Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 470 орчим хууль хэрэгжиж, мянга орчим захиргааны хэм хэмжээний актууд мөрдөгдөж байна. Эдгээрийг цэгцэлж, хуулийн хийдэл давхардлыг арилгах хэрэгтэй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллан, хууль сахиулагчидтай уулзах үеэрээ онцолсон юм. Түүнчлэн хууль хүн бүрийг алагчлахгүйгээр тэгш үйлчлэх ёстой. Ингэснээр төрийн байгууллагын хүнд суртал хэмээх асуудал яригдах ёсгүй. Харин ингэхийн тулд иргэдийн хуулийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Бямбацогт хэлэхдээ "Хууль зүй, дотоод хэргийн яам төлөвлөсөн ажлаа чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч байна. Одоогийн байдлаар гурван хуулийн төслийг өргөн барьсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдүүлсэн. Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн хуулийн төслийг өргөн бариад байна. Ерөнхийдөө амьдрах чадвартай хуулиуд болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ сард багтаан долоон хуулийн төсөл УИХ-д өргөн барина. Эрүүгийн тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш тодорхой өөрчлөлтүүд ороогүй. Өнгөрсөн хугацаанд нэлээд бэрхшээл давж батлагдсан боловч хугацаа хойшилсон. Энэ хуулинд засч залруулах, өөрчилж, шинэчлэх асуудал олон байгаа. Хамгийн гол нь хууль бүх иргэдэд албан тушаал, хөрөнгө чинээ ялгаварлахгүйгээр тэгш үйлчилдэг байх зарчмыг бид мөрдөх ёстой гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн Мал хулгайлахтай тэмцэх гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, малчид, иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан мал сүрэг хамгаалах бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин, урамшуулах асуудал хууль зүй, дотоод хэргийн сайдыг орон нутагт ажиллах үеэр хөндөгдөж байлаа. Мөн Ховд аймагт Цагдаагийн байгууллага төлөвлөгөөтэй ажилласны үр дүнд гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буураад байгаа. Гэвч сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэг ихэссэн. Үүнтэй холбогдуулаад камержуулах асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна хэмээн аймгийн прокурор хэлсэн юм. Энэ мэтчилэн хууль сахиулагч болоод иргэдийн хооронд үл ойлголцол үүсгэдэг асуудлуудыг аль аль талаасаа анхаарах шаардлага байгаа, үүний тулд иргэн бүрийн хуулийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа хууль сурталчлах ажлыг сайн хийх хэрэгтэйг онцолж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих