Ням гарагийн орой, Өмнөд Солонгосын огцорсон ерөнхийлөгч Пак Гын Хэ Хөх ордныг орхиж, хувийн сууцандаа нүүн иржээ.
Үндсэн хуулийн шүүх түүнийг огцруулах шийдвэр гаргаснаас хоёр хоногийн дараа ийнхүү хатуу хамгаалалтын дор ерөнхийлөгчийн ордноос явсан байна.
Экс ерөнхийлөгчийн шинэ хувийн сууц нь Сөүлийн өмнөд хэсэгт байрладаг Ганнам дүүрэгт гэнэ. Түүнийг шинэ гэртээ ирэхэд гадна нь дэмжигчид цугларсан байжээ. Пак Гын Хэ гэртээ ирснийхээ дараа олон нийтэд хандаж мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд "Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадаагүйдээ би уучлал гуйж байна. Хэдийгээр хугацаа орж магадгүй ч эцэст нь үнэн ялна гэдэгт би итгэж байна” гэжээ.
Хуулийн дагуу 60 хоногийн дотор зохион байгуулагдах ээлжит бус сонгуульд Ардчилсан Намын тэргүүн байсан Мүүн Жэ Ин ялах магадлал өндөр байгаа юм. Санал асуулгаар тэр 36 хувьтай бусад өрсөлдөгчдөө тэргүүлж байгаа.
Өнгөрсөн Бямба гарагт хэдэн арван мянган хүн Сөүлд ерөнхийлөгчийг огцруулсан шүүхийн шийдвэрийг талархан тэмдэглэсэн бол 20,000 орчим Пакыг дэмжигчид мөн эсэргүүцлээ илэрхийлж, шүүхийн шийдвэрийг эргэн харахыг шаардсан юм. Энэ үеэр цагдаа хэд хэдэн үймээн дэгдээгчийг баривчилсан ба мөргөлдөөний үеэр ухаан алдсан нэг хүн эмнэлэгт амиа алдсан байна. Энэ нь Пакыг дэмжигчдээс амиа алдсан гурав дахь тохиолдол болжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих