Манай тооллын наймдугаар зууны
эхэн үе. Умард газрыг үеийн үед эзэгнэн захирагч, уул нурууд, тал
хөндийн эзэн, догшин нүүдэлчдийн дараагийн төрт улс уйгаруудын эрин
эхэлж, баруун хойд зүгт Төвд улс оршоод, баруун зүгт Нанжаогийн хаант
уулс байна. Цагаан хэрмэн дээр Нанхиад цэргүүд түгшүүрийн галт бамбарыг
ширтэн, хилийн цаанаас хэзээ мөдгүй довтлоод ирэх нүүдэлчдийн дайралтыг
сэтгэл түгшин хүлээнэ. Тэд одоо биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт ирж,
эзлэн түрэмгийлж, галдан шатаана.
Дотор газар тэгэхэд Тан улс оршиж, газар
тариаланг ихэд цэцэглүүлээд, ард олны амьдрал өөдлөн дэвжээд ирэхийн
цагт, урлаг утга зохиолд онцгой их ач холбогдол өгсөн нь цагаа олсон
зүйл болов. Күнзийн цэгцэлж, шүүрдсэн Шүлэглэлт ном, Чу-гийн уянга Юэфү
хөгжмийн хүрээлэнгийн цуглуулан ботилсон эртний дуунууд, гуравдугаар
зууны алдарт шүлэгч Цао Жи, дөрвөөс тавдугаар зууны нэрт шүлэгч Тао
Юаньмин нарын уран бүтээлүүд бөглүү тосгоноос эхлээд бүгд улсын судар
шастирын оргилд тооцогдох авай. Гэтэл Тан улс тайтгараад ирэхийн цагт Ли
Бай, Дү фү, Бай Зи И, Ман Хоурэн зэрэг суут яруу найрагчид түм түмэн
ардын дундаас түрэн гарч ирж, нанхиад түмний сэтгэлд намрын навчийг
унагаж, хаврын бороо асгав.
Тэдний
дундаас Ли Бай, Дү Фү нарын билэг авьяас аргагүй гэрэлтэн тодорч, амраг
сар, алтан нарны доор аж төрөгч хүмүүний хүсэл сэтгэлийг асаана. Тэгтэл
өөр нэгэн суут шүлэгч тэр л тэнгэрийн иргэдтэй нэгэн цагт шүлэглэн
дуулах тавилан заяанд төрж, хүний орчлонгийн од болох хувийг олсон нь
аргагүй Тан улсын тайтгаралт найргийн дөрвөн гэрэлт одын нэг Ван Вэй
бөлгөө. Ван Вэйгийн төрсөн он сар, төгссөн цаг хугацаа түүхэнд тийм ч
тодорхой үлдсэнгүй. Гэвч судлаачдын үзэж буйгаар тэр нийтийн тооллын 701
онд Тан улсын Ци хэмээх түшмэлийн гэр бүлд мэлмий гийсэн байж мэдэх
бөлгөө. Ци гэх газар нь одоогийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын баруун
хойд нутаг Шаньси мужийн Ци хошуу болой.
Ван Вэй үе цаг нэгт бусад шүлэгчдээ
бодвол хичээнгүй нэгэн байв. Тэр бага балчиртаа уламжлалт гэр сургалтын
аргаар эрдэм номд шамдаж, эцэг, эхийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх алс
холын замд гэнэн залуугаасаа гарчээ. Түшмэлийн хүү эрдэмтэй байхгүй бол
горьгүй. Түүний сурах эрдэм гэтэл сэлэм эргүүлж, жад чичих биш, бичиг
номыг дэлгэрүүлэн үзэж, бийр янтайг элээн суух авай. Ван Вэй 20 хүрэх
насандаа утгын гүнд нэвтэрч, уянгын оргилд хүрчихсэн, төгс төгөлдөр рүү
нэн ихээр ойртон тухалсан яруу найрагч болсон байв. Ингэхдээ тэр хожим
түүнийг алдаршуулсан сонгодог шүлгүүдийнхээ заримыг нь аль хэдийнэ
биччихсэн байгалийн гоо сайханд шунан шимтэгч, шүтэн бишрэгч болоод,
аглаг уулын дүнсгэр ахуйг амраглагч охины үзэмжит зүс шиг шинжин байв
аа.
Эртний хятад оронд эзэн хааны их сорилго
гэж доорд ядуусын долоон үеэрээ хүсээд хүрдэггүй, түйтгэрт хүмүүний
түмэн жил мөрөөдөөд чаддаггүй шалгалт байв. Хэрэв энэ шалгалтад тэнцэх
аваас хааны ордонд алба хашиж, төрийн хэргийг түшилцэх үүд хаалгаа
нээмүй. Хориотой хотын хөндий хүйтэн дүр төрх дааман хаалганыхаа цаана
далай их нууцыг хадгална. Угийн хичээнгүй билэгт Ван Вэй эзэн хааны
сорилго шалгалтад тэнцэж, Ван овогтын бахархлыг төрүүлээд хаан эзний
хатуу харцан доор, ордны ихэс дээдэс, хатад эмс, ноёд жанждын сэтгэлийн
чилээг гаргагч, дуу хөгжим дэглээч болов. Цэлийсэн хориотой хотод сууна
гэдэг жаргал биш ч, энэ газар идээшин дасахаас өөр аргагүй.
Цэцэгтэй талдаа шүлэглэн суух төгөлдөрч
эцэг, эхийн ачийг тэгж хариулаад нэмэргүй гэж сэтгэсэн Ван Вэй дээдсийн
таалах дуу хөгжмийг дээд тэнгэрээс буулгаж ирнэ. Гэтэл хэрэг бишдэв.
Нэгэн удаагийн хөлтэй их найрын үеэр түүний дэглэж, сургасан хөгжимчид
алмай тэнэглэн алдаа гаргасан учир хөөрхий Ван Вэй хөөгдөж, цөлөгдөв.
Үеийн үед л эрхэм дээдсүүд суу билэгтнүүдээ таниагүй түүх хаа байсан
арав гаруй зууны тэртээх Тан улсад бас л давтагдав. Гэм хийсэн дуу
хөгжим дэглээчийг их хуандин зарлигаар дорнод Хятадын тэнгисийн хязгаар
руу нутаг заан илгээж, тосгоны жижиг түшмэд болгочихлоо. Эргэж ирэх
эрхгүй хүнд бэрх, хатуугаас хатуу өдрүүд үргэлжилж, алиман саран анхлан
мандах тэнгисийн эрэгт жаргал, зовлон хөглөрнө.
Даруй арван он өнгөрчээ. Идэр залуухан,
итгэл найдвар, хүсэл мөрөөдөл дүүрэн явсан Ван Вэйн нүдэнд гуниг
хоногшиж, сэтгэлд нь уйтгар үүрлэжээ. Тэгж байтал сая нэг гүрний
нийслэлд очих зам мөр нээгдэж, алсын газар хүчээр амьдрах амаргүй
хугацаа дууслаа. Чөлөөтэй болсон Ван Вэй Бээжин хотноо эргэн ирж,
дээдсийн хүрээлэнд нөлөө бүхий их түшмэл Жан Зюлины дэргэд алба хашив.
Энэ үед Ли Бай, Дү Фү нар ордны хэргэм зэргийг орхиод алс бөглүү ууланд
даяанчлан сууж, найраг шүлгийн дээдийг найруулан бичиж байсан юм. Гэтэл
Ван Вэйд тэгэх эрх байсангүй. Анхандаа уг нь тэр өмнө өгүүлсэн өндөр
дээд шүлэгчдийг хаан эзний дэргэд сууж, саруул санаа, мэргэн ухааныхаа
хүчээр улсыг засалцах ёстой хэмээх сэтгэж явсан бол одоо нэгэнт тэр
тухай бодохоо больжээ.

Харин түүний оронд уулын аглагт
даяанчилж, усны тунгалгаас алгаараа хутган суугаа цагийг эзэлсэн их яруу
найрагчидтай хамт гүн тайгад гүрний хэргийг мартахыг хүсч байлаа. Жан
Зюли гэтэл буруудлаа. Тангийн төрөөс урвасан хэмээх байж боломгүй хэрэгт
гүтгэгдсэн түүнийг шийтгэлийн хүндээр булав. Эзэн түшмэл баларсан тул,
шавь түшмэл Ван Вэйгийн хувь заяа бүр ч их гуниг руу бүдгэрэн алга
болов. Жан Зюлиг тийн буруутгаж, хэргэм зэргээс нь буулгасны дараа
түүний орыг Ли Линьфу хэмээх хомхой түшмэл эзэлсэн нь азгүй хэрэг болов.
Башир зальхай, хорон муу санаатай энэ
шадар сайдыг алба барих болсноос хойш ердөө хорь гаруйхан жилийн дараа
Тан улсын төр самуурч, Ан Лу Шаны бослого дэгдэн, газар сайгүй гал асч,
өвдөж зовсон хүмүүс өргөн түмний оронд амьдарч эхлэв. Ван Вэй дундын
түшмэл хэвээр байсаар. Билэгт шүлэгчээс цацран буй гялбааг олж эс харсан
дээдэс яруу найрагчийг ямар л холын алба, ойрын төвөг байна түүн рүү
томилон илгээсээр. Нэгэн шөнө ганцаар сууж, нэрмэл дарсыг жарган
хүртээд, тэргэл сарны ганган туяа тэнгэрээс хэрхэн бууж ирэхийг харан
тэсэлгүй шүлэглэх хүсэл тэмүүлэл нь Ван Вэйг цаг мөч ирэх тутамд даллан
дуудна. Гэхдээ тэр самуун цагийн албыг залгуулж явахдаа найраг шүлгээ
орхилгүй, улам дэлгэрүүлэн, жавхаажуулж, очсон газар бүрийнхээ байгалийн
гоо сайхныг магтан дуулсаар байжээ.
Ван Вэйгийн аралтай тэргэнд сэгсчүүлж
явахдаа бичсэн "Хязгаар нутгийн дууллууд” хэмээх бүлэг шүлэг түүний
шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор ордог. Гайхалтай нь Ван Вэй төрийн хүнд
албанд цаг наргүй зүтгэхийн зэрэгцээ ертөнцийн хөх тэнгэрээс хайрласан
цаглашгүй их авьяас билгээ хөгжүүлэн, цэцэглүүлсээр байсан юм. Ан Лу
Шань умраас довтолсон тэдгээр зовлонт он жилүүдэд Ван Вэй аль хэдийнэ
нэрд гарчихсан шүлэгч, хөгжимчин, ханз үсгийн уран бичлэгийн мастер,
хар, цагаан өнгийг амилуулан тэтгэгч зураач болсон байв. Аугаа их
байгалийн дуучийн зохиосон шүлгүүдэд ард олон ая дан хийж, үе улираан
дуулж ирсэн нь өдгөө ардын дуу болсон байна.
Ихэс дээдэс, хаад ноёдын харанхуй
бодлогыг чимээгүйхэн сэтгэлдээ зүхэж, урдын гэгээн цагийг хүсэн суух
болсон түмэн олон Ван Вэйг хүндэтгэн хайрлаж, яруу найрагчид мэхийн, орд
өргөөнийхөө үүд хаалгыг цэлийтэл нээнэ. Ван Вэй чинээлэг худалдаачдын
өргөөнд тансаг зоог хүртэж, үгээгүй ядуучуудын сүрлэн овоохойд цагаан
мантуу зооглож, ер хэнийг ч үл ялган аж төрнө. Алдар нэрийн оргил
түүнийг асар тэнгэр рүү түлхсэн ч, угийн билэгт хүмүүн бээр өөрийн
биеийг тэнгисийн ёроолд буйгаар төсөөлөн эгэл даруухан баймуй.
Ван Вэй уйдан залхаж байлаа. Нийслэлд
сууж, төрийн чухал алба хашиж байгаа мэт дүр эсгэвч мөн чанар нь эзэн
биеэ уулын шугуйгаас дуудаж, урин залж байв. Цаасан цонхоор шөнийн одод
үзэгдэж, цаг болж нөхцөл бүрдэхэд тэргэл саран мандана. Уран бийрийн
хөдөлгөөнийг аясын салхи лугаа удирдаж, уйтгарт бодлыг муутуу цаасан
дээр уудлан суух Ван Вэй шийдлээ. "Төрсөн биеийн цэцэн цэлмэгийг хичнээн
зориулавч төр гэдэг самуун түшмэлийн үүр болжээ. Одоо би энд шигдэн
суугаад юугаа хийнэ. Одоо би энд шингэн байгаад яана.

Тиймийн
учир Ли Бай, Дү Фү нарын араас зорин тэмүүлж, уулын жимээр бэдрээд,
урагдаж, сэмрэх хувцсаа өөрөө нөхсүгэй. Үзэх нүд бүрэлзэж, сонсох чих
шуугиж, тунгаах ухаан мөхөсдөв” ингэж бодсон Ван Вэй бийр бэхсийг,
цаастай зэхэж үүрийн цагаан гэгээнээр өмнө зүгийн хулсан уул руу одов.
Нөгөөтэйгүүр жинхэнэ дорнын их яруу найрагчийн амьдралын энэ үе бол
өнчрөл, хагацал, ганцаардлын эмгэнэлт үе байсан юм. Учир нь улсын хүчир
албанд бүх насаараа зүтгэсэн эр нөхрөө тайтгаруулж, эзэнт гүрний зах руу
шидэгдэхэд нь энгэртээ түүний тэргүүнийг тэвэрч, хар үсэнд нь цагаан
хяруу унатал хамт байсан үнэнч хань нь үүрд явчихсан болохоор Ван Вэйд
хоргодох зүйл үлдсэнгүй. Хамгаас хайртай халуун зүрхнийхээ нөгөө талыг
алдчихсан яруу найрагч хүмүүсээс зугтаж, түлээчний хөл хүрээгүй тийм
ширэнгэ рүү шурган орох боллоо. Өвсийг тэр хандалж уун, жимсийг тэр
хүлхэж хүртэнэ.
Ван Вэй Мэн Хароань, Дэй Ди, Чу Гуанси
зэрэг өөрийн үеийн алдарт шүлэгчидтэй өвлийн цас, зуны бороо, намрын
навч, хаврын мөрний дэргэд алив зүйлийг хэлэлцэж, шүлэг дуудан суудаг
байв. Тан улсын газар өргөн, хүмүүн өтгөн тул үлгэр домог мэт Ли Бай, Дү
Фү нартай ойртон нөхөрлөж, учран золгох гэрэлт өдөр ирээгүй л байв.
Зөвхөн тэдний сураг, шүлэг хоёр алсын алсаас сонсогдоно.
Уулын гол уруудан урсах нь сум шиг, урин
цаг түүнийг үүсгэх нь нум шиг, уулын гал өндрөөс буух нь багана шиг,
уйтгарт царайгаа түүнд тольдох нь гуниг шиг хэмээн сэтгэж, буйд газар
бурханлиг байдалтай он удсан Ван Вэй цаг үеийг нэвтлэн эгшиглэх
байгалийн уянгыг бүтээж чадав. Ийн байхдаа тэрбээр Ван чуань гол хэмээх
бүлэг найргийг туурвисан нь уул усны уянгаараа одоо ч гэсэн оргилд
байсаар байна. Тан улсын үед амьдарч байсан бусад найрагчдаас Ван Вэйн
гоцлож ялгардаг зүйл бол эх болсон газар дэлхийн энгүй гоо үзэсгэлэнг
эрдэнэс мэт бичиглэж үлдээхдээ, төгс төгөлдрийг бүтээж чадсан явдал юм.
"Шүлгийн дундаас зураг тодормуй” энэ бол Ван Вэйн шүлгийг хамгийн
энгийнээр хийгээд, хамгаас эгэл бусаар нээсэн тайлбар. Тэр ямагт үгээр
зорж, үгээр зурахын үнэнхүү гайхамшгийг үлгэрлэж, хэн ч давтаж үл
чадахаар үүсгэсэн бөлгөө.

Хөгжим
мэт хөх жимээр алхаж, найраг шүлгийн найр цэнгэлийг эдэлж явсан Ван
Вэйн хувь заяа өөр, илүү аюултай хувь заяа руу үнэг мэт сэм мяраажээ.
Манай тооллын 755 онд Ан Лу Шаны бослого улам догширч, Тан улсыг мөхөөн,
таван зүг рүү сөнөөн тонилгож мэдэхээр боллоо. Дотоодын үймээн самуунаа
дарж эс дийлсэн Их Хуанди хориотой хотын их асарт сэтгэлийг чилээн
сууна. Гэтэл гаднаас элч ирсэн тухай мэдээлэгчийг дуудан хэлэхэд аяны
уртад алжааж ядарсан царайтай нанхиад цэрэг орж ирэн, умарын тэнгэрлэг
нүүдэлчид болох Уйгарууд морин цэргийн тусламж үзүүлэх болсон тухай
хэллээ. Хуандийн сэтгэл сэргэв...
Ван Вэй Ан Лу Шаны албатуудад баригдаж,
нэгэн цагт зүтгэж явсан төрийнхөө эсрэг босон тэмцэхгүй бол боолоос ч
долоон дороор залхаан цээрлүүлэх боллоо. Үгүй бол толгой унана. Толгой
унах ч юу байхав. Найраг шүлгээ дуусгаж чадалгүй энэ мөр эзгүйрэх л
уйтай. За яахав, цагийг нөхцөөж, аргацаан дүрийг эсгэе дээ гэсэн бодол
түүний дотор эргэлдэнэ.
Тан улс хэдэн он дамжин шатаж, сая нэг
гүрнийг түймэрдсэн гал унтарлаа. Су Зун хуанди төрийн эрхэнд гарч ирэн,
Ан Лу Шаны бослогыг дотоодын тэмцэл болон умарын дайчин нүүдэлчид
Уйгаруудын хүчээр мөхөөж, засгийн эсрэг тэрслэгчдийг залхаан цээрлүүлж
эхлэв. Ван Вэй харин шинэ төрд өндөр алба хэргэмтэй мэргэн дүүд учир
явдлын шалтгааныг ухуулан таниулж чадсан тул олны хэл ам, хараал
ерөөлөөс холдож чадлаа. Түүгээр ч барахгүй Су Зун хуандийн төрд дэд
шадар сайдын хэргэм хүртэж, урд цагийн ухаангүй ноёдын уршгийг
арилгахаар тэмцэв. Тэгтэл алив юм санаагаар үл болов.
Энэ тооллын 761 оны хавирган сартай үдэш
билээ. Ууланд түлээчний сүх жингэнэж, умард этгээд тайван болоод,
нийслэл хотод исгэрэх нимгэн салхинаа улаан дэнлүү дэн дун ганхана. Ужиг
хуучийг олсон шүлэгч Ван Вэй цаасан цонхыг нээхийг хүсэхгүй, түүгээр
үзэгдэх тэнгэрийн сар нүүдэлчдийн сэлмийг дууриан байхыг үзэн санаа
алдаад, алаг нүдээ үрчлээтэж, хуучирсан зовхиороо нуулаа. Ахиж тэр
сэрсэнгүй. Байгалийн дууч, байгальдаа буцжээ.

Он цаг улиран одож, олон удаа номын
сангууд шатсан ч Ван Вэйн дөрвөн зуу гаруй шүлэг дэлхийн утга зохиолын
далай их ай савд цэлэлзэнэ. Ван Вэйг Хятад төдийгүй, дэлхий дахины
мэргэн ухаан, суу билэг, сүр хүч болсон хөх Ази биширнэ.
Алс хязгаарт ганцаар одож хүний газар гийчин болон суумуй...
Алив баяр цэнгэл наадмын цагт амраг саднаа нэн ч их мөрөөдмүй
Ахан дүүс олуулаа ууланд зугаацаж, яргуй тасдан зүүхийн үест
Ам бүл нэгээр дутууг нь алсаас мэдэж бүр ч их гансармуй...
Ай Ван Вэй...