Умард Солонгосын эрх баригчид их өлсгөлөнд бэлдэхийг ард түмэндээ хандан уриалсан талаар Английн "The Telegraph" мэдээллээ. Умардын намын төв хэвлэл "Нодон Синмун" сонины сүүлийн дугаарт энэ мэдэгдлийг нийтэлсэн байна. .
Сар орчмын өмнө НҮБ-ын зүгээс тавьсан урьд хожид үзэгдээгүй, хатуу хориг арга хэмжээнээс болж ийнхүү тус улсын эдийн засаг улам хүндэрсэн бололтой. Дашрамд дурдахад, Умард Солонгос он гараад устөрөгчийн бөмбөг, холын тусгалтай пуужин туршсаны улмаас НҮБ ийм арга хэмжээ авсан билээ. "Умардад их ган гачиг тохиож, газрын үржил шим муудсаны улмаас 1990-ээд онд өлсгөлөн болж, 3,5 сая иргэн нас барсан" гэж англичууд эргэн сануулж байна.
"Эдийн засгийн хүнд үе айсуй, иймээс өлсгөлөнд бэлэн байх ёстой. 1994 онд дэгдсэн 4 жилийн өлсгөлөнтэй адил үе тохиож болзошгүй. Бид дахиад ургамлын үндсээр хооллох цаг ирж мэднэ, иймээс бэлдэх хэрэгтэй. Гэхдээ манай ард түмэн хэзээ ч цөхөрч гутрахгүй. Хувьсгалын зам урт бөгөөд хүнд хэцүү" хэмээн Умардын "Нодон Синмун" сонинд бичжээ.
Харин Өмнөд Солонгосын "The Chosun Ilbo" сонины нийтлэлд "Нийслэл Пхеньяны оршин суугчид сар тутам 2 фунт будааг төрийн агуулахад авч ирэх ёстой гэж Умардын хэвлэл мэдээллийн байгууллагууд уриалсан" гэж дурдсан байна. Түүнчлэн "The Telegraph" сонинд бичсэнээр Умардын Засгийн газар бусад орноос 500 сая тонн хүнсний тусламж хүссэн ч өнгөрсөн сарын байдлаар зөвхөн 17600 тонн ирээд байгаа гэнэ.
Нэмж өгүүлэхэд, Умард Солонгос өөрийн цэргүүдийн өндрийн доод хэмжээг
142см гэж тодорхойлжээ. Яагаад гэвэл, 1990-ээд оны өлсгөлөнгийн үеэр
төрсөн залуусын бие бялдрын хөгжил сайнгүй гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих