Хятадын дарга Си Зиньпин энэ сарын 22-ноос АНУ-д ажлын айлчлал хийж буй. Гэвч айлчлалын үеэр хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй олон асуудал гарч эхэллээ. Үүний нэг нь Хятадад ажил эрхэлдэг Америк эмэгтэй тагнуулын хэргээр баривчлагдаж, зургаан сар хоригдож байгаа явдал байв.
Тодруулбал, Санди Фан Гиллис гэгч эмэгтэй энэ удаа тагнуул хийж байсан гэх үндэслэлээр баривчлагдан хоригдож байгаа аж. Эдүгээ түүнийг суллуулахыг шаардсан вэб сайт хүртэл байгуулагдсан бөгөөд "Сандиг аврая” буюу "savesandy.org” сайт энэ мэдээллийг хүргэлээ. Тус вэб сайтад бичигдсэнээр Фан Гиллис бүсгүй өнгөрөгч гуравдугаар сард Хятадын Үндэсний аюулгүй байдлын албаныханд баривчлагдаж, "тагнуул хийж, үндэсний нууц мэдээллийг задруулсан” гэх үндэслэлээр саатуулагджээ.
АНУ-ын Техас мужийн Хюстоны Олон улсын худалдааны байгууллагын гишүүн тэрбээр Хюстон дахь худалдааны төлөөлөгчийн байгууллагын гишүүн болж, Хятадад очсон байна. Улмаар очсоныхоо дараахан тусгай захиргааны бүс болох Макао руу нэвтрэх гэж байхад нь түүнийг баривчилжээ. Нийт таван хүний бүрэлдэхүүнтэй худалдааны төлөөлөгчийн байгууллага Бээжин, Гуанзоу, Шэньчжэнь зэрэг Хятадын бусад хотуудад ажиллаж байгаа ч, зөвхөн Фан Гиллис гэгч эмэгтэйг л баривчилсан гэнэ. Дээр нэрийг нь дурьдсан вэб сайтад эмэгтэйн нөхрийнх нь ярилцлага хүртэл нийтлэгдсэн байх бөгөөд нөхөр нь "Санди тагнуулч ч, хулгайч ч биш” хэмээн яриандаа онцолсон байгаа юм. Мөн ямар нэг мэдээллийг интернэтэд тарааж, дэлгэсэн баримт сэлт эдүгээг хүртэл байхгүй боловч чухам ямар учраас баривчилсан нь учир битүүлэг байна. Нөгөө талаар Хятадын байлдааны онгоц болон АНУ-ын ажиглалтын онгоц олон улсын агаарын бүсэд шүргэлцэх дөхөв.
Тодруулбал, Хятадын байлдааны хоёр онгоц шар тэнгис дээгүүр олон улсын агаарын бүсэд АНУ-ын ажиглалт хийж явсан онгоцтой маш ойрхон зөрж, сандаргасан тухай Америкийн албаныхан мэдээлсэн байна. Энэ явдал Си дарга АНУ-д өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр хүлгийн жолоо залсан эхний өдөр болжээ. Өмнө нь ч гэсэн ийм явдал болж байв. Энэ сарын 15-ны өдөр Хятадын мөн л хоёр байлдааны онгоц АНУ-ын цэргийн ажиглалтын RC135 загварын онгоцны явах замд саад хийж, урд нь хөндөлдсөн тухай ч мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьж байсан юм. Тухайн үед АНУ-ын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч Петер Күүк тодорхой зүйл хэлж чадахгүй ч ийм явдал болсон нь үнэн хэмээн баталж байсан.
Тэрбээр "Манай нисгэгчид Хятадын онгоц урд нь хөндөлдөж, замыг нь хаасан гэсэн мэдээллийг ирүүлсэн” гэж сэтгүүлчдэд ярьж байв. Ямартай ч ийм явдал гарч, олон нийтийн анхаарлыг татсанаар Хятадын дарга Си Зиньпиний АНУ-д хийж буй айлчлал олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд ялангуяа хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хоорондын яриа хэлцэл анхаарлын төвд байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрөгч мягмар гарагт айлчлалаа эхлүүлсэн. Тэрбээр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо Ерөнхийлөгч Б.Обаматай хийх уулзалтаасаа урьтаж, Сийтл хотноо зочилсон юм.
Түүнийг тэргүүн хатагтай Пэн Лиюань дагалдан яваа. Тэд Сийтл хотын нисэх буудалд газардаж, харин албаны хүмүүс улаан хивс дэвсэн ёслол төгөлдөр угтан авчээ. Си Зиньпиний АНУ-д хийх айлчлалынхаа үеэр амжуулах томоохон ажлын нэг нь Сансрын хөлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Боинг, эдүгээ программ хангамжийн салбартаа дэлхийд "толгой цохиж” буй Майкрософт, кофений томоохон сүлжээ Старбакс зэрэг тус улсын томоохон үйлдвэр, компанийн удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж буй явдал юм. Харин өнөөдөр тэрбээр нийслэл Вашингтон хотноо дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Си даргын хувьд АНУ, Хятадын найрамдалт харилцааг чухалчлан ярилцахыг эрмэлзэж буй бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд дээд дурьдсан цэрэг хүчний харилцаа, сөргөлдөөнөөс эхлээд хүний эрхийн асуудал, цахим тагнуулын хэргийн талаар Хятадын төрийн тэргүүнтэй хэлэлцэхийг илүүд үзэж байгаа тухай зарим мэдээллийн агентлагууд дамжууллаа. Ямартай ч Си даргын энэ удаагийн АНУ-д хийж буй айлчлалаар дэлхий нийтийн анхаарлыг татсан олон асуудал хэлэлцэгдэх нь.
Б.ДАВААХҮҮ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11543
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих