсэн уянгын нийтлэлчдийн чармайлтыг хөхүүлэх
-Өнөө үед яруу найрагчийн уран уншлага олон хүнийг татаж байгаа учраас уран уншлага цээжээр хайлах уламжлалыг сэргээх
-Яруу найраг болон театр, бүжиг, хөгжим, уран зураг гэх мэтийн бусад урлагийн хооронд энх амгалан амирлангуй хүлцлийн соёл гэсэн сэдэвт ярилцлагыг сэргээх зэрэг маш олон чухал санаа байдаг. Парисын тунхагын үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын төр, засаг, зохиолчдын байгууллага юу хийх ёстой вэ?
Яруу найргийн боловсрол олгох нь төрийн бодлого
Яруу найргийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж Засгийн газраар батлуулах нь юу юунаас чухал санагдана. Энэ хөтөлбөрт яруу найрагчийн авьяасыг хүүхэд байхаас нь илрүүлэн шинжлэх ухааны үндэстэй хөтөлбөрөөр хөгжүүлэхийн тулд яруу найрагчийг бэлтгэх лицей сургууль байгуулах, шаталсан сургалтаар утга зохиолын дээд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдүүлэх асуудлыг тусгах учиртай. Яруу найргийн лицей сургалтаар нэгээс 11 жилийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа хэрэгтэй хэрэггүй мэдээлэл хүүхдийн оюун санаа руу чихдэг одоогийн бурангуй сэтгэлгээнээс салах шаардлагатай юм. Өрнө дорныг хольж хутгаж өөрсдөө ч ойлгохгүй стандартаар шахдаг шахалтаас XXI зуунд Нобелийн шагналыг эх орондоо авчрах яруу найрагчдын оюун санааг чөлөөлмөөр байна. Ийм сургуулийг цогцлоон байгуулж авч явах чадвар өнөөгийн Монголын шинэ сурган хүмүүжүүлэгчдэд байгаа гэдэгт итгэнэм.
Яруу найргийн хөгжлийг сайн орчуулгын чанараар тодорхойлж болно гэсэн санааг Э.Паунд хэлсэн байдаг. Монголчууд орчуулгын олон зуун жилийн уламжлалтай. Бидний ахмад үеийнхэн дэлхий дахины утга зохиолын олон сайхан бүтээлд орчуулж хойч үеийнхээ оюун санааг гийгүүлсэн ачийг мартах учиргүй. XXI зуунд уран зохиолын орчуулгын бүтээлийг сонгох, орчуулах уран чадварыг дээд тавцанд гаргах шаардлага тавигдаж байна. Орчуулах яруу найргийн бүтээлийг зөв сонгох нь том соёл юм.
Энэ талаар дэлхий дахинд ямар туршлага байна вэ? Нобелийн шагналт болон нэрт яруу найрагчид өөрийнхөө сонголтоор дэлхийн яруу найргаас сонгон дээжилж ном бүтээдэг туршлага бий. Нобелийн шагналт яруу найрагч Ш.Хинн, Т.Хьюз нар сонгон 1997 онд "Дэлхийн яруу найргийн түүвэр”, Нобелийн шагналт яруу найрагч И.Бродский "Дэлхийн шилдэг 100 шүлэг”, Германд "Шинэ зууны яруу найргийн атлас”, Оросын яруу найрагч Е.Евтушенко Оросын яруу найргийн оргил бүтээлээр ном гаргасан зэрэг олон жишээ бий. Оксфордын их сургуулийнхан бие дааж дэлхийн шилдэг яруу найргийн нэгэн том түүвэр хэвлүүлсэн нь ч дэлхийд нэртэй их сургуулиуд өөрийн соёлыг ийнхүү бүтээдгийн үлгэр жишээ юм. ӨАБНУ-ын Йоханнесбургийн их сургууль багш оюутныхаа дунд дэлхийн болон Африкийн яруу найрагчдын бүтээлээс шилдгийг нь сонгох уралдаан зарлаж дүгнэсэн тухай Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын арга зүйчээр ажиллаж байсан хатагтай У.Оинди ярьдаг юм. Сайн орчуулгыг бий болгохын тулд сайн орчуулагчийг бэлтгэх учиртай. Москвагийн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцуулж мэргэжлийн орчуулагч бэлтгэдэг байсан уламжлалыг үргэлжлүүлэн авьяаслаг залуусыг сургахаас гадна гэдээд хэлний сургалттай дунд сургуулийг төгсөгчдөөс гадаад хэлний их дээд сургуульд уран зохиолын орчуулагчийн анги нээн сургах нь зохистой санагдана. Номын эрхэм нөхөр Готовын Акимын эрхлэн гаргаж байсан "Ил товчоо” сонины туршлагаар нэг шүлэг орчуулах уралдаан зарлан дүгнэх ажил зохион байгуулагдаж байгаа нь сайшаалтай. Саяхан Ж.Байроны "Хайр ба үхэл” шүлгийг англи хэлнээс, Д.Нямсүрэнгийн "Амитаба” шүлгийг англи хэлнээ орчуулах уралдаан зарлаж дүгнэсэн нь орчуулагчдын уран чадварыг сайжруулахад ач холбогдолтой ажил болжээ. Залуу орчуулагчдын орчуулах эрдмийг төгөлдөржүүлэхийн тулд семинар, курс, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажлыг өргөжүүлэх нь зүйтэй юм.
Бүх нийтийн яруу найргийн боловсролыг төр, засгийн бодлогын төвд тавьж, яруу найргийг сурталчлах ажлыг далайцтай, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна. Японы дунд сургууль төгсөгчдөд үе үеийн яруу найрагчдын 500 хайкуг цээжилсэн байх шаардлага тавьдаг шиг манай ерөнхий боловсролын сургууль төгсөгчид "Манай Монгол” сэтгүүлийн газраас гаргасан эх орны сэдэвт "Есөн эрдэнийн орон” номын шүлгийг цээжилж төгсдөг уламжлал тогтоомоор байна. 2003-2004 онд Хэнтий аймгийн сургуулиуд Д.Пүрэвдоржийн "Чингис”, Б.Явуухулангийн "Тэхийн зогсоол”, Н.Нямдоржийн "Онон хатан эжий”, Б.Лхагвасүрэнгийн "Боржигоны бор тал” шүлгийг цээжлэх хөдөлгөөн өрнүүлэн уран уншлагын шүүлэг авч дүгнэж байв. Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь өдөрт дөрвөн мөр шүлэг цээжлүүлэх ажлыг зохион байгуулж заншвал хүүхдийн цээжлэх ой тогтоолтын хөгжил, яруу найргийн мэдрэмж төгөлдөржихсөн. Академич Амосов 70 насандаа өдөр бүр найман мөр шүлэг цээжилдэг байсан гэдэг. Энэ тухай сурвалжлагчид асуухад, цээжлэх ойгоо хэвийн байлгах гэж шүлэг цээжилдэг гэж хариулсныг дурдахад илүүц юун. Би сүүлийн 20 жилд орос, америк, англи, африкын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байлаа. Тэд өдөр бүр таваас 10 хуудас үндэснийхээ яруу найргийг заавал уншдаг юм билээ. Монголд ирээд нэг хоёр жилийн дотор монгол хэлээр чөлөөтэй ярьж сурдаг нь ч цээжлэх ойн хөгжилтэй холбоотой байх.
Тэд нэг үгийг нэг удаа хэлүүлээд л тогтоож авдаг чадвартай байдаг. Энэ нь цээжлэх ойгоо бага наснаасаа хөгжүүлсний ач холбогдол ажээ. Надтай хамт ажиллаж байсан гадаадын мэргэжилтнүүд дэлхийн болон өөрийн орны яруу найргийг нэвтэрхий мэднэ. Энэ нь яруу найргийн боловсрол олгох ажил тухайн улсад төрийн бодлого болсны үр дүн буй за.
Ард түмэн өөрийгөө ойлгох гэж найрагчдыг төрүүлдэг
Яруу найрагчийн өвийг хамгаалах асуудал яруу найргийн соёлын салшгүй хэсэг юм. Энэ талаар бид даанч юм санахгүй, хийхгүй өдий хүрлээ. Яруу найрагчийн нэг шүлгийн гар бичмэл тонн алтнаас үнэтэй гэдгийг монголчууд бид хэзээ ухаарах юм бэ. Миний багш М.Цэдэндоржийн гайхамшигтай номын сан үрэн таран болов. Би багшийнхаа Пабло Нерудагийн дурдатгалын номыг сайн нөхөр Т.Сайндайгаас олж авсан билээ. Сайндай тэр гайхамшигт дурсгалт номыг гудамжны номын худалдаанаас олж авсан гэдэг. Р.Чойномын музейн дурсгалт зүйлс Хэнтийн Дархан суманд халаалтгүй хүйтэн байшинд хэдэн жил хэвтэж үг үсэг нь баларсаар… Юутай харамсалтай. Жалгын нэг музей байгуулахын оронд Улаанбаатар хотноо "Монголын утга зохиолын нэгдсэн музей”-г жинхэнэ утгаар нь байгуулах шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна. Зохиолчийн өвийг хамгаалах олон улсын гэрээ конвенцийн дагуу шаардлага тавиад яруу найрагчдын өвийг хамгаалах ажлыг хиймээр байна. Надад Эзра Паундын хоёр хуудас захидал бий. Энэ захидлыг хэдэн мянган доллараар үнэлсэн байдаг юм билээ. Уг захидлыг ӨАБНУ-ын иргэн миний эрхэм дүүУ.Оинди сэтгүүлээс хайчилж өгсөн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст гуай 108 ботийн хоёр ботийг зохиолчдын захидлаар гаргах ажлыг санаачилсанчлан зохиолч яруу найрагчдын захидлыг дахин хэвлүүлэх ажлыг үргэлжлүүлэхэд болохгүй гэх газаргүй.
Яруу найрагч тэнгэрийн дуудлагаар төрдөг ч тамын ажил эрхэлж боолын амьдралаар амьдардаг нь хүн төрөлхтний яруу найрагчдын нийтлэг жам юм. Монголчууд бид яруу найргийн тэнгэрийг гомдоосон ард түмэн. Олон зохиолч яруу найрагчдыг улс төрийн хийрхлээр шоронд хорьж заримыг нь буудан хороосныг түүх гэрчилнэ. Яруу найргийн тэнгэрийг гомдоосон учраас Монголын зохиолч яруу найрагчид дэндүү богино насладаг ч юм билүү. Д.Нацагдорж 30, Г.Сэр-Од 23, Д.Гомбожав 38, Р.Чойном 42, М.Цэдэндорж, Б.Явуухулан, Ч.Чимэд нар 50 дөнгөж гараад, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Б.Сундуй, Д.Банзрагч, Ж.Дашзэгвэ, Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, Д.Содномнамжил, Д.Баттогтох,Гүрж.Нямдорж, Б.Эрдэнэбулган нар ид бүтээл туурвих цэл залуу насандаа үзгээ алдаж тэнгэрийн орноо одлоо. Ж.Донн, Э.Хэмингуэй нарын хэлснээр хамгийн авьяастайг нь, хамгийн ухаалгийг нь, хамгийн цог хийморьтойг нь үхэл аваад явчихав. Энд хэн буруутай юм бэ? Монголчууд бид буруутай. Соёлтой ард түмэн яруу найрагчаа алган дээрээ энхрийлэн өсгөж авч явдаг юм билээ. Тэднийг бор дарсанд шунасаар яваад өнгөрсөн гэж хэлж болно гэжүү.
Яруу найрагчийн эрүүл мэндийг хамгаалахад төр, засаг, зохиолчдын байгууллага оролцох ёстой гэж бодном. Д.Нямсүрэнг "Алтан-Өд” шагнал аваад сар гаран Улаанбаатарт байхад нь хэн нэгэн халамж тавиад зүрхний бичлэг хийлгээд хэд хоног сувилсан бол эрхэм нөхрийг аварч болох байлаа. Бидний бие биендээ хайхрамжгүй ханддаг байдлын жишээ энэ юм.
