Чилийн нийслэл Сантьяго хот болон ойр орчмын бүс нутгаар аравдугаар сарын 8-ны өдөр аадар бороо орсны улмаас үер, хөрсний нуралтын гамшиг нүүрлээд байна. Гамшгийн улмаас машинууд гудамжаар урсаж, айлуудын байшин усанд автав. Мөн дор хаяж зургаан хүн бэртэж гэмтсэн бөгөөд олон зуун иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Чилийн ерөнхийлөгч Хосе Антонио Кастын тушаалаар Сантьягогийн зүүн хэсэгт орших чинээлэг дүүрэг Лас Кондест онц байдал зарласан байна. Ингэснээр засгийн газрын байгууллагууд нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах илүү боломжтой болжээ.
Тус дүүргийн захирагч Каталина Сан Мартины хэлснээр сүүлийн өдрүүдэд 14.4 сантиметр хур тунадас орсон нь аравдугаар сарын дундаж хэмжээнээс ойролцоогоор ес дахин их байсан аж.
Сантьяго хотын дундуур урсдаг Мапочо гол үерлэж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргахад хүргэжээ. Чилийн гамшгаас хамгаалах байгууллага хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй 10 дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, сургуулиудыг хаах тушаал өгсөн байна. Түүнчлэн Сантьяго хотод бараг 12 мянган хэрэглэгч цахилгаангүй болжээ.
Энэхүү үер нь Эль Нино үзэгдэл эрчимжиж буй үетэй давхцаж байна. Номхон далайн орнуудад ер бусаар дулаарч илэрдэг энэ үзэгдэл нь дэлхийн хэмжээнд хур тунадасны хэв маягийг өөрчилж, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст хаврын улирал илүү чийглэг болох нөхцлийг бүрдүүлдэг. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ жилийн Эль Нино үзэгдэл арванхоёрдугаар сард оргилдоо хүрэх төлөвтэй байгаа бөгөөд 1950 оноос хойших хамгийн хүчтэй үзэгдлүүдийн нэг байж болзошгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих