-Их хурлын гишүүний тангарагаа өргөж, төрийн хүн болсонд баяр хүргэе. УИХ-ын гишүүн ард түмний өмнө ямар үүрэг хүлээдэг гэж та боддог вэ?
-Баярлалаа. Хуулиа дээдлэх, Монголынхоо эрх ашиг, эх орон, газар шороо, энэ бүхнийг битгий алдагдаасай гэж би боддог. Тэр утгаараа эх орноо манах алтан манаа гэж үзэж байна.
-Хуулийг хэдэн үе шаттай баталдаг юм бол?
-Монголын нэг мэргэн үг байдаг. Хуулийн дээр ёс заншил, ёс заншлын дээр хөх тэнгэр гэдэг. Тиймээс би ёс заншлыг дагах, дагуулах тухай асуудлыг хэвээр нь авч үлдээх зорилготой. Миний өнөөдрийн мэдэрч буйгаар хамгийн дээд хууль гэдэг бол Монголын эзэнт төрийн маань Их засаг хууль юм. Энэ бол тэнгэрийн хууль. Энэ бол жинхэнэ төрт ёсны хууль гэж би хэлнэ. Тэгэхээр би жинхэнэ төрт ёсны хуулийг хүмүүст ойлгомжтой болгох, айл хотлоо хүндэлдэг хуультай болохын төлөө ажиллана.
-Хууль тогтооход оролцох эрх мэдлийг та өнөөдрөөс өөртөө авлаа. Өөрийгөө боловсруулах тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Хүн төрсөн цагаасаа эхлээд боловсорч эхэлдэг. Тиймээс заавал өндөр боловсрол шаардлагагүй. Эх орноо хайрлах сэтгэл, хүн чанар, монгол ёс заншил, түүнийг дээдлэх үзэл хэрэгтэй. Дээрээ байгаа төрөөс эхлээд доор байгаа түмэн олноо дагуулах хэв шинжийг би уриалж явах болно.
-УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төсөл дээр ажиллахад тал талын мэдлэг шаардлагатай болно. Тиймээс зөвлөхөөр ямар хүнийг ажиллуулах вэ?
-Зөвлөхөө маш өндөр сонгон шалгаруулалтаар авна. Хамгийн чадвартай хүнийг сонгож авна.
-Өнөөдөр та чуулганы нээлтэд морьтой ирсэн нь олон нийтийн анхаарлыг их татлаа?
-Би өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөж байна. Тиймээс төрт ёсоо хүндэтгэж, 99 агт морь, түмэн олны төлөөлөл, анд нөхдүүдтэйгээ ирсэн. Яагаад морьтой ирсэн бэ гэхээр эх орон, төр засагтаа чин үнэнч сэтгэлээр зүтгэж, Монголынхоо ёс заншлыг дагуулах үүднээс төрийн сүлдэн дээр байдаг агт морио агсаад, унаж ирсэн. Үүгээрээ Монгол Улсынхаа төрийг хүндэлж, цаашид шантрахгүй тэмцэнэ гэдгээ илэрхийлж байгаагийн илрэл юм.
-Улстөрч хүнд дипломат хувцаслалт хэрэгтэй юу?
-Дипломат хувцаслалт гэдгээ орчуул даа.
-Таны бодлоор улстөрч хүнд улс төрийн жишиг хувцаслалт хэрэгтэй юу?
-Ер нь бол Монголын төрт ёс дэлхий нийтийг байлдан дагуулсаар ирсэн байдаг. Монголчууд дахин хүчирхэг болохын тулд өөрийнхөө төрт ёс буюу өөрсдийн ёс заншил, төрийн хэв шинжийг орой магнайдаа өргөх ёстой. Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвших төрийн дээлтэйгээ монголчуудыг зөв зүйлд уриалах хэрэгтэй.
-Таны хийхээр төлөвлөж буй хамгийн эхний ажил юу вэ?
-Иргэний даатгалын хуулийг санаачилж, судалгааны ажлаа эхлүүлсэн. Мөн Монголын ёс заншлаа дээдлэх чиглэлд Жавхлангийн хийдэг ажил үргэлжилнэ.
news.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих