"Адуунчулуун” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Балжиннямын
Энхбаатартай ярилцлаа. "Ах нь ингэж сонин хэвлэлд ярилцлага өгч байгаа ч
үгүй, ер нь дургүй” гээд л эрс шулуухан хэлж орхих юм. Байгаагаараа
гүдэс зантай ийм хүнтэй ярилцах аятай санагдсан. Энэ сарын сүүлээр
тохиох Адуунчулууны уурхайн 60 жилийн ойтой холбогдуулж түүнийг зочноор
урьсан хэрэг л дээ. Угтаа бол уурхай хэмээх их айлын санхүүг барьдаг хүн
нь тэр. Бидний хооронд энгийн сайхан яриа өрнөв.
-Энхбаатар ах, өмнө нь сонин хэвлэлд ярилцлага өгч байв уу?
-Өө үгүй үгүй. Анх удаа л чамтай ярилцаж байна. Би ер нь иймэрхүү юмнаас зугтдаг хүн ш дээ.
-Яагаад тэр вэ?
-Дургүй л байхгүй юу. Хариуцсан ажлаа сайн хийгээд явбал барав гэж боддог ш дээ.
-Тэгвэл тэр тусмаа л сонирхолтой яриа өрнөж мэднэ. Та чинь өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Цагаан-Овоод Хишгээ даргатай өрсөлдсөн байх аа?
-Би Цагаан-Овоогийн хүн ш дээ. Дорнод аймаг дахь Цагаан-Овоо сумын нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Нэр дэвшээд л сумандаа давхиад очсон чинь Хишгээ над руу утасдаж байна. "Миний найз яах нь вэ? Улс төр гэдэг энэ муухай зүйлтэй хутгалдаад юухэв дээ” гээд. Тэгээд яах вэ, цөөн тооны саналаар ялагдал хүлээсэн. Орцны үүдэнд хов базаад суудаг хэдэн авгай нар шиг л болчихсон юм байна лээ.
-Тэгэхээр бага нас чинь Цагаан-Овоод өнгөрчээ?
-Манайх Цагаан-Овоогийн айл. Хөдөөний хүүхэд болохоор бусдын л адил малын захад өссөн дөө. Өглөө эрт босч үнээ саана, хашаа хороогоо цэвэрлэнэ. Зуны бороонд хөл нүцгэн л гүйж явдаг сан. Хөл маань баргийн юман дээр гишгэхэд өвдөлт мэдрэхээргүй болтлоо сайртчихаад л, зун ер нь гутал углаж үзээгүй дээ.
-Эхээс олуул уу?
-Тавуул. Би дээрээ хоёр эгч, хоёр ахтай, айлын бага хүү.
-Аав ээж, ах эгч нарын гар дээр ёстой нэг бөмбөрч өсч дээ?
-Их ч эрхэлж дураараа өссөн дөө. Балжиннямын эрх хүү гээд фермийнхэн анддаггүй байсан. Гэхдээ эрхэллээ гээд буруу явчихаагүй ээ. Аав ээж минь ухаантай хүмүүс байсан болохоор зөв эрхлүүлж, багаас амьдралын ухаанд сургасан гэж боддог. Жаахан томроод ирмэгцээ морь уядаг болсон. Аав минь Дамдинсүрэнгийнх гэдэг айлаас халзан цавьдар морь худалдаж авч, би тэр морио Дамдинсүрэн гуайнд очиж уяна аа. Миний халзан цавьдар айргийн таваас доошилдоггүй хурдан хүлэг байсан. Шагналд нь олон ч дугуй булантай цай ирсэн дээ. Бас хадланд явна. Би ер нь хар ажилд сайн шүү. Ямар ч ажлыг голохгүй хийж л орхино.
-Хүүхдүүдээ ажил амьдралын захтай өсгөнө гэдэг мундаг ухаан шүү.
-Одоо ч жолооч нараа дагуулаад хадланд явдаг. Би аав ээж, ах эгч нарын хайранд өлгийдүүлж өссөн азтай хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч болохоор хүн мөстэй явахсан гэж хичээдэг. 1970 онд ээж минь намайг төрүүлээд 20-иодхон хоноод өөд болж, улаан нялзрай өнчирч хоцорсон намайг аав ээж хоёр минь садангаасаа өргөж авч л дээ. Ингэж л Жамцын Балжиннямын бага хүү нь болсон намтартай.
-Аав ээжийнхээ тухай дурсаач. Аавыг тань бичиг номонд мэргэн хүн байсан гэж ахмад буурлууд андахгүй юм билээ?
-Сумын баруунтаа Гүнцэнгэлэг нуурын хойхно Гуталчийн тасаг гэж байлаа. Тэнд манайх нутагладаг байсан. Ээж маань саалийн фермд саальчин Янжмаа гэж ажилсаг сайхан эмэгтэй байлаа. Манайх амттай еэвэн хийдэг айл байсан. Бидний үеийнхэн мэднэ дээ. Цагаан сараар манайд очиж бэлгэнд еэвэн авцгаадаг байсан юм. Аав харин бичгийн хүн. Манай сумынхан ааваар өргөдөл бичүүлэх нь их. Аавыг Сум нэгдлийн орлогч байхад даргаар нь ажиллаж байсан Вандын Цэрэндорж гуай Хөдөлмөрийн баатар болж байсныг би тод санадаг юм. Одоо ч манайд аавын минь захиж хэлж сургасан гар бичмэл, тун нямбай хөтөлж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь хадгалаатай бий. Сүүлд би Санхүүгийн сургууль төгсөж ирчихээд хятад сампингаар тоо цохиж байгаа аавтайгаа тооны машинаар уралдаад ч бардаггүй байсан ш дээ. Одоо аавыг хамгийн сайн мэдэх хүн гэвэл Татварын хэлтэст ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ суусан Сүхбаатар гуай л байна даа. Энэ жил манай сумын 80 жилийн ой болно. Тэгээд би сумын Худлдаа бэлтгэлийн ангийг хувьчлагдахаас нь өмнө даргалж байсан Борын Дулмаа гуайтай хамтарч "Эргэн дурсах он жилүүд” ном гаргахаар зэхэж байна. Энэ байгууллагыг миний аав нэгэн цаг үед удирдаж явсан юм.
-Ном эрдэмд хэрхэн шамдав? Хожим тэгээд санхүүгийн мэргэжил эзэмшсэн үү?
-Сумандаа наймдугаар анги төгсөж, Баян-Уулын арван жилийн сургуулийг дүүргэсэн. Тэр үед чинь Цагаан-Овоо, Баяндун, Эрээнхорооны хүүхдүүд Баян-Уулд ирж, 10-р ангиа төгсдөг байсан ш дээ. 1986 онд 8-р ангиа төгсөж сумаасаа гараад, Баян-Уулд 2 жил суралцаад Санхүү Эдийн засгийн дээд сургуульд Үйлдвэрлэлийн нягтлан бодогч мэргэжил эзэмшиж, аймгийн төвд төвхнөсөн. Уг нь би Эрхүүгийн автын ангид суралцах гэж байсан ч тоо тооцоотой амьдралаа холбох хувьтай байж дээ.
-Тэгээд яаж яваад санхүүгийн хүн болж орхив оо?
-10-р ангиа онц төгсөөд Эрхүү хотын Авто замын инженерийн ангид конкурс өгсөн л дөө. Тухайн үед гурван хичээлээр шалгалт авдаг байлаа. Гэтэл би юу ч хийхгүй суусаар байгаад хамгийн сайн хичээл дээрээ уначихсан. Шалгалтанд орохоос гурав дөрөвхөн хоногийн өмнө ээж минь нартаас буцсан юм. Тэгээд энэлж шаналсан надаас тоо бодож толгойгоо ажиллуулах тэнхэл гараагүй юм байлгүй. Харин Буягаа ахын аав Батсүх гуай энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Энэ хүн насаараа аймгийн Захиргааны Санхүү төрийн сангийн хэлтэст нягтлан хийсэн хүн. Аав минь ч өөрөө тоо тооцооны талын хүн. Тэгээд л энэ мэргэжлийг эзэмшсэн. Оюутан болж очоод удалгүй 2 жилийн цэргийн албанд мордож, сургуулиа 1992 онд төгсөөд аймагтаа ирсэн.
-Бас эр цэргийн алба хаагаад амжиж. Албаа хаана хаав?
-Зүүнбаянд. 1988 онд Зүүнбаянгийн Зенит артелерийн 139-р ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байгаад сүүлд жагсаалын дарга болж халагдсан. Жагсаалын дарга байхдаа 130-аад цэрэг командалчихна аа бас. Анхны 2 жилийн цэргийн алба манай оныхноор эхэлсэн. Цэргийн амьдрал ер нь гоё ш дээ. Амьдрал үзнэ, үг даадаг болно, дээд оныхноос шанаа авах бол энүүхэнд. Даваад л гараад ирнэ. Тэр үед Зүүнбаянд 20-иод мянган цэрэг байлаа ш дээ. Тэр олон аавын хүү чанга хатуу гараар барихаас яахав дээ. Генерал уул /Хар уул/-ын өвөрт манай хээрийн сургуулилтын талбай байсан. Тэр талбайг Динго гэдэг овчарктайгаа 3 сар манаж байлаа. Цэрэгт байхад манай ангийн охид ээлжлээд эргэж ирнэ. Ангийнхнаасаа захиа их авна аа. Тийм эе эвтэй хамт олон байсан даа манай ангийнхан. Дорноговьд манай ангиас 8 охин анагаахын чиглэлээр суралцдаг байсан юм. Тэр хэд маань амралтын өдөр алгасалгүй эргэж ирнэ. Эхнэр бид 2 нэг анги болохоор одоо ч арван жилийнхэнтэйгээ сүйд байдаг юм.
-Ангиасаа гарсан хосууд байх нь. Дашрамд гэр бүлээ танилцуулаач.
-Эхнэрийг маань Эрдэнэчимэг гэдэг. Баян-Уулын сургуулиас л нэг ангид орсон хоёр доо. Хар багын юм болохоор зан зангаа мэдээд амар ш дээ. Хоёр охин, нэг хүүтэй. Том охин маань одоо Шанхайн их сургуульд ОУ-ын эдийн засагч мэргэжлээр суралцаж байна. Хүү ирэх жил дунд сургуулиа төгсөнө. Бас л санхүүгийн чиглэлийн хүн болмоор шиг ярина лээ. Амьдралд ер нь ханийн түшиг тулгуур, хайр халамж гол нуруу болдог шүү дээ. Хань минь багадаа өнчирч, 11 дүүдээ ээж шиг нь байж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн мундаг эмэгтэй бий. Миний өдий зэрэгтэй явахад ханийн минь ухаан их байсан. Бид 2 чинь буудлын 8 м.кв-аас амьдралаа эхэлсэн. Тэр байраа 2х3-ын хэмжээтэй хивсээр худалдаж авсан гэвэл чи итгэх үү. /инээв/
-Ажил амьдралаа яаж өөд нь татав? Яг л зах зээлийн үе таарч дээ.
-Чимэгээ бид хоёр анх 1-р байшинд хүргэн ахынхаа хажуу өрөөнд амьдардаг байсан. Удалгүй тэндээсээ Хэрлэн зочид буудлын баруун гуянд нэг умгар өрөөнд өрх тусгаарласан. Манай хүн багш мэргэжилтэй. Төгсөөд том охиноо төрүүлсэн болохоор шууд ажил хийх боломжгүй байлаа. 1992 онд анхны охин маань мэндэлсэн.
-Танай үеийнхэн ганзагын наймаагаар босч ирсэн байдаг. Та?
-Наймаанд бол ёстой яваагүй ээ. Мөрөөрөө л ажлаа хийсэн. Сүүлийн үед бол яахав найз нөхөдтэйгээ нийлээд барилгын хөрөнгө оруулалтын чиглэлээр бас ажиллаж байгаа. Аав надад мөнгөн эмээл, хазаараа өгч, би тэрийг нь эр үхрээр арилжчихаж билээ. Тэгээд үхрээ махалж зараад мөнгөөр нь гэртээ "Рекорд-345” хар зурагт, дамбаа цагаан хөргөгч авсан. Тэр үед ч бас амьдрал хүнд байсан ш дээ. Байсгээд л тог тасарна. Буудлын коридорт тоосго өрж байгаад аргал түлээд л хоолоо хийнэ. Оюутан байхад ч гэсэн тэтгэмжээс өөр мөнгө гээд байх юмгүй. 10-р хорооллоос Арслантай гүүр хүртэл сүнгэнэтэл алхчихдаг л байсан шүү дээ. Хонхны баяраар ахынхаа ботинкыг гуйж, багадаад байхад нь чихэж өмсчихөөд явж байлаа ш дээ /инээв/. Дөнгөж төгсөж ирээд одоо энэ Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Сараагийн аав Баяраа гуайн удирдлаганд Хяналт шинжилгээний албанд 3 сар ажиллаад Уурхай руу шилжсэн. Буудалд 4 жил амьдраад тэр үеийн уурхайнхан амьдардаг байсан 11-р байр руу нүүж орсон. Амьдралын эхэн дутуу гучуу байсаан байсан. Нэг санаанаас гардаггүй юм ярьчих уу?
-Тэг л дээ.
-Бид хоёр мөнгөгүй болчихдог юм. Хоол хийх гэсэн чинь давс ч алга. Давс авах мөнгө ч байхгүй. Цагаан давс 10 төгрөг байлаа ш дээ. Манай орцны 5 давхарт уурхайн Даваадорж гуайнх байсан юм. Шилээ маажаад л тэднийх рүү орж явчихлаа. Ямар 10 төгрөг зээлээч гэлтэй биш. Түгдчиж байгаад л "Даваадорж гуай 50 төгрөг зээлээч” гэсэн чинь гаргаад л өгсөн. Гүйж гараад л давс авсан юм даг. Энийг ер мартдаггүй юм. Бас нэг удаа юу авах гээд хэрэг боллоо доо. Буяндэлгэр ахын эхнэр гаалийн Алтаа эгчээс 300 төгрөг зээлж, надад боодол 3-тын дэвсгэрт өгч байж билээ.
-Биднээс дээшхи үеийнхэн хоёр талаасаа хоосон нийлээд л амьдралаа босгосон түүх ярьдаг.
-Хөлс хүчээрээ босгосон хамтын амьдрал тийм амар бутарна гэж үгүй. Одоо ч тэгээд хүүхнүүд нөхрөөсөө их зүйл шаарддаг болж дээ. Анх суухад л бүх юм бэлэн байх ёстой гэдэг болсон шиг байна. Би хүүхдүүддээ хэлдэг. Та нар, та нарын үр удам өрсөлдөөний дунд амьдарна аа. Хэн ажилсаг хөдөлмөрч, мэдлэг боловсролтой, хичээнгүй байна, тэр хүн амьдарна гэж. Том охиноо би 8-р анги төгсөнгүүт нь Турк сургуульд оруулсан. Өөрөө тэнд биеэ даагаад амжилттай суралцаж МУИС авсан ч, гадагшаа сурах сонирхолтой байна гэхээр нь зардлыг нь даагаад Шанхай руу 1 жилийн хэлний бэлтгэлд явуулсан. Харин охин тэндээ шалгалт өгч тэнцээд 100 хувийн тэтгэлэгт хамрагдаад суралцаж байгаа. Биеэ дааж л байг гэж боддог.
-Дотнын сайн найз гэвэл хэн хэн байна?
-Сайн найз уу, байгаа байгаа. Багаасаа найзалсан гэвэл Нисэхийн үйлчилгээний ажилтан Базаррагчаа маань байна. Эхнэр нь Прокурорын нягтлан Одгэрэл гэж бий. Аудитор Одхүү гээд байна. Эхнэр нь Доржханд Хүүхдийн тасгийн сувилагч. Бид арван жилийн нэг ангийнхан.
-Дууяа эгчийг дурсмаар санагдлаа. Та тэр тусмаа энэ хүний тухай ярихгүй өнгөрч боломгүй санагдаад асууя гэж бодлоо.
-Эгч шиг, ээж шиг минь тийм эрхэм хүн байсан даа. Гашуун ундаанд ороод алдаж онож явсан үе надад бий. Тэр болгонд засаж залж, ухааруулдаг сайхан эмэгтэй байж билээ. Одоо ч эгчийгээ сэтгэлдээ хайрлаж хүндэлж явдаг. Ёстой нэг орой руу ортол, ахиж амсахгүй болтол хэлнэ шүү дээ. Хэн ч тусламж хүсээд очсон, үгүй гэж хэлдэггүй хүн байсан даа. Би ч хүү шиг нь л байдаг байлаа ш дээ. Амьдралын зөв замыг минь зааж өгсөн эрхэм хүн.
-Ном хэр уншиж байна?
-За даа, сүүлийн үед ч номноос хөндийрч байх шив дээ. Цахим ертөнцөөс тэр өдрийнхөө мэдээллийг авчих юм. Харин зав зай гарвал фитнесст явж, эрүүл мэнддээ анхаарч байгаа даа.
-Ажлын ачаалал ихтэй юу?
-Гайгүй ээ. Станцад бол нэлээд ачаалалтай ажилладаг байсан. Ачаалалтай байхаас ч аргагүй газар л даа. Ер нь тэгээд ачаалалтай байсан ч хугацаанд нь ажлаа хийж гүйцэтгээд явахад хэцүү нь юу байхав. Миний хувьд ямар ч ажлыг болж өгвөл товлосон хугацаанаасаа өмнө дуусгачихаад сууж байх дуртай хүн. Залуудаа хийсч явдаг яаруу адгуу зантай байсан. Одоо харин тайван тогтуун болоод байгаа.
-Ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр ямар зарчим баримталдаг вэ?
-Нэг ийм үг байдаг. Хээрийн үгийг гэрт битгий хэл, гэрийн үгийг бусдад битгий хэл гэж. Эр хүн дүн нуруутай байх нь чухал юм даа.
-Уурхай гэдэг буянтай газар таны амьдралд өгөөжээ өгчээ. Би яагаад буянтай гэж тодотгож байна гэхээр манай аймаг шиг ийм ойрхон уурхайтай, эрчим хүч, түлш нүүрсээ хямд үнээр авдаг аймаг Монголд байхгүй. Анх ямар албан тушаал дээр томилогдож байв?
-Тооцооны нягтлан бодогчоор ажлынхаа гарааг эхэлж байлаа. Энэ ажлаа 5 жил хэртэй хийгээд 1997 онд тухайн үеийн Дулааны цахилгаан станцад Төлөвлөлт санхүү бүртгэлийн хэлтсийн дарга буюу Ерөнхий нягтлан бодогчоор томилогдож, 2010 он хүртэл ажилласан даа. Тэндээсээ буцаад уурхайд ирсэн. Эрчим хүчний салбартаа өнөөдриийг хүртэл ажиллаж явна. Мэргэжлийн хувьд надад зааж сургасан хүн бол Ерөнхий нягтлан бодогч асан Моломын Цагаан гуай. Бараг 30-аад жил ажилласан хүн шүү дээ. Тэр үед компьютер гэж байсан биш. Бүх юмыг гараараа л бичнэ. Их л нягт нямбай байхыг сурч, цалгардуулахгүй авч явахыг одоо ч хичээдэг.
-Ярилцлагаа ажил руу тань хөтлөе. Та энэ их айлын санхүүг зохицуулдаг хүн. Танай ажилчдын дундаж цалин хэдэн төгрөгт хүрээд байна?
-Манай дундаж цалин 1 сая гаран болоод байгаа. Орон нутгийн уурхайнуудын хэмжээнд бол өндөр шүү. Ажилласан жилийн урамшуулал, хамтын гэрээний журамд нэлээд өөрчлөлт оруулж, тэтгэмж буцалтгүй тусламжийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны 12-р сарын 1-нд "ДБЭХС” ТӨХК-д нийлүүлж байгаа 1 тн нүүрсний үнийг 3000 төгрөгөөр нэмснээр уурхайн жилийн борлуулалт тэрбум гаруй төгрөгөөр өссөн. Ер нь ажилчдынхаа нийгмийн асуудалд нэлээд анхаардаг. 2006 оноос Уурхайчин хорооллыг барьж, ажилчид маань тийшээ орцгоосон. Ямар ч хүүгүйгээр 5 жил төлөөд л байртай болцгоож байна. Монголд байгаа уурхайнууд дотор станцдаа хамгийн ойрхон нь манайх ш дээ. Хамгийн бага үнээр нүүрсээ өгч байна. Тээвэрлэлтээ өөрсдөө хариуцдаг. Одоогийн байдлаар 160 гаруй хүн ажиллаж байгаа. Туслах аж ахуйтай, хажуудаа тоосгоны цех ажиллуулж, хамгийн хямд үнээр тоосгоо борлуулж байна. Аж ахуйн талын нэлээд ажил хийж байгаа шүү. Нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс тусламж дэмжлэг хүсээд ирж байгаа хэн бүхэнд нөөц боломжийн хэрээр туслахыг л хичээдэг.
-Нэг ийм юм асууя. Өнөөдрийн байдлаар "Адуунчулуун” ХК-ийн хувьцааг хичнээн хүн эзэмшиж байна вэ? Мэдээж хамгийн их хувьцааг Б.Шатар, Ц.Шинэбаяр нар эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчид хэр хэмжээний ашиг орлого хүртэхэв?
-Энэ бол хувьцаат компани. Дийлэнх хувьцааг таны хэлснээр Шатар дарга, Ц.Шинэбаяр нар эзэмшиж байгаа. Цаана нь өнөөдрийн байдлаар 1197 хувьцаа эзэмшигч байна. Энэ хүмүүс ногдол ашгаа авдаг, үнийн түвшин нэмэгдэх тусам тэдний ногдол ашиг нэмэгддэг. ТУЗ-дөө 9 хүнтэй. Сүүлийн үед манай компани цалин хөлсөө нэмэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхэд багагүй анхаарч байна. Гаднын ямар нэгэн хөрөнгө оруулалт, урт хугацааны зээл "Адуунчулуун”-д байхгүй. 5-10 сард хөрс хуулалт явагддаг. Энэ үед ачаалал ихтэй, үйл ажиллагааны зардал өндөр гардаг л даа. Хөрс хуулалтын ажлаа хийж байж, нүүрс гаргана. Тухайлбал, 500 мянган тн нүүрс жилд олборлох төлөвлөгөөтэй бол дор хаяж 1,2 сая куб.метр хөрс хуулах хэрэг гарна. Тэгж байж нүүрс ил болдог. Бороо ус их үед ажил зогсоно. Яг л мөнчгөрөөрөө ажиллаж байна даа. Станцад өргөтгөл хийгдээд ирэхээр Адуунчулууны уурхайн хүчин чадал нэмэгдэнэ.
-Та хувьцаа эзэмшдэг үү?
-Бага сага юм бий.
-Шатар даргын дэргэд их юм сурч байна уу. Эрчим хүчний салбарын "нэвтэрхий толь”-иудын нэг шүү дээ.
-Амьдралын ухаан ихтэй, мундаг түшигтэй хүн дээ. Эрчим хүчний салбарт олон жил ажилласан болохоор бидэнд түүнээс сурах юм мундахгүй. 2002 оноос хойш уурхайн захирлаар ажиллаж байна. Би 2010 онд Станцаас гарчихад Шатар даргатай ирж уулзаж, энд ажиллаж эхэлсэн. Ороод удаагүй л байсан даа, дарга асууж байна. Хэдэн сая цахилгаан эрчим хүч үйлдвэрлэв гэхчлэнгээр станцын ерөнхий дүн мэдээллийг надаас авч байгаа нь тэр. Тэгснээ тооны машин дээр бодож үзээд л "За, танай жилийн борлуулалтын орлого ийм байгаа юм байна” яг л гаргаад ирж байгаа юм даа. Одоо ч тэр хэвээрээ. Хааяа өдөр шөнийн ачааллыг нь бодож л суудаг юм.
Бид цаг гаруй ярилцав. Амьдралдаа ингэж их удаан хэн нэгэнд "байцаагдаж” байгаагүй гэнэ. Нээрэн ч адгуу яаруу зантай даг шүү Энхбаатар ах. "Ярих зүйл дууслаа” гэснээр бидний ярилцлага өндөрлөв.
Д.Дэлгэрмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих