
Монгол улсын 2016 оны улсын төвлөрсөн төсвийг нэг юм хугацаандаа баталлаа. Энэхүү төсөв сонгуулийн жилийнх учир улстөржилт өмнөх жилүүдээс ихтэй байлаа. Мөн Засгийн газар өөрсдийн оруулж ирсэн төсвийн төсөлдөө ч үнэнч байж чадсангүй. Жил бүр л төсөвт зардлыг танаж, алдагдалгүй төсөв батална гэж ярьдаг.
Энэ удаа ч тийн ярьсаар байсан ч батлахдаа төсвийн алдагдлыг бараг нэг их наяд төгрөг байхаар төсөвлөж орхилоо. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3.4 хувьтай байхаар тус тус батлагдсан.
Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь байхаар тооцоод байгаа. Харин дэлхийн банк болон бусад санхүүгийн байгууллагууд үүнээс ч доош байхыг анхааруулсан билээ.
Ч.Сайханбилэгийн "Шийдлийн” хэмээх Засгийн газрын Сангийн шинэхэн сайд нь томилогдоод сар хүрэхгүй хугацааны дараа өргөн баригдсан ирэх оны төсвийн төсөл "ус” ихтэй, дүүрэн шүүс гоожуулсан дээр нь баахан шүлсний нэмэртэй эд байсныг хэлэх ёстой байх.
Тэд ирэх сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газрыг 9 яамтай байлгах тухай төсөвт тусгаад холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийн хамт өргөн барьсан. Гэвч сонгууль ч товлогдоогүй байхад шинээр бүрдэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцүүлэх гэлээ, зүгээр л байгаарай та нар хэмээх улстөржилтөд тэр дороо шахуулан өргөн барьсан хуулийн төслөө татан авсан.
Гэхдээ тэднийг хуулийн төслөө татан авахад өөрийнх нь АН-ынхан бас өөрсдийнх нь айдас нэрмээс болсон нь үнэн. Учир нь тэдний ирэх сонгуулийн дараа байгуулагдах шинэ Засгийн газраас эхэлж мөрдөгдөнө хэмээн өргөн барьсан хуулийг УИХ дахь нам, улстөрчид шинэ оны эхнээс хэрэгжүүлбэл зүйтэй гэсэн санал гаргаад эхэлсэн. Энэ нь байнгын огцрох айдас дунд байгаа Засгийн газрыг хурдхан дээрх төслүүдээ татан авахаас аргагүйд хүргэсэн хэрэг юм.
Ч.Сайханбилэгийн танхимынхан тэдгээр төслүүдээ татан авахдаа ичилгүйгээр манай Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлөх нь хэмээн тайлбарласан. АН-ын фракцууд тэр дундаа намын даргынх нь "Шонхор”-ын гишүүдийн хариуцдаг яамд бүтцийн өөрчлөлт хийвэл татан буугдахаар байсан нь асуудлыг хурдхан буцаан татахад хүргэсэн байх гэх хардлага ч бий.
Засгийн газраас оруулж ирсэн улс төрийн албан тушаалтнууд, шүүгч нарын цалинг бууруулах саналыг ч УИХ хүлээж авсангүй. Цалинг бууруулахгүй болсноор 7 тэрбум төгрөгийн зардал төсөвт нэмж туссан. Жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдийн туслахуудыг сонгуулийн жил болж байхад цөөлөх санал гаргасан нь ч уналаа. Өмнө нь жагсаалтаар сонгогдсон 28 гишүүн энэ удаа тойрогт нэр дэвших учир тэдэнд нэг илүү туслах ч гэсэн хэрэгтэйг тооцох ёстой байв.
Тэр дундаа УИХ-ын болоод АН-ын дарга З.Энхболд ч тойрогт нэр дэвших учиртай болоод байгаа энэ цаг мөчид туслахынх нь орон тоог хасна гээд оруулж ирсэн нь инээдтэй хэрэг байв. Тиймээс ч 28 гишүүний туслахуудыг хэвээр үлдээлээ. Засгийн газар харин энэ 2015 оны төсвийн тодотголоор дэд сайдгүй ажиллахаар болж, бүх яамдын дэд сайд нарыг чөлөөллөө. Ингэснээр дэд сайд нарын ажил алба гээч үгүй болов.
Энд дэд сайдаас гадна туслах, жолооч, зөвлөх гэсэн дор хаяж дөрвөн орон тоо суларч тэдний цалин хангамжинд гарах ёстой мөнгө хэмнэгдэж буй. Гэвч долоон сар ажиллах ёстой байсан дэд сайд нарыг халчихаад тэдэнд гэнэт халагдсаны тэтгэмжийг зургаан сарын цалингаар бодож олгосон нь инээдтэй хэрэг. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сард төсвийн анхны тодотгол хийхдээ дэд сайдгүй ажиллах шийдвэр гаргаснаа хэвээр мөрдсөн бол бодит хэмнэлт болох байсан гэдэг ойлгомжтой хэрэг.
Төсөвт хэмнэж батлагдсан зүйлс нь Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой, Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэсэн. Эхний хоёр агентлаг нэгдээд Бүртгэл статистикийн хороо болж Хууль зүйн сайд эрхлэх ажлын хүрээнд харьяалагдаж байна. Хуучин хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газар Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Үндэсний статистикийн хороо нь УИХ-ын харьяанд байсан.
Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын хоёулаа том байшин эзэгнэдэг тул нэгэнд нь төвлөрөх юм гэнэ. Илүү нэг байшинг нь Засгийн газар зарж төсвийн цоорхойгоо нөхнө. Ийм зорилгоор агентлаг нэгтгэж байгаагаа Сангийн сайд мэдэгдсэн. Уг нь энэ хоёр өөр чиг үүргийн агентлагийг нэгтгэснээс АМГ-т Газрын тосны газрыг нэгтгэж нэг байшинг нь суллаж худалдах нь илүү боломжтой байсан гэх.
Гэтэл АН-ын дарга З.Энхболдын "Шонхор”-ынхон үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй байсан бололтой. Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа нь "Шонхор”-ын сайд С.Эрдэнийн ойрын хүн. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр. Тиймээс л хоёулаа л ашигт малтмал хариуцдаг хоёр агентлагийг биш өөр чиг үүрэгтэй агентлагуудыг нэгтгэсэн хэмээх хардлага гарч байгаа хэрэг ажээ.
Агентлагууд нэгдсэнээр баахан хүн ажилгүй болох нь гарцаагүй, мөн томоохон үүрэгтэй агентлагууд нэгдсэнээр ажил цалгардах үзэгдэл гарах болов уу.
Тавантолгой төслийг урагш хөдөлгөхийг дэмжээгүй УИХ нүүрс тээвэрлэх төмөр замыг цэргүүдээр бариулахад зориулж 20 гаруй тэрбум төгрөг төсөвт суулгахыг дэмжлээ. Гэтэл төсөвт сургууль цэцэрлэг барих, шинэчлэх, өргөтгөх тухай олон санал багтсангүй. Ингэснээр ард бидний заримынх нь үр хүүхэд цэцэрлэггүй, зарим хүүхэд гурван ээлжээр хичээллэсэн хэвээр байх дүр зураг зурагдлаа.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс стратегийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Маш олон тэрбумыг үүнд зарцуулсан. Гэсэн хэдий ч уг хөтөлбөрийн хүрээнд баахан өр төлбөр үүссэн аж. Тухайлахад нөөцийн мах бэлтгэхэд зориулж жил бүр төсөвт тодорхой хөрөнгө тусгадаг. Энэ ажлыг гүйцэтгүүлэхдээ эхлээд хувийн компаниудаар нөөцийн мах бэлтгүүлж, дараа нь Засгийн газар ажлынх нь хөлсийг олгодог.
Гэвч бэлтгүүлсэн махныхаа төлбөрийг Засгийн газар хоёр жил дараалан өгөлгүй луу унжсанаас 12 тэрбум төгрөгийн өр үүсчээ. Өрийг нь дарах зорилгоор 2 тэрбум төгрөг нэмж тусгасныг гишүүдийн олонхи дэмжсэн. 2016 оны төсөвт 8 тэрбум төгрөг суулгасан байгаа бөгөөд нэмж 2 тэрбум төгрөг суулгаж байгаа нь энэ. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжих зорилгоор 2012 оноос эхлэн малчдад ноосны урамшуулал олгодог болсон нь мөн л 10 тэрбум төгрөгийн өр авлага үүссэнийг шийдэхээр болж, төсөвт суулгалаа.
МҮОНРТ-ийн урсгал зардлыг 2.6 тэрбум төгрөгөөр нэмэх санал ногоон гэрлээр гарсан бол "Цэвэр агаар” сангийн төсвийг 5 тэрбумаар нэмэх С.Оюун гишүүний санал бүдэрлээ. Ингэснээр нийслэлийн иргэд бид өтгөн хар утаагаа сийрүүлэх боломжгүй болоод байна.
Монголбанк ч, Үндэсний аудитын газар ч УИХ-д хандан 2016 оны төсвийн зардлыг бууруулж, алдагдалгүй төсөв баталж өгөхийг хүссэн ч энэ удаа тийм төсөв батлагдах хувь байсангүй. Мөн сайд нарын багц дотор суусан үр ашиггүй хөрөнгө зарцуулалтуудыг шүүрдээд үзэхэд элгийн юмнууд зөндөө байгаа гэлцэнэ. Тэр нь бас л "Шонхор”-уудтай холбоотой гэсэн хардлагууд ниссээр л.
Г.Самбаа