
Монголчууд бусдыг тагнан туршихдаа тун гаргууд хүмүүс байжээ. Гэхдээ энэ талаар өнөөг хүртэл манай эрдэмтэд нарийвчлан судалж чадаагүй байна. Энэ нь социализмын үеийн хаалттай байдлын үр хөврөл одоо ч Монгол хүн бүрийн уураг тархинд гүн бат шингээстэйг харуулж байгаа хэрэг л дээ. Тагнуулын байгууллагаас хаана, хэн, ямархуу томоохон үүрэг гүйцэтгэж, эх орондоо үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг бид сайтар мэдэхгүй яваа нь аймаар ч юм шиг.
Чингисийн Монголчууд Тангад, Алтан улсыг байлдан дагуулахдаа юуны өмнө чадварлаг тагнуулчдаа ажиллуулж байжээ.
Дараа нь Хорезмыг эзлэхдээ ч тэндхийн худалдаачид, оргодол цэргүүдийг ашиглажээ. Мөн лалын шашны санваартангууд хүртэл Чингисийн тагнуулын ажиллагаанд гар бие оролцсон тухай сонирхолтой баримт цөөнгүй. Нэг удаа Чингис хаан Хорезмын иргэн Махмуд гэгчээр эзэн хааныг нь тагнуулах ажлыг хийлгэжээ. Хорезмын Шах эх хатан Туркан болон хамаатан садантайгаа эв түнжин муутай байсан нь Махмудад томоохон олз болсон байна.
Ер нь аль нэг эрх мэдэлтэнг өөртөө татаж ашиглахад гэр орныхон, ах дүү, садан төрлүүдийнх нь хоорондын зөрчил маш их хэрэг болдог ажээ. Иймээс Чингис хаан Махмудаар дамжуулан Турканы хамаатнуудын өмнөөс "Бид эзэн богд Чингист үнэнчээр зүтгэх хүсэлтэй байна” гэсэн хуурамч захиа илгээсэн байв. Хамаатных нь хүн ийм захиа илгээхэд Хорезмын Шах итгэж л таараа хэмээн Чингис хаан тооцоолсон нь төвөггүй бүтэж, Шахын ордныхон сэтгэл санааны хүнд цохилтонд оржээ. Тэд дотоодын бослого тэмцлээс үхтлээ айж, цэргийнхээ хүчийг тал бүр тийш тараан байрлуулсан байна. Нэгэнт ингэж хүчээ тарамдуулсан Хорезмын эзэнд гүрэн Чингисийн цэрэгт тун амархан хиар цохиулсан түүхтэй аж.
Ер нь нүүдэлчин Монголчуудын маань бусдыг тагнах, турших чанар бараг төрөлхийн гэмээр юм уу даа. Эртний үүх түүхээс сөхөөд байвал үүнийг амархан батлах бололтой. Ер нь зэргэлдээх их гүрнүүдийг Монгол эрчүүд байнга тандан судалсаар ирж. Эс тэгвээс Хятадын юм уу, Орос, Япончуудын идэш болоод дуусна гэж хэдэн үеэрээ ийнхүү тэмцэж иржээ.
Богд хааны үед тагнуулын ажиллагаа нэлээд идэвхтэй явж байсан байна. Алдарт тагнуулч Баатар захирагч, Н.Хаянхярваа зэрэг хүмүүс Богд хааныг тагнуулын мэдээллээр хангаж яваад амь үрэгджээ. Тэдний адил бас олон сайхан эрчүүд энэ хүнд хүчир албанд зүтгэж ор сурагггүй алга болсон байна. Ардын хувьсгалын эхний он жилүүдэд ч мөн цөөнгүй хүн харийнхны эсрэг тагнуулаар ажиллаж яваад нас баржээ. Тэдний нэг нь Ажваагийн Дандан яах аргагүй мөн. Гэхдээ А.Данзан Богд хааны үеэс тагнуулчаар ажиллаж байсан бөгөөд Ардын засгийн жилүүдэд ч үүргээ биелүүлсээр байж.
Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны уугуул энэ хүний намтар тун сонин. Хорин нэгхэн настайдаа Түвдийн баруун зуу, Гүмбэн, Лаврин зэрэг эргэл мөргөлийн газруудаар орж гарч явжээ. Ингэхдээ зүгээр зугаацаж яваагүй нь мэдээж. Тэр үед Манж Чин гүрэн сульдаж, Богд хаан тэргүүтэй хүмүүс үндэсний хувьсгалд бэлтгэж байсан болохоор түүнд тагнуулын чиглэлээр хийх зүйл мундахгүй их. А.Данзан юун түрүүнд очсон газрууддаа Барга, Өвөрмонголын сэхээлэг хэсгийнхэнтэй холбоо тогтоосон байна. Хятад зоогийн газарт хааяа орж, Өвөрмонгол эрчүүдийн яриаг чагнана. Заримтай нь ойр зуурын юм ярилцаж, цааш улам гүнзгий танилцаж, анд нөхөр бололцсоор нэг л мэдэхэд тэдний дунд гүнзгий нэвтэрсэн байв. Хэнтэй ч хэл амаа ололцож, эвтэйхэн яриа хөөрөө өрнүүлж чаддаг түүний энэ авьяас 1903-1904 онд Японд очсон үеэс тодорсон хэмээн 1926-1928 онд тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Н.Хаянхярваа ойр дотнын хүмүүстэй дурсан ярьсан байлаа. А.Данзан Японы тагнуулч Сато-г өөртөө элсүүлж, Хаант Орос, Чин улсын зүгээс Монголын өмнөд хэсгийг хуваан эзэмших далд явуулгуудын эхлэлийг тандан судалж байжээ. Мөн Японы байр суурийг судлан Богд хаанд мэдээлж байсан юм. Харамсалтай нь түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлжээ.

Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал дээр Хаант Орос хийгээд Чин улсын ашиг сонирхлын хүрээ давхцаж байв. Эдгээр улс гүрнүүд өөрсдийн бодлого, сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд дипломат, тагнуул болон бусад аргыг өргөн ашиглаж байсан юм.
Тухайн үед Монгол Улсад тагнуулын бие даасан нэгж, байгууллага байгаагүй боловч Гадаад яам, Дотоод яам, Цэргийн яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайдуудаас өөр өөрсдийн чиглэлээр тагнуул, сөрөх тагнуулын шинжтэй ажиллагаа явуулж байв. Тухайлбал, Цэргийн яам болон Баруун хязгаарын сайдаас хилийн чанадад тагнуулаар хүн явуулж байжээ. Богд хааны шууд удирдлагын дор сөрөх тагнуулын болон тагнуулын мэдээлэл, дүн шинжилгээний ажлыг ч явуулж байсан нь "Япон” хэмээх А.Данзан зэрэг хүмүүсийн тагнуулын ажиллагаанаас тод харагдана. Гадаадад зохион байгуулах тагнуулын үйл ажиллагааг Богд хааны дэргэдэх шадар захирагч Баатар хэмээх хүн удирдан зохицуулж байв.
Энэ үед гадаад тагнуулын ажил явуулах гол хэлбэр нь бадарчлан тэнүүчилж явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух халхавчийг гол төлөв ашигладаг байжээ.
Тухайлбал, хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэгт очиж ажиллаж байж. Харин "Япон” А.Данзан Япон, Хятадыг хариуцсан байлаа. Мөн Гандан хийдийн аграмба лам Н.Хаянхярваа нь Орос, Халимаг, Турк улс руу явсан бол барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвдөд очжээ. Нэрт түүхч Б.Буянчуулган Ар, Өвөрмонголчуудыг нэгтгэн хамгаалах талаар Орос улс ямар бодолтой байгааг мэдэхээр Хаант Орос руу удаа дараа явж, чин ван Л.Дашдэндэв Хятадад, "Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил тарвагатай болон Шиньжаны нутгуудад олон жил ажиллажээ. А.Данзангийн хувьд бусдын адил хувьсгалын эсэргүү хэмээгдэж хороогдсон ч Монголынхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа хайрлаагүй эрэлхэг эрсийн нэг байсныг саяхан болтол бүрэн дүүрэн судалж чадаагүй л байж.
А.Данзан Нийслэл хүрээнд байхдаа Хятад, Солонгос иргэний нэрээр Монголд ажиллаж байсан Японы тагнуулчдыг илрүүлж байв. Мөн 1916 онд Гадаад хэргийн сайд Б.Цэрэндоржийн даалгавраар дахин Япон улсад тусгай ажлаар очжээ. Ингээд тэндээс Ардын хувьсгалын өмнөхөн эргэж ирээд хувьсгалчдын хоорондоо харилцах нууц түлхүүр кодыг зохиож тэдэнд байнга тусалж байв. Ардын хувьсгалын дараахан Алс дорнодын хөдөлмөрчдийн их хуралд оролцож, В.И.Ленинтэй биеэр уулзжээ. Японд байхдаа англи хэлийг гаргууд сайн сурсан тул хожим нь Зөвлөлт Орост элчингээр нэг жил сууж ирээд Хятадад худалдааны төлөөлөгчөөр ажиллах үеэсээ Монгол-Англи толь бичиг бичиж байсан байна. Өөрөөр хэлбэл, тэр Япон, Хятад, Англи, Төвд хэлээр маш сайн ярьж, бичдэг байжээ. Гэвч түүнийг судар бичгийн хүрээлэнд ажиллаад удаагүй байтал эсэргүү хэмээн баривчилж ял тулгахад хилс хэргээ тэр огт хүлээн зөвшөөрөөгүй учир До яамны Орос сургагч нар сэтгэцийн "өвчтөн” болгосон байна. Тэгээд хүчтэй тариа тарьсаар амийг нь хөнөөжээ.
Б.Отгонбаяр