
Орос улс дайны цагт ажиллах удирдлагын загвараа шинэчлэн гаргаж цэргийн "Кавказ-2016” хээрийн сургуулийн үеэр туршсан байна.
Энэ загвараар бол муж, автономит улс, хот, холбооны тойрог, хязгаарын өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллага, бүс нутгийн амбан захирагч, Дотоод яам, Онцгой байдлын яам, Холбооны аюулгүйн албаны орон нутгийн бүх байгууллагын удирдлага, Оросын гвардийн салаанууд бүгд дайны цагт ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн тойргуудын командлалд захирагдах болж байна гэж "Известия” мэдээллээ.
Саяхан болж өндөрлөсөн "Кавказ-2016” нэртэй команд штабын хээрийн сургуулийн үеэр энэ загварыг хэрэглэж орон нутгийн засаг захиргааны бүх удирдлага цэргийнхэнд захирагдахыг туршсан гэж БХЯ-ны өндөр албаны хүний хэлснийг хэвлэл тэмдэглэжээ.

Энэ хээрийн сургуулийн гол зорилго нь орон нутгийн засаг захиргааны удирдлагыг цэргийн командлалтай уялдуулах, хэрхэн ажиллахыг сургуулилах явдал байсан, тэгээд ч амжилттай болсон гэж эх сурвалж хэлсэн гэнэ. Одоо хээрийн сургуулийн үед гарсан зарим хүндрэл, шийдээгүй асуудлыг шийдвэрлэж, төгс төгөлдөр болгох ажил хийж байгаа юм байна.
Ингэж дайны нөхцөлд удирдлагыг цэргийнхний мэдэлд шилжүүлснээр цэрэг татлага, дайчилгааг хэрхэн зохион байгуулах, үйлдвэр завод, албан байгууллагуудыг дайсны хорлон сүйтгэх ажиллагаанаас хамгаалах, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх зэргийг нэг удирдлагаар шийдвэрлэх гэнэ.
Үүний өмнө засаг захиргааны нэгж бүр, өөрөө удирдах ёсны байгууллага нь асуудлыг өөрсдөө шийдээд байхаар хуульчилсан байсан бол одоо бүх эрх мэдлийг Батлан хамгаалах яам, түүний харьяа цэргийн тойргуудад өгч бүхнийг нэгтгэн өөр хооронд нь уялдуулан орон нутгийн захиргааны байгууллага болон хүчний байгууллагуудыг захиран бүхнийг удирдан зохион байгуулах болж байгаа юм байна.
Сая болсон сургуулилтаар Ставрополийн хязгаар, Ингушийн бүгд найрамдах улс, Крым, Севастополийн удирдах байгууллага, амбан захирагчид цэргийнхний захиргаанд амжилттай ажилласанд цэргийнхэн сэтгэл ханамжтай байгаа гэнэ.

Өнөөдөр байгаа оросын цэргийн таван тойрог нь дайны цагт тус бүр хоёр хэсэгт хуваагдан, оператив-старатегийн удирдлага, дайны цагийн цэргийн тойрог гэсэн хоёр хэлбэрээр ажиллах юм байна.
Оператив старатегийн удирдлагад цэргийн хороо, дивиз, бригад, армиуд шууд захирагдаж байлдааны ажиллагаанд оролцоно. Харин Дайны цагийн цэргийн тойрог нь нутаг дэвсгэрийн хамгаалалт, дайчилгаа зохион байгуулж, дайны үеийн дэглэм тогтоох ажлыг хийх гэнэ.
Цэргийн удирдлагын шинэ тогтолцоог Владимир Путины өнгөрсөн оны намар баталсан "ОХУ-ыг 2016-2020 онд батлан хамгаалах төлөвлөгөө”-ний хүрээнд боловсруулсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэр үед бас БХЯ-ныханд "Батлан хамгаалах төлөвлөгөө” боловсруулах үүрэг өгсөн юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20019
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих