Өнгөрсөн бямба гарагт Шарм эль-Шейхийн Улаан Тэнгис амралтын газраас
хөөрч, Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж
явсан Оросын онгоц Египетийн Синайн хойгийн уулархаг бүсэд осолдлоо.
Ослын үеэр 217 зорчигч, хөлгийн долоон гишүүн бүгд амь эрсэдсэн байна. Энэ бол ОХУ-ын иргэний агаарын тээврийн түүхэнд гарсан хамгийн том осол аж.
Өчигдөр Египетийн аврах багийнхан онгоц осолдсон газарт хүрсэн бөгөөд онгоцны нэг хар хайрцаг болон 129 зорчигчдын цогцсыг Каир хот руу илгээжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 162 хүний цогцсыг ОХУ-руу явуулсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Египетийн Иргэний нисэхийн хүчний сайд Хоссам Камил "Онгоц осолдохоос өмнө хэвийн бус зүйл байгаагүй. Гэнэт л радараас алга болсон” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Харин ОХУ-ын Тээврийн яамны сайд Максим Соколов "Террористууд зенитийн пуужин ашиглан онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдэж байгаа ч тодорхой баримт байхгүй байна” гэж РИА Новости агентлагт мэдээлжээ.
Мөн онгоц сүйрэх үеэр цаг агаар таатай байсан гэж CNN, Интерфакс зэрэг томоохон агентлагууд мэдээлж байна. Юутай ч Эмират, Эйр Франц, Люфтханза гэсэн агаарын тээврийн гурван том компани Синайн хойгийн дээгүүр нислэг үйлдэхийг түр хугацаагаар хориглоод байгаа юм.
-В.Путин яаралтай мөрдөн байцаалт явуулахыг даалгажээ-

Нислэгийн үед хөөрөх болон газардах үйл явц хамгийн эгзэгтэй, аюултай мөч байдаг. Гэтэл 9500 метрийн өндөрт нисч явсан онгоц гэнэт сүйрсэн нь ер бусын тохиолдол гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ослын газар яаралтай мөрдөн байцаалт явуулахыг Ерөнхий сайд Дмитрий Медведевт даалгажээ.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиси ОХУ-д эмгэнэл илэрхийлээд "Нээлттэй мөрдөн байцаалтын ажилд ОХУ-аас аль болох олон шинжээчийг оролцуулна” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар холбогдож эмгэнэл илэрхийлсэн бөгөөд АНУ шаардлагатай нөхцөлд тусламж үзүүлэхэд бэлэн гэжээ.
-Зорчигчдын дунд 25 хүүхэд байжээ-

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ням гарагт улс орон даяар гашуудал зарлалаа. Мөн тэрээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
А-321 онгоцонд хөлгийн долоон гишүүн, 217 зорчигч байжээ. Египетийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар ОХУ-ын 213 иргэн, Украины дөрвөн иргэн байсан гэж байгаа бол Оросын тал хохирогчдын дунд Беларусийн нэг иргэн байсан гэх мэдээллийг өгч байна. Египетийн Ерөнхий сайд Исмаил Шариф ослын газраас 129 хүний цогцсыг олсон, тун удахгүй Каирт авчирна гэж мэдэгдлээ.
Хамгийн харамсалтай нь зорчигчдын дунд 25 хүүхэд байжээ. 10 сартай бяцхан охиноос эхлээд 2-3 настай эгч дүүс хүртэл зорчиж явсан байна.
-Эхний бөгөөд эцсийн нислэг-
Жижигхэн алгаараа цонх түшиж, нислэгийн зурвасыг сониучирхан харж буй бяцхан охин. Хорвоод мэндлээд ердөө 10 сар гэрэлт нарыг харсан Дарин анхны нислэгээ хийхээр хүлээж зогссон нь энэ ажээ.

Алекс, Таня хоёр жил гаруйн өмнө гэрлэлээ батлуулсан залуухан хосууд бөгөөд хуримын ойгоо тэмдэглэхэээр аравдугаар сарын 15-нд Египетэд ирсэн байна. Тэд Улаан тэнгисийн Шарм эль-Шейн гэх амралтын газар хоёр долоо хоног амраад буцаж явахдаа ийнхүү харамсалтайгаар амь эрсэдсэн байна.

Airbus-A321 онгоцонд зорчиж явсан 25 хүүхдийн нэг бол Анастасия Шейна юм. Охин өнгөрсөн гуравдугаар сард гурван нас хүрчээ. Охины эцэг эх болох Юрий, Ольга нар хуримынхаа дөрвөн жилийн ой, танилцсаныхаа 10 жилийн ойг тэмдэглэхээр Египетийг зорьсон аж. Ээж ааваасаа алхам ч холдож үзээгүй бяцхан Настья уг аялалыг сэтгэл догдлон хүлээж байсан гэнэ. Аравдугаар сарын 31-нд орон нутгийн цагаар өглөөний 06:40 цагт Ольга Шейна "Бид гэр рүүгээ харьж байна” гэсэн тайлбартай нөхөр охин хоёрынхоо зургийг цахим хуудсандаа тавьжээ. Энэ жаргалтай гэр бүл гэртээ хэзээ ч эргэж очихгүй гэдгээ даанч мэдсэнгүй.

Сэтгэл шимшрэм түүхүүд үүгээр зогссонгүй. Санкт-Петербургийг зорьж явсан онгоцонд Псков хотын дэд дарга Александр Копылов сууж явжээ. Тэрээр өмнө нь хайртай эхнэрээсээ хагацаж, сэтгэлийн шарх амссан нэгэн байж. Харин Елена Мелникова гэх бүсгүйтэй танилцсанаас хойш амьдрал нь эрс өөрчлөгдсөн байна. Бүсгүй түүний туулж өнгөрүүлсэн аймшигт зовлонг мартуулжээ. Александр Копыловын найз болон хамтран ажиллагсдын ярьж буйгаар хосууд хамтдаа байхдаа туйлын аз жаргалтай, нүдэнд нь үргэлж баяр баясал тодордог байсан гэнэ. Тэрээр амлалтаа биелүүлэхийн тулд Елена дагуулан далайг зорьжээ.
"Энэ мэдээг сонсоод итгэж ч чадахгүй байна. Үнэхээр цочирдолд орлоо. Александр эхнэртээ бэлэг барихыг л хүссэн. Еленагийн төрсөн өдөр гурав хоногийн өмнө болсон юм” гэж Псков хотын дарга Ива Цецерский ярьжээ. Елена гурван жилийн өмнө Шарм эль-Шейн амралтын газар эцэг эхтэйгээ амарч байсан бөгөөд энэ удаад хайртай хүнтэйгээ амрахыг хүссэн байв.
Яг одоо Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудал дээр 224 хүний ар гэр, хамаатан садан хэн, хаанаас, юу гэж мэдээлэхийг сэтгэл түгшин хүлээж сууна. Хүүхдүүд эцэг эхээ, хүмүүс хайртай хүнээ, ах дүүгээ, найз нөхдөө хүлээнэ.

Тэдний дунд Ирина хэмээх нэгэн бүсгүй найзыгаа хүлээж зогсоно. Магадгүй тэр хохирогчдын нэрсийн жагсаалтанд ч бичигдэж болох аймшигт нислэгт суух байжээ. Бүсгүй Шарм эль-Шейн амралтын газар найзтайгаа амарч байсан бөгөөд хамт буцахаар төлөвлөж байсан аж. Гэвч нөхөр нь Иринаг хэдэн өдрийн өмнө буцаж ирэхийг ятгаснаар бүсгүй амьд гарчээ.
Б.Саруул
-Тэд хэн байв-

-5 настай Алена Мойсеева амиа алдсан 25 хүүхдийн нэг юм-

-Антон Богданов хэмээх хүү гэм зэмгүй 25 хүүхдийн нэг байсан аж-

-Алексей Громов, Татьяна Громов нар тун удахгүй үрийн зулаа үнэрлэх гэж байжээ-

-Залуу бүсгүй Виктория Инстаграмдаа хамгийн сүүлдээ энэ зургийг нэмжээ-

-Юрий Шейн бага охин Анастасиятайгаа онгоцонд суухаас өмнө-

-Хуримаа хийгээд удаагүй байсан Громовынхон амиа алдсан 224 зорчигчдын хоёр нь ажээ-

-Ольга Шейна мөн л А-321 онгоцонд сууж явжээ-

-Юлия Санкт-Петербург дахь гэртээ харихаар онгоцонд суужээ-

-5 настай охиныхоо хамт зорчиж явсан Елена Мойсеева-

-Үзэсгэлэнт бүсгүй Мария Ивлева-

-Ид хийж бүтээх насан дээрээ явсан Валера Канткерова-

-Александра Илларионова-

-Валера Богданова-

-Анастасия Богданова-

-33 настай Денис Глидаев-

-42 настай Юлия Герасина-
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих