
Хөгжлийн банкны асуудал ярихаар АН-ынхан завсарлага авдаг жишиг үргэлжилсээр. 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн тухай анхны мэдээлэл цацагдаж эхлэнгүүт танай манай намын компаниуд авсан өгсөн хэмээн хэрэлдэж хэн хэнээ муухай харагдуулах гэсэн жижигхэн улстөр Төрийн ордонд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
УИХ-ын гишүүд энэ жижигхэн жүжгээрээ эдийн засагт ямар их хохирол учруулж байгаа, гадаад дотоод зах зээлд Монголыг муу харагдуулж байгаа гэдгээ ойлгох сөхөө ч алга. Өнөө маргаашаа өнгөрүүлсэн, арьсаа хамгаалсан сүржин мэдэгдэл хийж хэрэлдсэнээр хэнийг хамгаалж байгаа, хэнийг хохироож байгаагаа мэдэж байгаа эсэхэд сүүлдээ эргэлзлээ. Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй. Тус банкны чанаргүй зээл 13.9, хугацаа хэтэрсэн зээл 70 орчим хувь байна. Хичнээн хэмжээний зээл өгсөн, хэн хэн авсан, Засгийн газар хэдий хэмжээний баталгаа гаргаж өгсөн бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Хөгжлийн банкны нийт зээлийн 84 хувь нь асуудал дагуулж байна гэдгийг чуулганы хуралдаанаар гишүүд ярьсан. Чанаргүй хугацаа хэтэрсэн, анхны гэрээний үнийн дүнгээсээ хэд дахин хэтрүүлэн санхүүжилт авсан олон замын болон бусад дэд бүтцийн төслүүдийг харахаар Хөгжлийн банкны мөнгөөр гараа угаахдаа мөнгийг хайр гамгүй цацаждээ гэж харамсмаар.
Хөгжлийн банкны шалгалтын материалаас харахад Гэрээний үнийн дүн нэмэгдсэн автозам, инженерийн дэд бүтцийн төслүүдийн жагсаалт гарчээ. 33 төслийн жагсаалтад гэрээний анхны үнийн дүнгээс нэмэгдсэн үнийн дүнг харахад 4-6000 дахин нэмэгдүүлжээ. Ихэнх нь 200-аас дээш хувиар нэмэгдүүлсэн гэхээр ямар их хэмжээний мөнгө гэрээгүйгээр автозам, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дансаар урссаныг тооцоолоход толгой эргэнэ.
Тухайлбал, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км автозамын ажлыг гүйцэтгэсэн Насны зам, Хансуун зам, Өвөрзалаат, Бадрах ойл компаниудын түнгшлэл анх гэрээ байгуулахдаа 23. 7 тэрбум төгрөг гэж байсан бол нэмэлтээр 19.3 тэрбумыг авч нийт 43.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Анхны үнийн дүнг 81 дахин нэмэгдүүлсэн гэсэн үг. Энэ жишээ хамгийн энгийн нь. Гудамж төсөлд оролцсон Монроуд тэргүүтэй Төгс үржих зам, Готик голд, Төгс зам, Пабликроуд, Би Ти Өү, Велдедлайне Монголиа, Наранбулаг гэх замын компаниуд анхны гэрээний үнийн дүнгээ 200-400 дахин нэмэгдүүлж нэмэлт санхүүжилт авсан нь шалгалтаар илэрсэн байна.
Мөн Яармаг хүртэлх 3 км замын барилгын ажил гүйцэтгэсэн Арц суварга ХХК анхны үнийн дүнгээ 11.8 тэрбум буюу 1154 хувь нэмэгдүүлж 12.8 тэрбумын санхүүжилт авсан байна. 3км замын барилгын ажлыг 12.8 тэрбумаар хийсэн гэхээр мэргэжлийн байгууллагынхан толгой сэгсэрч байна. Гэхдээ энэ бас л юу ч биш.
Дулааны 3-р цахилгаан станцын баруун хойд замаас урагшаа Яармаг гүүр хүртэлх 1.5 км автозамын барилгын ажлыг гүйцэтгэсэн Эрдэнэ зам ХХК анх 112.9 сая төгрөгийн гэрээ байгуулсэн ч нэмэлт санхүүжилтээр 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч анхны үнийн дүнгээ 5993 хувь нэмэгдүүлсэн байна. Ингэснээр 1.5 км замын барилгын ажлыг 6.8 тэрбум төгрөгөөр хийжээ.
Бадрах ойл ХХК мөн адил Монос уулзвараас Просолиуд ХХК хүртэлх 2.5 км замын барилгын ажилд 300 сая төгрөг төсөвлөж авсан ч нэмэлтээр 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. 4158 хувиар санхүүжилтээ нэмэгдүүлж нийт 12.7 тэрбум төгрөгөөр ажлаа гүйцэтгэсэн байна. Эндээс харахад 1км замыг 1 тэрбум төгрөгөөр барьж байна гэсэн шүүмжлэл оргүй байгаагүй гэдгийг баталж байна. Шалгалтын мартериалыг харахад голлон замын компаниудад олгосон санхүүжилт хувийн хэвшлийнхэнд олгосон зээлийн ихэнх хувийг эзэлж байна. Эргэн төлөлтгүй энэхүү зээлийн чанарын тухай энд ярих хэрэггүй.
Х.Тэнгис
times.mn
http://times.mn/f/16773/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих