Сайхан мэдээ: Дорнодын баялаг бүтээгчид татварын 50 хувийн хөнгөлөлт эдлэхээр боллоо
Сар шинийн өмнөхөн УИХ-ын намрын чуулганы хаалтаар "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсан. Хуульд өөрчлөлт оруулснаар, нийслэл Улаанбаатар хотоос алслагдмал бүс нутгуудад тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдлэхээр болсон юм.
Улаанбаатар хотын хүн ам жилдээ 40 мянгаар нэмэгдэж байна гэсэн тоо бий. Энэ бол 2 жилд нэг аймгийн хүн ам тэр чигээрээ нийслэлд шингэж байна гэсэн үг. Төв рүү тэмүүлэх их нүүдлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, иргэд нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд татварын ухаалаг зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс зүүн, баруун, зах хязгаар нутгаас сонгогдсон Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий 16 гишүүн "ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” хуулийн төсөл санаачилж, алслагдсан бүс нутагт татварын хувь хэмжээг бууруулахаар болоод байгаа юм.
Хуульд зааснаар, нийслэл хотоос 550 км-ээс алс зайтай аймгуудын аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараа 50 хувь, 1000 км-ээс дээш зайтай бол 90 хувь чөлөөлнө.
Хөнгөлөлт эдлэхийн тулд тухайн аж ахуйн нэгж 3-аас доошгүй ажлын байр бий болгосон байх шаардлагатай. Энэ үзүүлэлтийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажуулах аж. Харин ашигт малтмалын хайгуул, ашиглалт, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа, автозам, замын байгууламж барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги зэрэг үйл ажиллагаанууд энэхүү хөнгөлөлтөд хамаарахгүй юм байна.
550 км-ээс алсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төвлөрүүлдэг орлого нь жилд дунджаар 2-3 орчим тэрбум төгрөг болох бөгөөд уг төлбөрийг бууруулснаар төсөвт төдийлөн хүндрэл үүсгэхгүй гэж хууль санаачлагчид үзэж буй. Харин ч эдийн засгийн хямралтай энэ үед орон нутаг дахь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, тэнд буй ажлын байруудыг хадгалж үлдэхэд нэмэр болно гэж тооцоолж байна. Хууль эхний ээлжинд 2020 оныг хүртэл гурван жил хэрэгжинэ. Цаашдаа хуулийн хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг нь дахин тав, таван жилээр сунгах боломж бий аж.
Дорнодчууд бид 2016 оноо нийслэлийнхтэй ижил үнэтэй шатахуун хэрэглэж угтсан. Тэгвэл ирэх 2017 оны 1-р сарын 1-нээс эхлэн баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгчид маань улсад төлөх орлогын хэмжээгээ 50 хувь бууруулж, 5 хувийн татвартай болох нь ээ. Үр дүнд нь орон нутгийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөтгөн ажлын байр нэмэгдэх, цаашлаад хот руу чиглэсэн их нүүдэл тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэж байгаа юм.
М.Ялалт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих