
Уг нь хичээлийн шинэ байр баригдаж байсан ч төсөв хөрөнгийн гачаалаас болж таг зогсчээ. Цаг үе нь улс төрийн шат шатны сонгууль болж, засаг төрийн шинэ зохион байгуулалт хийгдэж буйтай давхцсан тул энэ сургууль газрын холд төр засгийн анхаарлаас алслагдаж, улмаар үүссэн нөхцөл байдлыг анзаарах сөхөө хаана ч байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь ийнхүү шинэ зуунд сургуульгүй сум бий болж, эрх нь зөрчигдсөн 400 гаруй хүүхэд энэ өвлийг зутруу гэхэд зөөлдөхөөр хүндхэн угтаж байна.
90 жилийн түүхтэй энэ сургуулийн хичээлийн байр 1969 онд ашиглалтанд орсноос хойш 47 жилийн дараа хаалгаа бариад байна. Сургуулийн барилгын тааз, давхар дундын хучилтын модон хийц өмхөрч муудсанаас шавар өнгөлгөө болон дам нуруу нь доош цүлхийж, цөмөрч нурсанаар сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь сургуулийн багш, ажилчид, суралцагчдын аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэсэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэ шалтгаанаар аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас хоёр дахь удаагийн шалгалтаар ийнхүү 4 сарын 18-нд "Хичээлийн барилгын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” акт гарган лацджээ.
Байдал үнэхээр хүндэрч, хүний эрүүл мэнд хохирохоос өмнө арга хэмжээ авсан нь зүйн хэрэг. Сүүлийн жилүүдэд анги танхимын таазнаас шавар унахаас халхалж хөндөл мод хадан, хамгаалалт болгон даавуу татаж аргацааж байжээ. Ашиглалтанд орсноос хойш сургууль бүрэн хэмжээний засварт огт ороогүйг бодоход л барилга нь ямар болж элэгдэж хуучирсныг төсөөлөх боломжтой. Ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх нь байтугай тартагтаа тулсан барилгыг тамтаг болтол нь эдэлж арайхийн өнөөг хүргэсэн байх юм. Эцэстээ тус барилгын спорт заалны доод хэсэг их хэмжээгээр нурсан учир ийн хаах арга хэмжээ авчээ.
Хичээлийн өөр байргүйн улмаас одоо дунд, ахлах ангийн сурагчид нь 1972 онд ашиглалтанд орсон нэг давхар дотуур байрандаа хичээллэж байна. Гэтэл мөн л дотуур байранд нь 2015 онд Мэргэжлийн хяналтын газраас "чанарын шаардлага хангахгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Аргагүйн эрхэнд, анги танхим хүрэлцэхгүйн гачигдлыг даваж гарахын тулд боломжтой бүх өрөөг ашиглан хоёр ээлжээр хичээллэсээр байна. Ингээд зовлон гачлан нимгэрэх биш харин ч нэмэгджээ. Үүний улмаас дотуур байранд хамрагдах хүүхдийн тоог багасгаж, хичээллэх танхим жижиг учир олон хүүхэдтэй анги багтахгүй, хавар намрын цагт таазнаас ус дусдаг, ангиас нэг хүүхэд гарах болоход бүх хүүхэд босох болдог, өрөөнүүдийн хана нимгэн учир хажуугийн ангид зааж буй хичээл, тэр ч бүү хэл утас дуугарах нь хүртэл сонсогддог, гал түлэхэд жижиг анги хэт халж цонх онгойлгосноор хүүхдүүд хатгаа авах, хичээлийн самбар хүүхдийн харах харааны түвшинд их ойрсон зэрэг олон бэрхшээл тулгарах болсон байна. Мөн дотуур байрны зориулалттай уг байранд спорт заал байхгүй учраас биеийн тамирын хичээл орох боломжгүй болжээ. Гадаа мөсөн гулгуурын талбай зохиож, биеийн тамирын хичээлийг гадаа орж магадгүй аж. Хоёр ээлжээр хичээллэдэг тул сүүлийн цагуудыг 30 минутаар ордог нь хичээлийн агуулгыг бүрэн ойлгуулахад хүндрэлтэй болсныг багш нар хэлж байв.
Зовлон үүгээр дуусахгүй нөхцөл байдал газар дээрээ улам л хүндэрсээр байгаа аж. Халаалтын зуух эвдэрсэнээс болж 10 дугаар сарын дунд хүртэл халаалтгүй хичээллэсэн гэнэ. Энэ үеэр хүүхдүүд гадуур хувцастайгаа суухгүй бол даарч, ханиад хүрэх, гадуур хувцастай суухаар хичээл хийхэд төвөгтэйг сурагчид тоочин ярьж байлаа.
Мэдээж энэ зовлонгоо сургуулийн хамт олон холбогдох газарт тоочсон ч мухардалд орсон хэвээр гэнэ. Одоо хичээллэж байгаа дотуур байр ашиглалтын шаардлага хангахгүй болсныг Аймгийн МХГ-ын барилгын техникийн улсын байцаагч М.Ганхүү дуулгасан ч хичээлийн байргүй учир санхүүжилт шийдэгдэж сургуулийн шинэ барилга ашиглалтанд орох хүртэл тэсэхээс өөр аргагүй гэдгийг сургуулийн багш, удирдлагууд хэлж байна. Аймаг, орон нутгийн зүгээс Сангийн яам, БСШУСЯам гээд холбогдох газруудад удаа дараа хүсэлт тавьсан ч биеллээ олохгүй байсаар Баян-Уул сум ийнхүү сургуульгүй болчихоод байна.
Уг нь БСШУСЯ болон гүйцэтгэгч "Сүхжин” ХХК-ны хамтын гэрээний дагуу улсын төсвөөр Дорнод аймгийн Баян-Уул суманд 640 хүүхдийн сургуулийн шинэ барилгыг дөрвөн жилийн өмнөөс барьж эхэлжээ. Барилгын ажлыг 2012 оны 7 дугаар сарын 25-наас 2014 оны 8 дугаар сарын 7-ны хооронд хоёр жилийн хугацаанд хийж, ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан ч одоо хэр дуусаагүй байна. Гэрээ анх улсын төсөвт 2 тэрбум 400 сая төгрөгөөр тусгагдсан ч хяналтын төсвөөр 3 тэрбум 958 сая 700 мянган төгрөг болж батлагдсан байдаг. Үүний дагуу 2012 онд 300 сая төгрөг, 2013 онд 985 сая төгрөг, 2014 онд 704 сая төгрөг, 2015 онд 260 сая төгрөг, үүний дараа 1 тэрбум 109 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус улсаас хийснээр барилгын ажлын 85 хувийг "Сүхжин” ХХК хийж гүйцэтгэсэн аж. Энэ оны зургаадугаар сард тус компаний захирал нэг тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирвэл энэ оны 12 сард барилгыг дуусгаж хүлээлгэн өгөх боломжтой гэж мэдэгдсэн ч шийдэгдсэн төсөв, хийсэн ажилгүй гацаанд оржээ.
Барилгын ажлын тайланд барилга бүтэц, архитектурын хэсэг 100 хувь, дотор цахилгаан, интернэт холбооны далд холболтууд бүрэн хийгдсэн тухай бичжээ. Барилгын торх боссоноос бусад цахилгаан, хаалга, дотор, гадар засал, сантехникийн ажлууд үлдээд байгааг сургуулийн захирал асан Д.Энхбарс хэлж байсан юм. 85 хувийн гүйцэтгэлтэй гэх сургуулийн шинэ барилгын вакум цонхнууд одоо хагарсан байдалтай байх ба үүнийг гүйцэтгэгч компани хариуцахгүй гэдгээ мэдэгджээ. Ашиглалтанд орох хугацаа сунжирсаны улмаас ийм эвдрэл гэмтэл, хорогдол цөөнгүй гарч байгаа аж. Харин эвдэрч хэмхэрсэн зүйлсийн төлбөрийг хаанаас гаргах нь бас л ойлгомжгүй байна.
Ингээд л шинэ цагт сургуульгүй сум болсон энэ зовлон хэдий хэр үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй. Дашрамд "шинэ цаг” гэж онцлохын учир нь эдүгээ хориннэгдүгээр зуунд ийм байдалд орно гэдэг бол улс орон хичнээн хямарч доройтсны нэг нотолгоо гэлтэй.
Шинэчлэлийн засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө "Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Эхний жилд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд уг шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх гэж оролдсоны дараа 2014 онд улсын хэмжээнд 16 сум "Сумын төвийн шинэчлэл” төсөл хөтөлбөрт хамрагдсаны нэг нь Баян-Уул сум бөгөөд албан байгуулага, айл өрхийг холбосон халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон суурин байгуулах, автомашин болон явган хүний зам, замын гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг цогцоор нь хийж гүйцэтгэхээр шийдвэрлэж, 5 тэрбум төгрөгийн төсөв баталсан юм. Үндсэндээ хуучин сумын төвийг "шинэ” болгож өөрчлөнө гэсэн зорилттой.
Харамсалтай нь төсөл хөтөлбөр хэрэгжсэн цагаас л хойш барилга нь баригдсан ч одоо төсвийн гачигдлаас болж гацаанд орсон сургуулийн байраа хүлээж хүүхдүүд нь дотуур байрандаа эрхээ эдлэх гэж зүдэрч сууна. "Шинэ цагийн” сум болох "шалгуур”-ыг давсан ч хичээллэх сургуульгүй мунгинаж байна.
"Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэсэн заалт Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлд бий бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт ч "Төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангахыг эрхэмлэх” гэсэн нь бий. Үндсэн хууль, олон улсын хууль, тогтоомжинд заасан зарим эрхүүд нь төрөөс заавал арга хэмжээ авч байж л хэрэгжих бололцоотой байдаг тул төрөөс хэрэгтэй, хэрэггүй зүйлд зориулан баталсан төсөв мөнгөө багахан хумиад хүүхдийн эрх ашгийг дээдэлж, сурч боловсрох боломжийг бүрдүүлж сургуулийн барилгыг нэн тэргүүнд ашиглалтанд оруулж өгвөл уг нь зүгээр сэн.
Шинэ цагийн сум сургуульгүй байна гэхээр нэг л харамсалтай санагдаж байна. "Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгчээр Баян-Уул сумын сурагчид сургуулийн шинэ байраа ашиглалтанд орохыг дөрвөн жил хүлээж, хуучин байр нь нурахдаа тулсан тул дотуур байрандаа хичээллэн өмнөх зууны хөгжлөөсөө ухарсан байдалтай аргацааж суугааг төр засагтаа дуулгах гэлээ.
Ц.Анужин
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21218
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих