Ойрхи болон Дундад Дорнодын байдал цаг минут секундээр хувьсан буй.
Оросын агаарын ба сансрын хүчин нь Сирид байлдааны ажиллагаа өрнүүлж,
Афганистаны нөхцөл байдал муу тал руугаа эрс өөрчлөгдөж буй. Энэ
шалтгаанаар Төв Ази яг одоо хоёр хэсэгт хуваагдаж байна.
Казахстан, Киргиз, Тажикистан нь аюулгүй байдлаа хангахдаа Оросоор гүйцэлдүүлэх чигтэй байгаа.
Харин Узбекистан, Туркмен нь Оросыг тойруулж, хүчний бусад төвүүдтэй хоршиж ажиллах, эсвэл Оросоос зай барих тактик сонгожээ. ОДКБ гэх цэрэг-улс төрийн эвслийн ЕНБД Николай Бордюжа гэдгийн ярьснаар бол ОХУ нь Ташкент, Ашхабад хоёртой ажил хэргийн ямар ч холбоогүй болж, цаадуул нь Оросгүйгээр аюулгүй байдлаа хангана хэмээн зүтгэж түүнд нь Орос харамсаж байгаа аж. Гэтэл Иран ОДКБ-д огтын хамааралгүй хэрнээ терроризмын асуудлаар харин ч ойр дөт ажиллаж байгаа гэнэ.
Орос Сирид байлдаж эхэлсэн тэр цагаас геополитикийн хүнийсэл Төв Азийг хамарсан. Орос өөрөө лалын ертөнцийн хараал идэж, шанд нь иргэний агаарын тээврийн онгоцоо олон зуун зорчигчтой нь Синайд дэлбэлүүлсэн.
Энэ юу ч биш, дахиад Оросыг онилон довтолно. Турктэй муудалцаад тэр эргүүлэгтээ баттай шигдсэн нь Орост ашигтай туссангүй. Харин тэр Төв Азийн геополитикийн хүнийсэл нь Турк руу тал засах аян шалтаг гаргаад өгчээ. Афганистаны хойд нутагт талибан идэвхжиж, байдал хурцдаж, Тажикистан, Туркменистаны хил рүү тулаад ирлээ. Афганистанаас америк ба НАТО-гийн цэргийг бүү гаргаач гэх дуу хоолой Төв Азиас цууриатав.
Хариуд нь Орос цэрэг-улс төрийн үүрэг нөлөөгөө энэ бүс нутагт бэхжүүлэхийг Төв азийн элитүүд үл хүснэ. Орос энд хүчирхэгжвэл Төв Азийн тусгаар улсуудад Оросын нөлөө хүчтэй болно гэхээс цаадуул нь айж балмагдана.
Оростой хамтран ОДКБ хэмээх цэргийн гэрээний байгууллагад Казахстан, Киргиз, Тажикистан нэгдэж ирсэн, тэд одоогоор энэ эвслийг орхихыг хүсэхгүй. Оросоос нэг хэсэгтээ аюулгүй байдлын баталгаа горьдоно. Узбекистан нь энэ эвслээс 2012 онд гараад явчихсан. Туркменистан нь төвийг сахисан статустай тул энэ эвсэлд хэзээ ч орж байгаагүй, орохгүй. Эдийн засгийн талаасаа Төв Ази мөн хоёр хэсэгт хуваагдаж байх шиг.
Евразийн Эдийн засгийн холбоо гэх эвсэлд Казахстан, Киргиз хоёр гишүүнчлэлтэй, харин Узбекистан, Туркмен хоёрыг хичнээн ятгаад тэд элсэхгүй гэж байна. Тажикистан ацан шалаанд байна. Хичнээн лалжуулаад энэ улс Оросоос их хамааралтай.
Хөдөлмөрийн цагаачлал гэдгээр Орост дөнгөлөгдсөн. Гэлээ гээд Евразийн Эдийн засгийн холбоонд элсэх талаар ам нээгээгүй. Киргиз Евразийн Эдийн засгийн холбоонд элслээ гээд Ташкентад үлгэр жишээ болно хэмээн оросууд тооцоолсон нь талаар болов. Узбекистан нь Төв Азид томхон тоглогч болохоор амбицалж, түүнд нь Орос, Казахстан хоёр саад хийнэ хэмээн хардсаар өнөө хүрчээ. СССР-ээс өвлөж авсан өв хөрөнгө дээр тэгш бус хуваарилалт явагдсан, Орос хэт их ашиг хүртсэн гэх Ташкентын зэмлэл тасрахгүй.
СССР нь хээл хахуулийн томхон үүр уурхай байж. Түүний олон зүтгэлтэн шоронгийн хаалга татаад байхад үед нь Ислам Каримов 1991 оны арванхоёрдугаар сарын 25- нд тус улсын Ерөнхийлөгч болж, бүх ялтандаа өршөөл үзүүлээд тавьчихсан. Харин үүнийг өнөөгийн Орост зэвүүцэн харсаар буй.
Узбекистан нь өнгөрсөн 25 жилд Оростой гэхээсээ АНУ, Хятадтай харилцаагаа түлхүү хөгжүүлж, гурван гүрний дунд тэнцвэр барьж ирснээрээ оросуудын дургүйцлийг төрүүлдэг. Эдийн засгийн түнш нь Орос бус Хятад, харин улс төр, боловсролын салбарт АНУ-ыг түшинэ хэмээн үздэг. Ойрын 10-20 жилд орос хэлний оронд англи хэл тус улсад албан ёсны хоёр дахь хэлний хэмжээнд очих ажээ.
Узбекистаны боловсролын салбарт орос хэлийг аажмаар шахах бодлого хэрэгжиж ирсэн.
Энэ улс зэвсэгт хүчнээ хуучин Зөвлөлтийн цэргийн байгуулалтын загвараар бус өрнөдийн загвараар өөрчлөн шинэчилжээ. Шанд нь Америк цэргээ Афганистанаас гаргах тоолондоо зэвсэг техникээ Узбекистанд бэлгэнд үлдээж, түүнд Орос тун ихээр түгшиж байна.
Тус улсад одоогоор америкийн цэргийн бааз байхгүй, гэвч киргизийн Манасаас хөөгдөж гарсан АНУ тэр баазаа Узбекистанд шилжүүлэн байршуулах нь цаг хугацааны асуудал болж үлджээ. Энэ баазыг тус улсад байгуулуулахгүй байх талаар Орос дээд зэргийн чармайлт гаргаж буй. 2015 онд Путин Ташкентад айлчлахдаа Орост тавьсан 900 сая ам.долларын өрийг цайруулахаар амлаж, баримт бичиг үйлджээ.
Ашхабад-Москвагийн өвөр хоорондын харилцаа тун таагүй болоод байна. Туркменистаны «Мары-2» аэродромд АНУ агаарын цэргийн баазаа байгуулах талаар яригдаж эхэлсэнд Орос хамгаас их түгшив. «Газпром» нь Туркментэй худалдаа хийхээсээ арга буюу татгалзлаа. Хамгийн доод үнээр байгалийн хийгээ Орост худалдах гэснээс болж худалдаа тасарлаа. Туркмен- афганы хил дээр будлиан гарсныг Орост шүүрч аван мэдээлж, дүгнэлт хийж байгаад Ашхабадаас байнга эсэргүүцэл илэрхийлнэ.
Энэчлэн ОДКБ, ЕАЭС гэдэг рүүгээ эргүүлэх гэсэн Оросын бодлогоос Узбекистан, Туркмен хоёр хүнийсэн холдсоор. Төв Азийг ажваас Оросын талд байгаа, эсвэл Оросыг баримжаалсан нэг хэсэг улс, Оросын эсрэг, Оросгүйгээр болж бүтэх гэсэн өөр нэг хэсэг улс буй болсон мэт.
Үүнээс гадна Оросоос дөлж цэрвэх өөр нэг хүчин зүйл байгаа нь ОХУ-ын иргэд олон мянгаараа "Лалын улс”-д элсэн тулалдаж байгаа явдал гэнэ. "Муугийн халдвар” гэх маягаар Төв Азийн улсууд Оросын энэ баримтыг нэрлэх аж. Орост хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй төв азийн мигрант ажилчид олноороо "Лалын улс”-д элсэн Оросоос Турк руу явах болж. Тийм марштрут гаргасны гол бурууг цаадуул нь Орост тохох аж. Оросын Поволжья нутгийн 200 иргэн лалын террорист болоод Сири, Ирак руу одсоныг Оросын тусгай албаны дарга Бортников нэрлэсэн. Түүний мэдээллээр бол ОХУ-ын 1700 иргэн тэнд байлдаж байна.
Орос ба Төв Азийг бүхэлд нь лалын дайчдын нөөц бүс нутаг гэж үзэж, онилсон буюу анхаарал төвлөрүүлэх орнууд гэдэгтээ оруулжээ. Тэгэх тусмаа ОХУ-ыг "Лалын улс”-ын үйл ажиллагааны газар зүйн бүс хэмээн үзэх болжээ. Оросын Кавказ, Төв Ази нь "Лалын улс” Орос руу шууд нэвтрэн орох гол гарц хонгил төдийгүй Оросыг задлах, бусниулах гол түшиц газар гэж тооцогдоно.
Тэнд радикал ислам хөгжих хөрс бий болгоно гэнэ. Төв Ази бол исламистуудын транзит тээврийн гол гарц суваг, цэрэг элсүүлэх нөөц талбар юм. Евразийн бүс нутаг дахь интеграцын үйл явцыг "Лалын улс” өөртөө ашигтайгаар эргүүллээ гэх дүгнэлтийг Киргизийн Үндэсний аюулгүй байдлын Улсын Хорооны удирдлага хийжээ.
Киргизийн Кант дахь оросын цэргийн бааз руу өргөн хэмжээний халдлага үйлдэхээр зэхэж байсан "Лалын улс”-ын салбарын дайчдыг Бишкект илрүүлж, байлдан устгасан тухай мэдээлж байна. Сири, Иракаас буцаж ирсэн нутгийн залуусаас бүрдэх томхон бүлгийг даран сөнөөсөн ч сэтгэл тайван байх аргагүй нөхцөл тэнд үүсчээ.
Тус улс 500, Туркменистан 360, Тажикистан 200, Киргиз нь 352, Казахстан 150 иргэнээ Ирак, Сири рүү "Лалын улс”-д алдаад байгаа.
Хамгийн том аюул бол нийгэмд нэр нөлөө бүхий алдартай хүмүүс "Лалын улс”-д элссэн нь бусад залууст үзүүлэх нөлөөллийн хувьд маш ноцтой болжээ. Сирид боевик болон тодорч, дараа нь алга болсон Казахстаны нэрт хөлбөмбөгч, «Акжайык» клубын капитан Айбек Губайдуллин, Тажикистаны До яамны тусгай зориулалттай отрядын захирагч хурандаа Гулмурод Халимов нарыг нэрлэж болно.
Хурандаа Халимов нь Орос, АНУ-д тусгай курс төгссөн, мэргэжлийн мэргэн бууч, төр засгийн олон шагнал хүртсэн нэртэй чекист байжээ. Киргизээс гэхэд 49 гэр бүл "Лалын улс” руу дүрвэж очсон мэдээлэл байна. Нийт элссэн 1400 орчим дайчин Ирак, Сирид лалын хэт даврагч болоод байна. Казахстаны стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Ерлан Карин гэдэг хүний ажигласнаар одоо цэрэг элсүүлэх ажлыг төвлөрүүлж буй гол пункт нь Узбекистан болоод байна.
Энэ бүхэн нь төвийг сахисан, Оросоос зай барьсан Туркменистан, мөд ийм зам сонгох Узбекистанд тун эзмэг тусч тэд Оросоос хүнийсэх зам руу нь улам түлхжээ.
Г.Гомбо (PhD)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих