-ЭНЭ ЖИЛ АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ БӨХ ТҮРҮҮЛЭХГҮЙ-
Бөх
сонирхогчдын тэсч ядан хүлээдэг Цагаан сарын барилдаан ирэх лхагва
гаригт Монгол бөхийн өргөөнд болно. Үзэгчдийг татах байдлаараа улсын
наадамтай эн зэрэгцэх чансаатай энэ барилдааныг 1963 оноос Спортын төв
ордонд, 1998 оноос Монгол бөхийн өргөөнд зохион явуулж байгаа билээ.
1963 оноос 64 бөх, 1971 оноос 128 бөх, 1991 оноос өнөөг хүртэл 256 бөх
тогтмол барилдаж ирсэн байна.
Цагаан сарын барилдаанд дархан
аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлж бөх сонирхогчдыг
баярлуулж байв. Дархан аварга Х.Баянмөнх найм, дархан аварга Ж.Мөнхбат
зургаа, дархан аварга Д.Цэрэнтогтох гурван удаа түрүүлж байлаа. Мөн
улсын аварга Д.Хадбаатар гурав, дархан аварга Г.Өсөхбаяр гурав, дархан
аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар нар хоёр удаа түрүүлжээ.
Аймаг цэргийн цолтнууд ч зарим жилийн барилдаанд "цоорч" байсан нь бий.
Цэргийн арслан цолтойдоо түрүүлсэн Ч.Санжаадамба эдүгээ улсын заан
болоод байгаа бол аймгийн арслан цолтойдоо үзүүрлэсэн Б.Ганбат улсын
арслан, Ц.Магалжав улсын харцага болжээ. Ер нь энэ барилдааны шөвгийн
дөрөвт үлдсэн бөхчүүдийн олонхи нь улсын заанаас дээш цолд хүрсэн нь
барилдаан хэр чансаатай болдгийн нотолгоо хэмээн бөхийн мэргэжилтнүүд
хэлдэг.
2006 оноос өмнө бол Цагаан сарын барилдаанд хэн
түрүүлж, үзүүрлэх, шөвгийн дөрөвт үлдэхийг баримжаатай таамаглаж болдог
байв. Учир нь, тэр үед "зургаан эалуу заан" бөхийн талбайд ноёрхож
байсан юм. Зөвхөн Цагаан сар гэлтгүй улсын наадам, томоохон барилдааны
шөвгийн наймд тэднээс гадна дархан аварга Б.Бат-Эрдэнэ, тухайн өдөр
"цоорсон" нэг бөх үлддэг байлаа. Бусад бөхчүүдэд үнэндээ ямар ч "шаанс"
байгаагүй.
Харин 2006 онд А.Сүхбат зодог тайлж, улмаар
Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нар барилдахаа больсноос хойш
шөвгийн наймд үлдэх нь байтугай түрүүлэх бөхийг ч таахад бэрх болжээ.
Хэдийгээр монгол бөхийн түүхэнд сод үзэгдэл болсон "зургаан залуу
заан"-аас эдүгээ Г.Өсөхбаяр, Б.Ганбат нар барилдаж байгаа ч тэдний
боломж түрүүлэх хэмжээнд байхаа больсон юм. Бөхийн нэг үе 5-10 жилдээ
давамгайлдаг гэдэг. Тэр ёсоор дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан
Д.Мөнх-Эрдэнэ нарын луу жилтнүүдийг залгаж "зургаан залуу заан" гарч
ирсэн нь баримт. Харин тэднийг залгамжлах ёстой байсан нэг үе сүмод
явснаас "болж" сүүлийн жилүүдэд улсын наадамд хэний ч санаанд ороогүй
бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байгаа нь бас үнэн. Энэ нь Цагаан сарын
барилдаанд ч хамаатай. Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал,
Харүмафүжи Д.Бямбадорж, Какирюү М.Ананд, Токитэнкү Б.Хүчитбаатар нар
сүмод яваагүй бол өдийд тэд л монгол бөхийн дэвжээг эзэгнэх байв.
Цагаан
сарын сүүлийн жилүүдийн барилдаанд Ч.Санжаадамба, Ш.Мөнгөнбаатар нарын
аймаг, цэргийн цолтнууд гэнэт түрүүлсэн нь нэг талаар залуус хүч түрэн
гарч ирсэн, нөгөө талаар улсын цолтнуудын чансаа муудсаны тод илрэл
болсон. Үүнийг "зогсоох" нэг боломж нь ойрын хугацаанд аварга цолтон
төрөх шаардлага байсан юм. Тэгвэл өнгөрсөн наадмуудаар аварга, арслан,
гарьд цолтнууд шинээр тодорч "сүмочдын" орхисон орон зайг нөхөж чадахаар
боллоо. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтон
"цоорч" түрүүлж, үзүүрлэх магадлал бараг байхгүй болжээ. Одоо улсын
цолтнуудыг дараалан хаяж түрүүлэх аймгийн цолтой мундаг бөх алга. Аймаг,
цэргийн цолтой шижигнэсэн залуусын олонхи нь улсын цол авчихсан. Зарим
нь бүр заан.харцага болчихсон. Үүний нотолгоо нь наадмаас хойш болсон
томоохон барилдаануудад нэг ч аймаг, цэргийн цолтон үзүүр түрүүнд
хүрээгүй юм. Тэгэхээр энэ жилийн Цагаан сарын барилдаан улсын цолтнуудын
давамгайлал дор өрнөх нь бараг тодорхой болжээ. Энэ удаа хэн түрүүлж,
үзүүрлэх бол. Шөвгийн наймд үлдэх магадлалтай бөхчүүдийг шинжье.
Улсын
аварга С.Мөнхбат. Тэр бол түрүүлэх хамгийн их магадлалтай бөх. Аварга
болсноосоо хойш бэлтгэлээ орхиод арилжаа, наймаанд яваад байна гэсэн
шүүмжлэлийг нутгийн ах нараасаа сонссон тэрээр алдаагаа засч энэ жил
сайн барилдаж байгаа. Ялангуяа он гараад бэлтгэл нь улам нь чамбайрч
унаа хол болсон байна лээ гэж ахмад бөхчүүд түүний талаар хэлж байна.
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд
С.Мөнхбат аварга торолгүй түрүүлсэн. Энэ жил гарцаагүй үзүүр, түрүүнд
үлдэнэ гэж бөх сонирхогчид санал нэгтэй хэлж байна.
Улсын
аварга Г.Эрхэмбаяр. Монгол бөхийн дэг жаягийг сайн сахьдаг түүнд бөхийн
хорхойтнууд ам сайтай байдаг. Хурдан, шуурхай барилддаг байсан тэрээр
аварга болсноосоо хойш жин нэмж хөдөлгөөн нь удааширчээ. Үзүүр, түрүүнд
яригдах хэмжээнд сайн барилдахад нас их нөлөөтэй. Аваргын хувьд энэ жил
37 настай. Залуучуудтай эн тэнцүү барилдахад улам л хэцүү болж байгаа.
Гэсэн ч цолны эрэмбэ, туршлагаараа шөвгийн наймд цаашлаад дөрөвт үлдэх
магадлал их.
Улсын арслан Х.Мөнхбаатар. Ямар ч барилдаанд
эрэмбэ зааж барилддаг бөх бол Х.Мөнхбаатар. Өөрөөр хэлбэл, зарим бөх шиг
нэг, хоёрын даваанд гэнэдээд уначихдаггүй. Шөвгийн дөрөвт бол торойгоод
л үлдэнэ. Жин ихтэй ч амархан цуцдаггүй, харин ч удах тусам сайн
барилддаг онцлогтой. Ихэвчлэн өрсөлдөгчөө барьц сонгож хаядаг. Үүнд нь
харин бөх сонирхогчид ам сайтай байдаггүй. Олны шүүмжлэлийг сонссон уу
яасан, сүүлийн үед хурдан барилддаг болоод байгаа. Залуу аварга
Х.Мөнхбатаас бусдыг нь ихэвчлэн хаядаг. Ч.Санжаадамбатай өгөө, аваатай
барилддаг. Байнга бэлтгэл сайтай байдаг тэрээр шөвгийн дөрөвт үлдэх л
бөх.
Улсын арслан Н.Батсуурь. Улсын наадамд түрүүлснээсээ хойш
цолныхоо хэмжээнд барилдаж чадаж байгаа. Цол дагаж бяр гэдгийг нотолж
чадсан түүнийг шөвгийн дөрөвт үлдэнэ гэсэн таамаг бөх сонирхогчдын дунд
байна. Жүдогоор хичээллэдэг нь барилдааны мэдрэмжээ нэмэхэд тус болж
байгаа байх. Өнөө цагийн шилдгүүдээс хэнийг нь ч хаяж чадна, бас хэнд ч
унаж мэдэх нэгэн.
Улсын гарьд Б.Гончигдамба. Сүүлийн үед
бэлтгэл сайтай байгаа. Тийм болоод ч түүнийг энэ жил үзүүр, түрүүнд
үлдэнэ гэж бехийн хорхойтнууд итгэж, найдаж байна. Уран мэх хийж
барилддаг түүнийг бөх сонирхогчид их үнэлдэг. Наадмаас хойш болсон
томоохон барилдаануудад сайн барилдаж бэлтгэл сайтай байгаагаа
харуул-сан. Сэтгэл зүйн хувьд хурцлаад өгвөл тэр түрүүлэх бололцоотой
бөх.
Улсын заан Ч.Санжаадамба. Амны хишигтэй хүн гэж байдаг.
Үүнтэй адил том барилдаанд одтой барилддаг бөх бол улсын заан
Ч.Санжаадамба. Үүнийгээ ч нотолж цэргийн арслан байхдаа Цагаан сарын
барилдаанд том цолтнуудыг илүүрхэн хаяж түрүү бөхөөр тодорч байв. Энэ
жил түрүүлсэн байхад хэн ч гайхахгүй. Харин тэрээр намраас хойш
тааруухан барилдсан, сүүлийн барилдаануудад зодоглоогүй. Өндөр бооцоотой
барилдаанд л очдог гэх шүүмжлэл сонсоод байгаа. Урьдын аархуу, дайчин
барилдаан нь харагдахгүй байгаа нь туршлага суусных уу, бэлтгэл муутайнх
уу. Бэлтгэлээ бол алгасахгүй хийж байгаа гэсэн. Магадгүй ядарсан байж
болох гэж ахмад бөхчүүд ярьж байгаа. Хэрвээ тийм бол хэд хоног сайхан
амраад л сэргэчихнэ. Тэгэхээр үзүүр түрүүнд "үлдэх" С.Мөнхбат аваргын
гол өрсөлдөгч нь Ч.Санжаадамба заан байж болох юм.
Улсын
харцага Б.Пүрэвсайхан. Ч.Санжаадамба заанаас ялгаатай нь ядарсан шинж
харагдахгүй байгаа. Мэхэндээ даацтай, хурдтай. Хэнд ч бярдуулахгүй.
Хааяа сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй хэт "шатчихдаг" дутагдалтай. Өөрөөр
хэлбэл, сэтгэл зүйн бэлтгэл муутай. Хэрвээ энэ алдаагаа давталгүй
барилдвал шөвгийн дөрөвт үлдэнэ. Үүнээс наана шилдгүүдтэй гарцаагүй
тунана.
Өсөх идэр начин Р.Пүрэвдагва. Энэ залуугийн барилдааны
ур чадвар үнэхээр сайжирсан. Сүүлийн үед унана гэдгийг бараг мартаад
байгаа. Хэрвээ сүүлийн үеийн барилдаануудын амжилтаар нь таамаглаж
болдог бол Цагаан сарын барилдааны түрүү бөх бол гарцаагүй тэр.
Бөхчүүдийн чансааг тасархай тэргүүлж байгаа. Том цолтнуудыг бүгдийг нь
хаяад үзчихсэн. Өөртөө их итгэлтэй байгаа. Гэхдээ Цагаан сарын барилдаан
бол өөр. Энд улсын цолтнууд бараг бүгдээрээ барилддаг, дагаад оноолт ч
өөр болдог. Дөрвийн даваанаас эхлээд учраа чангарна. Цаашаа тунаж
таарна, "зунгааралдсан" барилдаан хийнэ, их ядарна. Бэлтгэл сайтай бол
асуудалгүй. Чөлөөт бөхийн улсын аваргад барилдаж байхыг нь харахад тэр
их амархан цуцаж байна лээ. Хэрвээ бэлтгэлийн торгон ир нь ханачихсан
бол цойлоод л гараад ирнэ.
Шөвгийн наймд үлдэх магадлалтай ийм
бөхчүүд байна. Тэднийг наадмаас хойш болсон барилдаанд үзүүлсэн амжилт,
бодит боломжоор нь "эрэмбэлж" таамагласан юм. Эдгээр бөхчүүдээс гадна
улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, харцага
Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, аймгийн арслан Б.Одгэрэл нар
хичээвэл шөвгийн наймд үлдэж чадна. Ямартай ч энэ жилийн барилдаан улсын
цолтнуудын өрсөлдөөн дунд өрнөх нь тодорхой байна.
Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/