Та бүхэн минь өнтөй сайхан өвөлжиж, тарган тавтай хаваржиж байна уу.
Ургах нарны цацрагтай урьтан золгодог Дорнод нутгийн эртэч хөдөлмөрч түмэн минь 17-р жарны Гал бичин жилээ амжилт бүтээлээр арвин угтаж байна.
Өсч үржихийн бэлгэдэл болсон амны хишигтэй Хөхөгчин хонин жилдээ манай аймгийн мал сүргийн тоо 1 сая 554 мянгад хүрч, мал сүргээ таван төрлөөр нь хорогдолгүй өсгөж, улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулсан Баянтүмэн сумын малчин Сайнчгуайн Сүхбаатар, Гурванзагал сумын малчин Доржготовын Батбаяр, Дашбалбар сумын малчин Сундуйн Батцэрэн, Хөлөнбуйр сумын малчин Равдангийн Бадамрагчаа нар Улсын сайн малчнаар тодорлоо. Түүнчлэн Хөлөнбуйр сумын малчин Юмсүрэнгийн Гомбо адуун сүргийнхээ буян заяаг мялааж Алтан унаганы эзэн боллоо.
Байгаль цаг уурын таатай тохиол бүрдсэний хишгээр манай аймгийн тариаланч, хүнсний ногоочид арвин ургац хураан авч, аймгийнхаа үр тариа болон төмс хүнсний ногооны хэрэгцээг дотоод нөөц, хүчин чадлаараа бүрдүүлэх боломжтой боллоо. Дорнодчууд бид тал нутгийнхаа үржил шимтэй хөрсөнд ургасан хадлан тэжээлийн нөөцийг зөвхөн өөрсдөө бэлтгээд зогссонгүй. Дэм дэмэндээ гэсэн Монгол хүний сайхан сэтгэлээр зуншлага тааруу, гантай аймгийн хадланчидтай хамт бэлтгэлээ. Хөдөлмөрч тариаланчдын маань төлөөлөл Халхгол сумын иргэн Бавгагийн Пүрэвсүрэн Улсын тэргүүний тариаланчаар тодорлоо.
Өвгөн жил морилж, өнтөй жил гарлаа. Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хүндэтгэсэн
Монгол Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулуун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих