"Өвөг дээдсийнхээ цусаа урсган хамгаалж үлдсэн газар нутгийг
гаднынханд хэдэн арван мянган га-гаар нь өгснийг монголчууд саяхан л
мэдсэн. Хэрэв Халхголд "Чөлөөт бүс” байгуулах асуудал яригдаагүй бол
гаднынхан "гар,хөл”-өөрөө дамжуулан мэрсээр байгаад Халхголын газрыг
бүрэн эзэгнэх байжээ.
Юун 500 мянган га, юу ч үлдээхгүй гаднынханд өгөх байж. Үүний дэргэд "Халхгол чөлөөт бүс”-ийн асуудал бол харин ч газар нутгаа хамгаалж үлдэх зөв гарц, гаргалгаа ч байж мэднэ. Тиймээс энэ талаар газар дээрээс нь буюу Халхгол суманд очиж сурвалжиллаа. Ерөнхийдөө Халх голынхон "Чөлөөт бүс” байгуулах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр талд хуваагджээ. Энэ дунд бас яах учраа ч олохгүй, бусдыгаа даган хуйларч байгаа хэсэг ч байна.
Эсэргүүцэгчид нь "Халх голын 500 мянган га-г өнөөдөр хашна, маргааш сумаар нь хашна” гэхчлэн эрүүл хүний ухаанд багтамгүй фантааз үлгэрээр бусдынхаа тархийг угаахыг оролдох аж. Арай аядуу хэсэг нь "Хамгийн үржил шимт хөрстэй газар нутаг руугаа гар дүрлээ, цөлжилт хаяанд ирлээ” гэсэн болгоомжлолоо илэрхийлэх ажээ. Үнэндээ бол Халхгол суманд бодит байдал хэрхэн өрнөж байна вэ. Үүнд хариулт эрж энэхүү сурвалжлагыг бэлдэв.
Баримт 1. Халхгол сумыг зорих зам зуурт хуучнаар Сүмбэрийн сангийн аж ахуйн ойр орчимд том томоор нь бухалдаад орхисон өвснүүд таарав. Саяхан орон нутгийн телевизээр "Хятадууд хэдэн зуун тонноор нь хадлангийн өвс бухалдаад тавьчихсан” хэмээн мэдээлж байсан нь үнэн бололтой. Орон нутгийн иргэд ч хятадууд механикжсан бригад оруулж өвс хадсаныг баталж байв. Энэ талаар Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга н.Мөнхтайванаас тодруулахад, "Улсын хэмжээнд өвсний гарц муутай байсан учраас гантай байсан аймгуудад өгөхөөр бэлтгэсэн” гэж байв. Энэ шалтгаанаар 100 мянга орчим га газарт өвс хадах зөвшөөрөл олгосноо ч засаг ноён н.Мөнхтайван хэлсэн юм. Гэхдээ Засаг даргын өгсөн мэдээлэл иргэдийнх нь ярьж байгаатай зөрж байсныг дурдах нь зөв байх. Урд хөршийн компаниуд орж ирээд л өвсийг хэдэн зуун мянган тонноор нь хадчихаад хэзээ хэзээгүй авч гарахад бэлэн болгосныг нутгийн иргэд барин тавин баримт дэлгэн өгүүлж байв.
Баримт 2. Түүнчлэн Халхгол сумын иргэд "Орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ амьжиргааг дэмжиж ажиллах цаг нь болсон. Иргэд орон нутагт хөгжил авчрах зөв бодлогыг бол дэмжинэ. Гаднынханд газар нутгаа өгөх асуудлыг бол дэмжихгүй. Сандал суудалтайгаа зууралдсан даргатай биш сайдтайгаа учраа олчихмоор байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад болно гэгчээр хот хүрээнээс ирсэн элдэв улс нутгийн иргэдийн толгойг эргүүлж, элдэв хурал цуглаан зохион байгуулаад байх юм” гэсэн үгийг төр, засгийн удирдлагуудад дайж байв. Халхгол сумын иргэн н.Мөнхтайван хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд Халхгол сумын удирдлагууд иргэдтэйгээ нэг ч удаа уулзалт хийгээгүй. Үүнийг сумын иргэд батална.
Манай Засаг дарга болон Иргэдийн хурлын дарга нар бараагаа ч харуулалгүй удсан” гэж байв. Түүнчлэн өмнө нь Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан н.Насанхүү төрийн бодлогыг эсрэгээр нь тайлбарлаад олон нийтэд ташаа мэдээлэл өгч төр, ард түмнийг хоёр талд гарган талцуулж байгааг анхааруулсан юм. Өөрөөр хэлбэл, н.Насанхүү дарга нь жагсаал, цуглаан зохион байгуулж гүйгээд байгаад иргэд гайхаж, хэнд үйлчлээд байна вэ гэсэн хардлагатай байгаагаа нуухгүй байв. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд хэлэлцүүлэг дээр бухимдлаа илэрхийлж байсан юм. Энэ бол нэг л жишээ.
Нутгийн иргэд бол газар нутгийнхаа төлөө, сумаа хөгжүүлэхийн төлөө үгээ хэлж байна лээ. Түүнээс Халх голд Чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа нь цөөн юм. Гэтэл газар нутгийг нь 20, 20, 100 мянган га-гаар нь гаднынханд өгчихсөн Засаг дарга нар хэн нэгний зөв, буруу гэж иргэдээ талцуулж суухаас илүүтэйгээр УИХ-ын болон Засгийн газрын шийдвэр улс орны хэмжээнд хэрэгжих учиртай гэсэн ганцхан зарчмыг баримтлах ёстой баймаар.
Баримт 3. Халхгол сумын удирдлагууд нь "Иргэдэд хадлан тэжээлийн зориулалтаар газар олгож байгаа” гэх. Гэтэл бодит байдал дээр хуулиар олгогдсон 0,7 га газраа авах гээд найман жил хөөцөлдөж байгаа нутгийн уугуул иргэн нэг биш нэжгээд таарч байв. Байдал ийм байхад гаднын иргэд ирээд сар ч хүрэхгүйн дотор хэдэн мянган га- гаар нь газар аваад байгааг гайхахаас өөр аргагүй юм. Энэ мэт шалтгаанаас болоод "Газар нутгаа хамгаалах гэдэг иргэдийн сэтгэлгээн дээр хэсэг хүмүүс тоглолт хийчихсэн юм биш биз дээ” гэсэн хардлага төрж байв. Учир нь, төрийн үйлчилгээг түмэндээ хүргэх учиртай засаг дарга н.Мөнхтайван, Иргэдийн хурлын дарга н.Сүхбаатар, Иргэдийн хурлын дарга асан н.Насанхүү нар өнөөдөр гаднынханд газраа тав арван жилээр нь өгчихсөн баримт нь цагаан цаасан дээр хараар бичигдээд холбогдох байгууллага нь шалгаад явж байгаа нь бодит үнэн билээ.
Баримт 4. Халхгол суманд "Байгаль орчныг хамгаалах хөгжүүлэх иргэдийн зөвлөл” Төрийн бус байгууллага тав хоног ажиллажээ. Гэтэл тав хоногийн хугацаанд мэдээлэл туйлын хомс байсан гэдгийг Халхгол суманд ажилласан төрийн бус байгууллагынхан нотолж байна. Мэдээ мэдээллийн хомсдолд орсон иргэдийг цөөхөн хэдэн хүмүүс өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн санаа бодлыг эргүүлсэн юм биш биз гэсэн хардлага төрүүлж байв. Энэ бол энгийн гэхээс илүүтэй бодит үнэн. Үнэхээр ч Халхгол суманд мэдээ мэдээлэл хомсхон нөхцөл байдлаас үүдэлтэй асуудлууд их байна.
Өнөөдөр сум орон нутгийн удирдлагууд иргэдэд өдөр тутмын хэвлэл хүргэж чаддаггүй. Хэвлэл мэдээллээс бодитой мэдээллийг авахыг иргэд хүсдэг ч түүнийгээ авч чадахгүй байна. Товчхондоо бол мэдээлэлгүй газарт мэдээлэлд ойр албан тушаалтнууд эрх мэдэл давуу байдлаа ашиглан сум орон нутгийн иргэдийг хохироосоор байна. Өөрөөр хэлбэл, удирдлагууд нь Халхгол сумыг хаалттай сум болгожээ. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүн ч энэ талаар хэлж байв. Эцэст нь хэлэхэд Халхгол сумын иргэд Чөлөөт бүс байгуулахыг үхэн хатан эсэргүүцээд байгаа зүйл алга.
Буруу зөрүү мэдээллээс болоод эргэлзсэн тээнэгэлзсэн хүмүүс л байна. Харин ч орон нутгийн хөгжилд хэрэгтэй зүйл байвал дэмжээд явна гэсэн байр суурьтай байв. Харин үүн дээр эрх ашгийн тоглолт хийнэ будлиантуулж байгаа хүмүүсийг анхаарах цаг болжээ.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих