Найзуудаа та бүхэнтэй аялалын сонин сайхнаас хуваалцахаар шийдлээ.
УБ-Өндөрхаан-Чойбалсан-Хавиргын боомт-Манжуур хот нэг талдаа 1050 км. Ирж очихтойгоо 2 талдаа 2100 км бөгөөд нийт 38 цаг машинд өнгөрүүлэх шаардлагатай. Нийт замын 70 хувь нь асфальтан засмал зам, 20 хувь нь шороон зам, 10 хувь нь сайжруулсан шороон зам. Буруу рультэй машин явж болно.
Заавал бэлтгэх зүйлс
Гадаад паспорт, жолооны үнэмлэх, машины гэрчилгээ, хариуцлагын даатгал, иргэний үнэмлэх, машиндаа өвлийн дугуйгаа заавал тавьж явах мөн эмийн сан, ослын тэмдэг, галын хор, хүрз, татлага, нэмэлт шатахууны сав, дулаан хөнжил, түлхүүр багаж гэх мэт аян замд хэрэг болохуйц эд зүйлсийг бэлдэх. Цаг агаарын мэдээг 326609 утсаар сайтар лавлаж баталгаажуулсны эцэст цасан шуурга намжсан гэдгийг мэдээд дулаан хувцаслаад, хүнсээ базаагаад замд замд гарав.
Замд гарав
12 сарын 3 буюу пүрэв гарагт Улаанбаатараас өдрийн 13 цагт банкаа А95-р дүүргээд замдаа Багануур хотоор дайраад Өндөрхаан хотод ирээд А95-р шатахуунаа дүүргээд(шатахуун авах бүртээ баримт бичүүлж авах, км заалтаа бичээрэй) цаашаа явах гэтэл 2 зам сонгох шаардлатай болов.
Үндсэн зам: Өндөрхаан-Чойбалсан чиглэлиийн 323км зам нь шороон зам.
Шинэ зам: (Өндөрхаан-Баруун урт чиглэлийн зам гэхдээ Баруун урт орохгүй шүү) Үндсэн замаас тойруу гэхдээ замын 80 хувь нь засмал дундаа хэсэг газраа 5км шороо, 20 хувь нь сайжруулсан шороон зам.

Чингис хаан хот
Тэгээд шинэ замыг сонгоод Өндөрхаан-Баруун Урт чиглэлийн замыг сонгов. Өндөрхаанаас гараад 36км яваад зүүн гар тал салсан Түмэцогт сумын чиглэлийн замыг бариад замдаа Хөлөнбуйр, Булган сумыг дайраад нийтдээ хотоос гараад 685км тулаад Чойбалсан хотод орой 21 цагт орж ирэв. Маргааш өглөө нь хил давах учраас буудалд орж унтаж амрахаар буудалд буухаар шийдээд буудал хайв. Гэтэл бүх буудал нь дүүрсэн байвч аз болж тамгын газрын зүүн талд байдаг нэг буудалд буув. 3 ортой өрөө 60,000 төг үнэтэй байв.

Чойбалсан хот
Зөвлөмж
Хотоос гарахдаа буудлаа урьдчилж захиалах эсвэл хотоос өглөө эрт гараад эртхэн Чойбалсанд орж ирээд буудалдаа буучихвал буудал хайж цаг алдахгүй. Нөгөө талаас улсын хил бямба, ням гарагт амрах тул баасан гарагт амжиж гарах гэсэн хүмүүсийн цуваа их байдаг.
Хилийн зүг хөдлөх
Маргааш өглөө нь буудлаасаа 08:30-д гараад тамгын газраас хятадын хил нэвтрэхийн тулд албан бичиг авдаг гэхээр нь өргөдөл бичээд гадаад пасспорт, машины бичиг баримтаа канондуулахаар баахан канон хайж цаг алдав. Арай хийж бичгээ гаргуулж аваад 09:30-д Чойбалсан-Хавиргын (124км) боомт чиглэлд хөдлөхөөр болов. Шатахуунаа Чойбалсан хотоос гарах замд байдаг Петровис-аас авах гэтэл тодорхойгүй шалтгааны улмаас өгөхгүй гэж хариулав. Тэгээд Хятадын хил дээр ШТС байгаа гэж найдаад замд гарав. Бартаатай, цастай шороон замаар 2 цаг гаран явсаар хилийн боомтод ирээд хил давах гэтэл 2 улсын хил цайндаа гараад 2 цаг хүлээх хэрэгтэй боллоо. Ингээд цайны 14:00 цагт дуусаад бичиг баримтаа бүрдүүлж хил давахаар орлоо. Анх удаа машин чинь хил давж байгаа бол заавал хил дээр бүртгүүүлнэ. Ингээд бид Монголын хилийг даваад Хятадын хилийн шалган дээр ирж бичиг баримтаа бүрдүүлээд гарах гэтэл "биржын ногоон бичиг" гэдэг цаас нэхэв, тэр нь байхгүй бол оруулахгүй буц гэлээ. Монгол хил дээр "мартамхай" ажилтны буруугаас болж бидэнд өгөөгүй явуулсан байж гэтэл удалгүй хятадын хилийн ажилтан 100 юань өгвөл надад нэг илүү "биржийн бичиг" байна авбал ав гэхээр нь юанийг нь өгөөд тэр бичгийг аваад цааш хятадын хилийг давав.

Хавиргын боомт
Зөвлөмж:
Хятадын хил дээрх ШТС станцаас А93 1л нь 5.50 юан буюу 1716 төг-р банкаа дүүргээд цааш Манжуурын хотын зүг хөдлөв.
Зөвлөмж
Шатахуунаа Чойбалсангаас дүүргээд баримт бичүүлээд түүн дээрээ одометрийн заалтаа бичүүлэх. Мөн тэр Чойбалсангаас авдаг тамгын газрын бичгийг хятадын хил дээр шаардахаа больсон тиймээс хил өглөө 08:00 цагт онгойхоос өмнө хамгийн эхэнд багтаж гарахаар тооцолж Чойбалсангаас өглөө үүрээс 06:00 цагаас хэтрэлгүй хилийн зүг хөдлөөрэй. Монгол хил дээрээс "биржийн бичиг" гээд ногоон бичгийг заавал аваарай. Жолоочоос Хятадад байх газрын утасны дугаар, байршил бичихыг шаардана энэ үед +86 470 624 7777 Manzhouli Port International Hotel гэж бичээрэй.
Манжуур хотын зүг
Хятадын хилийн боомтын нэр нь Ар Хашаат (Ariha Shatezhen) Манжуур хот хүртэл засмалаар 205км бөгөөд бид 15:30-д хөдлөөд Манжуур руу явж байгаа Монголын машинуудыг дагаад явав. Замдаа Алтан Эмээл (New Barag Youqi) жижиг хотоор (Ар хашаатаас 82км-т байрлах) дайрах үед дагаж явсан машинуудаа алдад жаахан төөрөв. Утсан дээр суусан MAPS.ME app дээр China Map Update хийгээгүйгээс замын мэдээлэл дутуу гарч ирээд байв. Тэгээд гудамжинд явсан нэг Хятад хүнээс: "Manzhouli" гэж асуухад хойд зүгийг заагаад өгөв. Тэгээд хойд зүг руу салсан нарийнхан нэг зам олоод цэнхэр самбар дээр уйгаржин Монгол-бичгээр Манжуур гэснийг олж уншаад замаа олоод цааш явахад нар жаргаж харанхуй болов. Энэ зам нь өргөн биш харин маш нарийнхан хэрнээ өндөр далантай, замын хажуу руу зогсох боломжгүй учраас машин зөрөхөд хүндрэлтэй, осолтой санагдав. Ингээд замдаа Dalaisumu, Hulunzhen гэсэн суурингуудын хажуугаар явсаар Монголын нэг автобусыг ашгүй олоод дагаж явсаар гэрлээр өөрийгөө чимэх Manzhouli буюу Манжуур хотын бараа харагдав.

Манжуур хот зун цагт
Хотын зам тэр чигтээ мөсөөр хучигдсан байв. Ингээд автобусаа дагасаар яг төвд нь байрладаг нэг хятад нэртэй буудалд (Русь Ресторан гэсэн давхар хаягтай) ирээд машинаа гадна зогсоол нь тавив. 2 ортой, 00 шүршүүртэй өрөө хоногийн 60 юань гэхээр авав.
Зөвлөмж:
Аян замын хамгийн сайн туслах болж чадсан MAPS.ME application татаж утсандаа суулгаад Mongolia (11MB) болон China (318MB) гэсэн газрын зургуудыг update хийж татаж авах. Өвлийн дугуйгүй бол баларна за тэгээд хурдаа тохируулах, зай барьж яваарай. Манжуур хот ерөнхийдөө том 4 гудамж бөгөөд замууд нь 1 чигийн хөдөлгөөнтэй тул замын тэмдэг тэмдэглэгээг сайн харж яваарай. Машинаа буудлынхаа гадаа камерт харагдахуйц газар болж өгвөл хучлага авч яваад хучаад тавиарай өдөр шөнөдөө хүйтэн газар.
Буудлууд ихтэй бөгөөд нь зэрэглэлээсээ хамаараад хоногийн 40-500 юань хооронд хэлбэлзэнэ. Миний бодлоор хамгийн тохиромжтой байрлалтай буудал нь Manzhouli Port International Hotel санагдсан хоногийн 2 ортой өрөө 80 юань. Интернэтээр урьчилж захиалж өгч болдог тохитой тухтай бас гоё ресторан, саун душ массажны газартай.
Address: China, Inner Mongolia, 呼伦贝尔市满洲里市兴华路二道街38号 邮政编码: 021400
Phone:+86 470 624 7777


Manzhouli Port International Hotel
Манжуур хот
Ерөнхийдөө Оросуудын "Эрээн" хот гэж хэлж болох бөгөөд Европ маягийн барилгууд ихтэй бөгөөд 1 сая гаруй хүн амтай. Оросын иргэд хятад руу визтэй зорчдог мөн эдийн засаг нь хямраад ирэх нь багассан. Манжуурын барааны сонголт муутай хэрнээ үнэтэй санагдав гэхдээ дэлхийд алдартай брэндийн дэлгүүрүүд таарсан үнэ нь Монголд байдаг үнэтэй адил эсвэл бүүр үнэтэй ч байх жишээтэй. Оросууд нь барааг Хятадуудын хэлсэн үнээр нь авсаар байгаад "үнэ буулгана" гэсэн ойлголтгүй болсон байна лээ.

Манжуур ирсэн Монголчуудын ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд шуба авах гэж ирсэн гэхэд болно. Үнийн хувьд загвараасаа хамаараад янз бүр байх бөгөөд залгаас ихтэй нь хямд талдаа байдаг харин залгаас томтой нь үнэтэй. Гэвч нэг хүндрэлтэй зүйл нь жинхэнэ уу хиймэл уу гэдгийг мэдэхэд төвөгтэй байв. Хуучин нэхий дээлийг сэргээгээд будаад янзлаад "капитал" засварт оруулаад шинэ гэж хэлээд их зардаг учраас сонголтоо маш болгоомжтой хийх хэрэгтэйг сануулья. Энд ганц үнэ буудаг зүйл нь Шуба бөгөөд та Хятадуудын хэлсэн үнээс 40-50 хувь хямдруулж авах хэрэгтэй. Бусдаар нь бол Манжуур үзэж хараад байх зүйл нээх байхгүй санагдав.


Автомашины сэлбэг хэрэгсэл үнэтэй хэрнээ сонголт муу харин хятад дугуйнууд хямдхан байв. Жишээ нь 265/65 R17-той өвлийн хятад дугуй 4 хос нь 350.000 төг болж байсан. Тэгээд та үнэтэй олон тоотой бараа авах бол тухайн дэлгүүрээсээ падаан заавал бичүүлж аваарай, үнийг нь хямдхан авсан гэж бичүүлбэл Монголын хил дээр бага татвар төлөх боломжтой.
Манжуур хотоос буцсан нь
Хятадын хил өглөө 08:00-д онгойдог учраас өглөө буудлаасаа гараад Манжуураас 04:00 гэхэд гараад замдаа орох хэрэгтэй. Тэгэхгүй бол хил дээр машинууд бөөгнөрөөд эрт Монголын хил давж гэрийг зүг явахад оройтоно. Бид ингэж гарсны ачаар УБ-т орой 22:00 цагт орж ирсэн юм.
Аялалд: 2014 Toyota LC Prado 150 TXL 2TR-FE 2700cc VVT-i бензин автомат машинаар УБ-аас шатахуунаа А95 дүүргээд 2 хүнтэй хоосон гараад явахад шатахуун идэлт 100км-т шулуундаа 12.5л зарцуулж байв. Хятадад бензин А93 1л 5.50 юань буюу 1716 төг үнэтэй байна.
Ирэхдээ хойноо 230 кг ачаатай А93 дүүргээд явахад 14.6 л идэв. Моторын эргэлт 2.5-3 дээр ихэнхдээ явав, хурд 120-130 км/цаг байжээ,
Motomn