Зах зээлийн энэ нийгэмд зохиолч, яруу найрагчид яаж бүтээлээ хэвлүүлэх вэ, яаж борлуулах вэ гэдэг асуудалд бид ухаалаг хандмаар байна. Зохиолч, яруу найрагчид номоо хэвлүүлэхэд зээл олгох, яруу найрагчийн шүлгийн номыг хэвлүүлсэн ивээн тэтгэгч компанид татварын хөнгөлөлт үзүүлэх талаар татварын хуульд оруулах зэрэг яруу найргийг дэмжих төр, засгийн нэгдмэл бодлого бий болгох нь зүйтэй болов уу.
Ардын ерөөлч Л.Агваанжамбалын сүүлчийн номыг "Их засаг” их сургуулийн ректор яруу найрагч Н.Ням-Осор ивээн тэтгэж долоо хоногийн дотор гаргаж өгөхөд Агваанжамбал гуай ширгэсэн нүднээсээ нулимс унаган баярлаж байж билээ. Монгол улсын Засгийн газар жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийг дэмжсэн шилдэг 10 байгууллагыг шалгаруулдаг уламжлал тогтоогоосой гэж хүснэм. ЮНЕСКО –гийн 30 дугаар чуулганаар баталсан Парисын тунхагт зааснаар яруу найргийг хөгжүүлэхэд төр, засаг, олон нийт, мэргэжлийн бүх байгууллага тодорхой хариуцлага хүлээсэн байдаг. Энэ хариуцлагаа ухамсарлаж Дэлхийн яруу найрагчдын XXVI их хурлын өмнө "Яруу найргийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” боловсруулж Засгийн газраар батлуулбал үндэсний яруу найргаа хөгжүүлэхэд чухал алхам болох бизээ.
Яруу найрагчдын яруу найргийн боловсролын асуудалд яруу найргийн мэргэжлийн байгууллагууд анхаарал тавьж өрнө, дорнын яруу найргийн онолын бүтээлийг дахин хэвлүүлж яруу найрагчдын хүртээл болгох, залуу яруу найрагчдын дунд семинар маргаан, мэтгэлцээн, онол практикын хурал зохион байгуулах, ахмад, залуу яруу найрагчдын дунд багш шавийн барилдлага тогтоон гэрийн сургалтыг зохиох зэрэг урьд өмнө байсан үр дүнтэй аргуудыг дахин сэргээмээр байна. Яруу найрагчид үе үеэрээ нөхөрлөж, бие биенээ хайрлан хүндэтгэн, ядарч яваа нэгэндээ туслах, цаг бусаар одсон нөхдийнхөө номыг хамтарч хэвлүүлдэг сайхан харилцааг бий болгох нь яруу найргийн цаашдын хөгжилд тус болох сон. Уран бүтээлийн нөхөрлөл нь хамгийн хүнлэг нинжин сэтгэлийн нөхөрлөл болохыг дэлхий дахины уран зохиолын үе үеийн нэрт зүтгэлтнүүдийн нөхөрлөл харуулдаг.
Оросын мөнгөн зууны үеийн яруу найрагчдын тухай Г.Ивановын хань Одаевцовагийн "Нева мөрний эрэг дээр”, "Рейн мөрний эрэг дээр” хоёр дэвтэр номыг үзэхэд атаархал төрдөг. 1917 оны Октябрийн хувьсгалаар бий болсон улс төрийн нөхцөл байдалд тэд хэчнээн эв нэгдэлтэй байснаараа амь гарсан байдаг. Энэ бол түүхийн асар том сургамж юм. Яруу найрагчид бие биеэ зөв таньж, зөв ухааран хүндэтгэж хамтран ажиллах нь яруу найраг хөгжих шимтэй хөрс болдгийг бид ухаарах ёстой гэж бодном. Оросын нэрд гарсан яруу найрагч, Монголчуудын анд нөхөр Е.Евтушенкогийн "Яруу найраг бол ард түмний өөрийгөө ойлгох ойлголт юм. Иймээс өөрийгөө ойлгохын тулд л ард түмэн маань яруу найрагчдыг төрүүлдэг” гэсэн ухаалаг мэргэн үгийг дурьдсу. Үндэсний яруу найргийг өөдлөн хөгжүүлэхийн төлөө үзэл бодлоо уралдуулан, үгээ хэлэхийг уриалсу.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ломбын Нямаа