АНУ-д амьдардаг, түүх судлаач Ширчингийн Баатар өөрийн нүүр номондоо ийм нэгэн пост оруулжээ. Тэрбээр Ху-гийн сандал хэмээх энэхүү дурсгалын талаар өөрийн уншиж, сонссоноо ийнхүү бичиглэжээ. Хойд зүгийн нүүдэлчид болох бидний өвөг дээдэс овог аймаг, улс гүрнүүдийг өмнө зүгийнхэн ерөнхийд нь ху-бүдүүлэг хэмээсэн нь түүх сударт бий.
Хятадууд Монголчууд биднийг мэнгу хэмээх хоёр дүрс үсгээр тэмдэглэдэг нь мөн л энэхүү ху гэсэн үг болох ба доромж утгатай болохыг олон судлаачид тэмдэглэдэг. Юутай ч Ш.Баатарын тэмдэглэлийг хүргэе.

Shirchin Baatar
"Энэ сандлыг хятадууд Ху-гийн сандал гэнэ. Ху нь бүдүүлэг буюу нүүдэлчдийг заасан жаахан доромж аястай үг юм. Гэхдээ энэ үгийн ханзыг хоёр янзаар эрдэмтэд тайлбарладаг. Ханзны бүтэц нь "хуучин" гэсэн ханзан дээр "сар" гэсэн ханзыг нэмээд бий болгосон шинэ ханз ажээ. Үүнийг хуучин (бүдэг) сартай гэнэ. Монголоор сар хуучрах ч гэдэг.
Тэгэхээр дөмөг тайлбар нь нүүдэлчид сахлаа хусдаггүй учир сарны гэрэлд бүдэг харагддаг гэсэн утгатай ажээ. Тэгээд энэ утгаараа хууз сахал гэдгийг илэрхийлнэ. Хууз гэдэг нь бодвол хятад хэлнээс орж ирсэн үг биз ээ.
Доромж утга нь харанхуй бүдүүлэг тул боловсролгүй, сэтгэл нь гэрэл гэгээгүй, бүүдгэр гэсэн ойлголт ажээ.
За тэгээд энэ бүдүүлгүүдийн сандал гэдэг нь эвхээд морин дээрээ аваад явдаг авсаархан тул нүүдэлчдээс ирсэн соёл гэгддэг юм байна. Тэр нь ч ортой, үнэн байх. Ингэж үзэх баталгаа нотолгоо бол байна. Та нарын сайн мэдэх Сүхбаатар аймгийн нутгаар голдуу байдаг дорнын чулуун хөргийг сайн хараарай.

Тэр чулуун сийлбэр болгон яг ийм сандалтай байгаа. Тэгэхээр дор хаяж Юань улсын үед нүүдэлчид хэрэглэж байсан ху-гийн сандал болох нь баталгаатай. Хятан нарын оршуулгын ханын зурагт мөн энэ сандлыг тодорхой зурсан байдаг.
Би бодохноо Сяньби, Хүннү нар бүгд л ийм зөөврийн эвхдэг модон сандалтай байсан нь тодорхой. Харин энэ сандлыг Мин улсын үед хийсэн гэж би үзэж байна. Тэгэж үзэх учир нь тус сандлын гишгүүр дээр Юань гүрний сүлд таван нүдэнг тавьсан зориудаар шигтгэж тавьсан байгаатай холбоотой.
Юань гүрнийг мөхсөний дараа хятадууд таван нүдэнг. сандлын суудал ба гишгүүр, дөрөөний таваг, муу усны цорго зэрэгт тавьж доромжлоод утгыг нь мартагнуулахын тулд зоосон хээ хэмээх нэр өгсөн ажээ. Уг үндсэн утга нь язгуурын таван бурхнаас үүдэлтэй язгуурын дөрвөн харь таван өнгийн улсыг илэрхийлнэ.
Энэхүү бэлгэдлийг авч үлдэхийн тулд Өндөр гэгээн Занабазар үүнийг дөрвөн арвай хэмээн нэрлэсэн байгаа. Энэ талаар миний бичсэн нэг нийтлэл Акта Монголика сэтгүүүлд хэвлэгдсэн байгаа. Худам үсгээр Өвөр Монголд хэвлэгдсэнийг эндээс нар зөв гүйлгээд хараарай" хэмээжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих