Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсээс "Аюулгүй хүнс” аяны хүрээнд төлөвлөсөн арга хэмжээний дагуу хот хоорондын төв зам дагуу байрлалтай Хөлөнбуйр сумын 16 хоолны гэр, 4 хүнсний дэлгүүр, мухлагт урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.
Шалгалтаар хоолны гэрүүдийн хаягжилт, гадаад, дотоод орчны тохижилт, ариун цэвэр хангалтгүй, сав багаж хэрэгсэл угаах дамжлагыг технологийн дагуу зохион байгуулаагүй, ажлын байранд дүрэмт хувцас бүрэн өмсдөггүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний үзлэгийн хугацааг хэтрүүлсэн, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, шинжилгээний дүгнэлтийг нийлүүлэгчдээс авдаггүй, хэрэглэхийг хориглосон хуванцар саванд ус нөөцөлдөг зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ.
Хүнсний дэлгүүр, мухлагт худалдаалж хаяг шошгын зөрчилтэй, лабораторийн шинжилгээний дүнгээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй төрөл бүрийн чипс, чихэр, тахианы мөч, чавга, гаа зэрэг 2.9 мянган ширхэг, 436.9 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг акт үйлдэн хурааж, устгалын комисст шилжүүлсэн ба зохих зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан 136 ширхэг, 272.0 мянган төгрөгийн тамхийг хурааж, сумын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, устгах, улсын орлого болгох ажлын хэсэгт хүлээлгэн өгөв.
Хоолны гэр ажиллуулж буй 16 иргэнд "Хүнсний тухай”, "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, "Эрүүл ахуйн тухай” хууль, "Эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зөвлөмж” сэдвүүдээр болон хяналтын хуудсыг сурталчилах сургалт зохион байгуулж, "Хоолны үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөх зөвлөмж”, "Гар угаах заавар”, "Ариутгалын бодис найруулж хэрэглэх заавар” зэрэг зөвлөмжүүдээр хангав.
Хөлөнбуйр сумын ЗДТГ-тай хамтран хоолны гэрийн ойр орчмын хогийг цэвэрлэж, нийт 2.0 тн хог хаягдлыг сумын төвлөрсөн хогийн цэгт зайлуулах арга хэмжээ авав.
Урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өглөө гэж Аймгийн МХГ-аас мэдээллээ.
Эх сурвалж: Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих