Монголын язгуур урлаг ямархан түвшинд яваа бол? Олон зууны туршид өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн ч эх гарал нь судлагдалгүй холын холд үлдчихсэн мэт. Хүрлийн үеийн олдворуудыг л аваад үзье л дээ. Энэ үеийн олдворууд бидний сэтгэлд их ойр буудаг ч яг юу нь тийнхүү сэтгэлийг татаад буйг бид мэддэггүй. Энэ бүхний утга учрыг бид одооноос л зөв тайлж, тэдгээр дурсгалаар дамжуулан өөрсдийгөө ч таньж мэдэх нэгээхэн боломж нээгдэж байх шиг. Хүн энэ дэлхий дээр өөрийгөө олох гэж, таньж мэдэх л гэж мэндэлсэн юм бол энэхүү зорилгоо биелүүлэхэд нь дөхөм болох нэгэн сонирхолтой судалгааны ажлыг танилцуулъя. Судалгааг зураач, судлаач Б.Хишигсүрэн зургаан жилийн өмнөөс эхлүүлжээ. 2011 онд "Улаанбаатар” их сургуулийн багш, археологич, доктор профессор Д.Эрдэнэбаатар тэргүүтэй археологичид Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт малтлага хийж, Хүннүгийн хаадын булшийг нээхэд тэрбээр баримтжуулах тасагт нь ажилласан байна. Арван жилийн турш ухаж малтсан энэ булшнаас гарсан олдворууд дэлхий даяар ихээхэн шуугиан дэгдээж байгаа. Ховор нандин олдвор гэдэг үүднээс эрдэмтэд тус тусдаа өөрийн судалгааг хийж байгаа бол Хишигсүрэн язгуур урлаг, угсаатан зүйн талаас нь судлан шинжиж эхэлжээ. Түүнтэй ярилцаад бид энэ судалгааны ажлын хамгийн сонирхол татам баримтуудыг цувралаар гаргахаар боллоо. Цувралаа "Ганц эвэрт араатан” буюу "Цасны ирвэс”, "Нар” бэлгэдлийн олдвороос эхлүүлье.
"Цасны ирвэс” буюу "Нар”
Нэн эртний хүмүүсийн амьдрал, ертөнцийг үзэх үзэл, зан үйлтэй холбоотой мэдээ баримтууд тухайн бүтээл, олдворуудын үеийг тодорхойлж, ингэснээр бид өвөг дээдсийнхээ амьдралын философийг таньж мэддэг билээ. Тэгвэл эл нийтлэлийн "гол дүр” болсон "Цасны ирвэс” буюу "Нар” нэртэй олдвор нь 2100 жилийн тэртээ хийгдсэн бүтээл юм. Зөвхөн энэ олдвор л гэхэд нүүдэлчдийн амьдралын агуу философи, үзэл санааг илэрхийлж буй гэнэ. Тухайн үед материалд тулгуурласан бүтээлүүдэд өндөр үнэ цэн өгч, маш нарийн ур хийцтэйгээр туурвиж байсан явдал нь түүний сонирхлыг татжээ. Тэдгээр бүтээл материалын хувьд маш их хүч хөдөлмөр, ур ухаанаар бүтсэн байдаг. Тухайн үеийн урчууд нь бүтээл нэг бүртээ өвөг дээдсээсээ үе дамжин ирсэн асар гүн мэдлэг, утга бэлгэдлийг шингээж, олон сар, жилийг зориулан байж урладаг байв.

Уг судалгааны ажилд дүгнэлт хийх нь
одоохондоо эртдэх ч сонирхол татсан бүтээлүүд нь Хишигсүрэнд олон сэжүүр
өгсөн гэнэ. Тухайлбал, буддын шашинд өнөө ч бидний хэрэглэж
буй дүрслэлүүд түүний судлаж буй Хүннүгийн үеийн уран бүтээлүүд дээр
гарч байна. Иймд тэрбээр нэлээд ул суурьтай, гүн гүнзгий судалгаа
хийхээр
зорьжээ. Түүний судалгаатай танилцсанаар "Нэгэн үе бараг л гар
урлалд харьяалагдаж байсан "Монгол зургийн төрөл”-өө бид ЮНЕСКО-гийн
соёлын өвд бүртгүүлэх боломжтой юм байна шүү дээ” гэх бодол надад
төрөв. Эрт дээр үеийн омгийн иргэншилд нэгэн сонирхолтой онол
байсныг нэрт эрдэмтэн Зигмунд Фройд онцолжээ. Тэр
нь юу вэ гэвэл, аливаа зүйлийг амьдчилан үзэхүй /анимизм/ юм. Бүх юманд
амьд ухагдахуун байдаг гэх тэр үзэлд өдгөө нийцэж буй зүйл бол бөөгийн
шашны үг хэллэг, зан үйл билээ. Тухайлбал, нүүдлийн соёл иргэншилд
онцгойлон үздэг тэнгэр уншиж, газрыг тахих өвөрмөц зан үйлтэй энэ нь
нягт уялдаатай юм. Түүнчлэн алдарт эрдэмтэн Левий Штраусын "Бүтцийн
антропологи” номд гарсан онол оюуны бас нэг томоохон тэсрэлт
болж байжээ. Тэрбээр хүн анх яаж амьдарч байсан тухай, мөн яагаад
өнөөдөр ийм хэмжээнд очсоныг тайлбарлаж чадсан билээ. Тухайлбал, яагаад
манай монголчууд ийм цөөхүүлээ байж олон мянган жилийн туршид
мөхөхгүйгээр амьдарч ирсэн байж таарах вэ? Учир нь, эртний омог бүр сүлд
тэмдэгтэй байсан бөгөөд адилхан сүлдтэй хүмүүс хоорондоо гэрлэдэггүй
байсан гэнэ. Ингэж цус ойртох эрсдэлээс сэргийлж байжээ. Та эрдэмтэн
Х.Пэрлээгийн "Монгол түмний гарал үүслийг тамгаар эрж хайсан нь” нэртэй
судалгааны ажлаас дээрх асуултанд бүрэн дүүрэн хариулт авч болно.
Тэгэхээр "Цасны ирвэс” буюу "Нар” олдвор нь хүннүгийн хааны сүлд тэмдэг байсан болж таарлаа. Уг сүлд тэмдэг дээр дүрслэгдсэн амьтныг судлаач Хишигсүрэн "цасны ирвэс” гэж үзжээ. "Хүрлийн үед цасны ирвэсийг яагаад бэлгэ тэмдэг болгож байв” гэх мэт асуултуудын араас мөшгисөөр явтал "нутаг орны эзэд” гэх ойлголт гарч ирсэн байна. Цасны ирвэс Алтай, Хангайн нутгаар голчлон амьдарч, энэ газрынхаа эзэн хаан нь байсан аж. Тухайн үед хүн аливаа газар нутгийг эзэмшихийг хүсвэл тэндхийн хамгийн хүчирхэг амьтны амин сүнстэй холбогдож, сүлдээ болгох нь гарцаагүй явдал байсан байна. Монголчууд тал хөндийд чоныг дээдэлдэг. Мөн буга, аргаль, янгирыг шүтээнээ болгосон омгууд ч байв. Энэ бүхэнтэй холбоотой амьдчилах үзэл, сүлд тахилга бидний дунд одоо ч байсаар.
"Цасны ирвэс” буюу "Нар” сүлд тэмдгийг яг ямар омог аймаг шүтдэг байсан бэ?
Эргүнэ хунгийн домогт, одоогоос 2000 жилийн тэртээ Монгол хэмээн нэрийдэж асан нэгүс, хиад аймгууд дайн тулаанд ялагдан, ганц нарийн жимээр л явж хүрч болох эргэн тойрон хадан хавцал бүхий газар нутагт зугтан очиж, тэндээ олон жил аж төрж, удам угсаа, үр хойч нь өсч үржсэн тухай гардаг. Чингээд олон жил өнгөрөхөд мөнөөх хөндийдөө багтан амьдрахад бэрх болсон учир өөр газар нутаг руу нүүх хэрэгтэй болжээ. Тэд давчуу хавцлаас гарахын тулд төмрийн хүдэртэй хэсгийг хөөргөдөн хайлуулж, уулыг нүхлэж гарсан домогтой. Төмөр ингэж үүссэн гэдэг.
Хятад улсын Төвийн үндэстний их
сургуулийн багш, профессор Жин Ган монголын бүх омог, аймгууд өөрийн
гэсэн сүлд тэмдэгтэй байсан хэмээн нотолжээ. Тэрбээр судалгааныхаа
үндсэн дээр "Ганц эвэрт ирвэс нь "хиан” юм” хэмээх маш сонирхолтой
гаргалгааг дэвшүүлсэн. Бидний мэдэх "Монголын нууц товчоон”-д Чингис
хааны
овгийг Хиад Боржигон хэмээн тэмдэглэсэн байдаг. Хиад гэдэг нь хиан
овгийн хүмүүсийг олон тоон дээр нэрлэсэн үг хэмээн тайлбарласан. Энэ нь
Алтай, Хангайн уулсын нутагт одоо ч "Уулын эзэн” хэмээн алдаршсан цасны
ирвэс юм.
Сүлд тэмдэгтэй холбоотой шинжлэх ухааны тайлбарууд
Цасны ирвэс бол домгийн амьтан биш. Хүн тайлбар өгч чадахгүй байгаа зүйлээ л домогтой холбочихдог аж. Тэгвэл амьд, бодит амьтныг яагаад ганц эвэртэйгээр дүрсэлсэн байна вэ? Үлгэр, домгийн амьтад л ганц эвэртэй байдаг биш үү? Үүний тайлбарыг цор ганц гэсэн бэлгэдэлтэй холбож болох аж. "Эртний монголчуудын математик” хэмээх ном бий. Монголчууд тоог их өвөрмөц маягаар илэрхийлдэг байсан тухай уг номд бичжээ. Тухайлбал, дөрвийн тоог далай гэж нэрлэдэг байж. Учир нь, ертөнц дээр дөрвөн далай л бий. Харин нэг гэж хэлэхийн оронд нар, сар гэнэ. Үүнтэй холбож ойлговол, цасны ирвэсийн толгой дээр ганц эвэр дүрсэлсэн нь ертөнцийг захирагч ганцхан хүн бий гэдгийн илэрхийлэл аж.

Монголчууд эрт үеэс нарыг 100 өөр нэрээр нэрлэж иржээ. Харин сарыг 50 нэрээр. Тухайлбал, О.Намнандоржийн "Од гарагсын нэрс” номд нарыг илэрхийлсэн 100 нэр бүртгэгдсэн байдаг. Эдгээрийн дотор "Долоон морьт” хэмээх нэр ч тааралдана. Нарыг тоогоор илэрхийлэх юм бол галын чанартайгаар нь долоо гэж нэрлээд байдаг. Тэгвэл "ганц эвэрт ирвэс” сүлд тэмдэг дээр долоон нумарсан тууз дүрслэгдсэн нь бий. Туузтай нийлсэн цэцэгсийн дэлбээ нь зургаа, гол цэгтэйгээ нийлээд мөн л долоо болдог аж. Араатан амьтныг тойрогт оруулснаар уг дугуй дүрс нь амьтай юм гэдгийг илэрхийлэхээс гадна нартай холбон дүрсэлсэн байна.

Наран дээр маш их толбо үүсдэг. Тиймээс ч энэ ирвэсэн дээр улаан, ногоон толбо бүхий шигтгээнүүд байгаа юм. Нарны идэвхжилтэй, идэвхжилгүй үе гэж бий. Арван нэгэн жил тутамд нарны идэвхжилтэй үе тохионо. Тэгвэл физик үзэгдлийн хувьд ч нарны идэвхжилтэй үед асар их дэлбэрэлт үүссэнээр толбо гарч байдаг тухай тайлбарласан байдаг. Ингэснээр сансар огторгуйд асар их хүч хуримтлагдаж, наран дээр соронзон орны шуурга гэх үзэгдэл үүсдэг аж. Уг соронзон орныг илэрхийлэх гэж сүлд тэмдэг дээр долгиолсон туузан хээг сийлсэн байна. Энэ нь улаан, ногоон хоёр шигтгээтэй бөгөөд нэг нь гурвалжин, нөгөө нь дугуй дүрстэй цэцгэн хээнээс үүссэн байна. Улаан, ногоон шигтгээ нь халуун, хүйтэн цэнэгийг илэрхийлнэ. Мэдээж соронзон орны шуурга нь халуун, хүйтэн цэнэгийн нийлбэр л гэсэн үг шүү дээ.

Энэ бүтээлийн туузан дээрх цэцэгсийг сайн харахад өдгөө "Амьдралын цэцэг” гэгддэг геометрийн дүрс гарч ирдэг. Дорны гүн ухаанд уг дүрсийн бэлгэдлийг урт нас, удаан жаргалын илэрхийлэл хэмээн үзэж, эдэлж хэрэглэх эд зүйлдээ эрхэмлэн дүрсэлдэг байжээ.
"Амьдралын цэцгээс” "амьдралын жимс” хэмээх бүх амьд юмны эх сурвалж болдог дүрс бүтсэн байдаг. Энэ нь 13 мэдээллийн системийг дотроо агуулдаг бөгөөд тус бүртээ бодит ертөнцийн тухай тайлбарладаг аж. Тиймээс энэ систем нь хүний биеэс эхлээд сансар огторгуйд ч нэвтрэх хүчийг өгөх шидтэй. Тухайлбал, эхний системд аливаа молекулын бүтцийг, эсвэл амьд зүйлийн эсийн бүтцийг үүсгэх боломжтой байдаг.
Бид дараагийн дугаартаа сарыг илэрхийлэх "ганц эвэрт гөрөөс” сүлд тэмдгийн тухай Б.Хишигсүрэнгийн судалгааны ажлыг танилцуулах болно. Угсаа гарвал, өвөг дээдсийнхээ тухай мэдээллийг хойч үедээ хүргэх зорилго бүхий уг судалгааны ажилтай та манай сэтгүүлээр дамжуулан танилцаарай.
Нийтлэлийг: З.Ариунболор
time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих