"Ардчилал ялбал ард түмэн сайхан амьдарна" гэж ухуулж явсан хүмүүс өнөөдөр хаачсан бэ? Нүүрээ хийх газаргүй болоод холын Америкийг зорин одов уу. 2012 оны сонгууль ард түмний хувьд том АНдуурсан сонголт байсан нь сүүлийн дөрвөн жилийн дампуурлаас тодорхой харагдана. Хөнжил дотроо хөлөө жийлцсэн эрх баригчдын дайнд ард түмний амьдрал цавчуулаад дууссаныг "Долоон буудлын Должин" эмээгийн амьдрал бэлхнээ нотолно. Өнгөрсөн дөрвөн жил монголын ард түмний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ... гэсэн асуултад хүн хүн янз бүрээр л хариулах байх. Харин "Амьдрал ч "ахиулан" дордсон шүү" гэж хэлэх хүн олон бий. Өдрийн нэг талхаа өлхөн авчихдаг байсан хүмүүс сүүлдээ гуялаад ч хүчрэхгүй болж байх шиг байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байсан өндөг тансаг хэрэглээ болж хувирсан нь эрх баригчдын гавьяа. Цагаан будаагаар долоон хоногтоо дөрвөн удаа хоол хийж иддэг байсан бол одоо дандаа лапша идэхийг Н.Алтанхуяг үүрэгдсэн. Үүнээсээ болж Н.Алтанхуяг ч огцорсон. Түүний орыг залгаж гарч ирсэн Ч.Сайханбилэг "Хааны зурагтай төгрөгийн ханш чангарна. Ноён ам.долларын үнэ буурна" гэсэн нь Ерөнхий сайд болоод сэтгэлийн хөөрлөөрөө буурсан худал амлалт байсан нь хоёрхон сарын дараа илчлэгдсэн. Өнөөдөр ам.долларын ханш буураад хааны зурагтай төгрөгийн ханш чангарсан юм огтхон ч алга. Харин ч энэ оны эцэс гэхэд 5100 төгрөг давж магадгүй нөхцөл байдал үүсээд байгааг эдийн засагчид онцлон тэмдэглэсээр байна. Ард түмний халаасанд байгаа цөөхөн хэдэн төгрөг нь цаас болон хувирч байгааг эрх баригчид анзаарахгүй байсаар өнөөдөртэй золголоо. Монгол Улсын гадаад дахь нэр хүнд унаж, зээлжих зэрэглэл дөрөв дахин буурсны бурууг хэн хүлээх вэ. Дампуурлаа зарлаж магадгүй улсуудын хоёрдугаарт, бүр тодруулбал Зимбабе улсын дараа эрэмбэлэгдэж байгаа бурууг бас хэн хүлээх вэ.
Эдгээр асуултын хариуг олж цөхөөд байх юм байхгүй. Сүүлийн дөрвөн жил УИХ-д ямар нам олонхи болж суусан... Засгийн газрыг хэн толгойлж байв гэдгээс хариу нь гараад ирнэ. Үндсэндээ Монгол Улс хадуурсан морь шиг жолоогүй дөрвөн жил давхилаа. АН-д итгэлээ эвдүүлсэн ард түмэнд ахиулан хадуурах тэнхэл ч алга. Нөгөө хэн ч билээ дуучны дуунд гардаг шиг "итгэсэн итгэл нь мөс болон хөлдөж" байна. Одоо ард түмэн АН-д дахиж итгэх итгэл ч алга, сэтгэл ч алга, зүтгэл алга. АН-ын эрээ цээргүй дампууруулсан дөрвөн жилийг арай гэж өнгөрүүлснээ зовлон болгож ярьж суугаа нь эмгэнэл ч юм шиг. Энэ удаа ард түмэн тэдэнд итгэх хөг нь өнгөрсөн. Ахиулан дампуурах гээгүй л юм бол АН-ыг дэмжих хүн Монголд лав олдохгүй.
С.ОГТОРГУЙ
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих