"Зочин”-ы хоймортоо ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатны зүйн авран хамгаалах салбарын эрдэмтэн /Ph.D/ Б.БАДМА-ОЮУГ урилаа. Тэрээр монголын тотем шүтлэгийн судалгааг хөгжүүлж яваа залуу эрдэмтэн юм.
-Таныг монголын угсаатны зүйн судлалаар дагнан эрдэм шинжилгээ, судалгаа явуулдаг гэж сонссон. Яагаад энэ сэдвээр судалгаа явуулах болов?
-Аавынхаа мэргэжлийг өвлөн судалгаа, шинжилгээний ажлыг нь үргэлжлүүлж байгаа гэж хэлж болно. 1994 онд нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Чойжавын Лувсанжавын Хэл-Иргэншил дээд сургуульд элсэн суралцсан. Энэ нь монголын хамгийн анхны хувийн дээд сургууль байсан бөгөөд би ч мөн тус сургуулийн анхны элсэгч нь. "Чой.Лувсанжав шаггүй сургууль байгуулж мэднэ. Монгол судлалаар явах хүнд тэр сургууль их хэрэгтэй” гэж аав маань надад хэлж байлаа. Үнэхээр ч манай сургууль монгол хэл, хэл судлал, угсаатны судлал, түүхийн чиглэлээр монголын нэртэй эрдэмтэд, судлаачдыг урин багшлуулж байсан. Би тус сургуулийг угсаатны судлаач мэргэжлээр төгсөөд одоог хүртэл Түүх, Археологийн хүрээлэнгийн Угсаатны судлалын салбарт ажиллаж байна.
-Түүх, Археологийн хүрээлэнгийн археологи, угсаатны зүйн авран хамгаалах салбар гэж таны нэрийн хуудаст бичсэн байна. Энэ чухамдаа ямар үйл ажиллагаа явуулдаг салбар вэ?
-Хүмүүст өөрийгөө авран хамгаалах салбарт ажилладаг гэхээр Онцгой байдлын газарт ажилладаг юм уу гэж эндүүрэх нь элбэг. Үнэндээ манай салбар соёлын талаасаа авран хамгаалах үүрэгтэй. Монгол орны нутаг дэвсгэрт уул, уурхай эрчимтэй явагдаж, ашигт малтмалын ажил хаа сайгүй өрнөх болсноос эртний археологийн дурсгалууд олноор сүйдэх болсон. Манай салбарын хийх гол үүрэг нь тухайн уул уурхайн лицензтэй талбайд орсон өрх бүхэнтэй уулзаж, тэдний бэлчээрийг бүртгэж авах, нутагт нь байдаг археологийн дурсгалуудыг хамгаалах үүрэгтэй.
Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуульд уул уурхай, зам, барилга барихад археологийн соёлын өв, дурсгалыг бүртгэж, хамгаална гэж заасан байдаг. Энэ нь бидний үйл ажиллагааны чиглэлийг хуульчилж, төр засгаас дэмжсэн явдал юм.
-Таны аав монголын нэртэй угсаатан судлаач эрдэмтэн С.Бадамхатан гэж хүн байсныг сонссон. Аавынхаа тухай ярина уу?
-Аав маань Москвагийн их сургуулийг угсаатан зүйн судлалаар төгсөж ирсэн анхны монгол оюутан, анхны угсаатны судлаач. Сургуулиа төгсөж ирээд судалгааны ажлаа угсаатны олон бүлэг дотроос Хөвсгөлийн дархад ястан руу чиглүүлсэн. Тухайн үед алс бөглүүд амьдардаг байсан дархад ястанг судалсан анхны эрдэмтэн. 1962 онд Москвагийн их сургуульд "Хөвсгөлийн дархад ястан” бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсан. Одоог хүртэл уг бүтээл нь эрдэмтэн судлаачдад үлгэр болж явдаг. Өөрөөр хэлбэл, угсаатан судлаачдын хувьд сонгодог жишээ болж, ном, судалгааны материал бичихдээ энэ номны стандартыг барьж бичдэг гэсэн үг.
-Харин таны хувьд угсаатны зүй дотроо ямар сэдвийг түлхүү судалж байна?
-Монголчуудын тотем шүтлэгийн онцлог, түүний мөн чанарын тухайд илүүтэй судалгааны ажлаа чиглүүлж байна. 2011 онд "Монголчуудын Тотем шүтлэг” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тотем шүтлэг нь хүн төрөлхтөний шашин шүтлэгийн эцэг гэж болно. Мөн эртний хүмүүсийн шүтлэг гэж ойлгодог ч одоог хүртэл бидний дунд оршсоор байдаг.
-Тотем шүтлэг гэж чухам юу юм бэ?
-Монголчуудын дунд өнөөг хүртэл өөрсдийгөө чононоос гаралтай гэж итгэсээр байгаа үзэл бий. Гэтэл энэ бол балар эртний тотем шүтлэг бөгөөд "Нууц товчоо”-нд Алунгоо эх хоёр хүүдээ "Гарахдаа наран сарны хилээр шар нохой мэт шарвалзан гарах бөлгөө” гэж хэлдэг. Энэ нь угтаа Бөртэ чоно юм. Үүнээс улбаалж Хиад Боржигон аймгийн шүтээн нь чоно болсон түүхтэй. Гэтэл бид XXI зуунд бараг бүгдээрээ чоно шүтээнтэй болчихсон байна. Угтаа бол энэ нь зөвхөн нэг овог, аймгийн л шүтээн юм.
Мөн баруун аймгийнханд авч үлдсэн зан үйл байна. Энэ нь хуримлаж буй эмэгтэй хүн нагацын талгүй өнчин бол шар нохой дагуулж хуримандаа ирэх ёс байдаг. Энэ нь нагацын талгүй учраас өвөг дээдсээ буюу Бөртэ чоноо дагуулж ирж байгаа үзэгдэл юм. Энэ мэт тотем шүтлэгийн улбаа, зан үйл бидний дунд оршсоор байна.
-Монголчуудын тотем шүтлэгийн онцлог бусад улсаас юугаараа ялгардаг вэ?
-Та Холливуудад хийсэн индиантай кинонуудаас анзаарсан байх. Тухайн кинонд индианчууд "Бүргэд”, "Баавгайн савар”, "Чонын соёо” гэсэн нэртэй байдаг шүү дээ. Харин монголчуудын хувьд тийм нэр томьёо гэхээр юм байдаггүй. Индианчууд чонын бүжигтэй, хятадууд луугийн бүжигтэй, европын орнууд бух, баавгайг илэрхийлсэн бүжиг, урлагтай байдаг. Харин монголчууд чоноо тахиад, дуурайж бүжиглээд байдаггүй. Энэ нь бусад улсад тотем шүтлэг нь ил байдаг бол монголчуудад далд, зан үйлийн талдаа хөгжсөн байдгийг харуулж байна. Тухайлбал, Боржигон овог Хиад угсаатай учраас зөвхөн Хонгириад аймгийн цагаан шүтлэгтэй айлаас эхнэр авдаг ёстой. Тиймээс Есүхэй баатар Тэмүжинг Хонгириад аймаг руу дагуулж явдаг шүү дээ.
-Тотем шүтлэг өнөөдөр хүн төрөлхтөнд ямар хэлбэрээр оршиж байна вэ?
-Эртний хүмүүс баавгайг хараад хүч чадлын бэлгэ тэмдэг, жигүүртэн шувууг эрч самбаа, чоныг суу заль, ухаан гэх зэргээр бэлгэдэж шүтэж байсан. Энэ нь овог цаашлаад аймаг, улсын шүтээн болж байлаа. Гэвч цаг хугацаа, түүхэн хөгжлийнхөө явцад хүмүүс өөрсдийгөө амьтнаас илүү хүчтэй гэдгээ ухаарч эхлэсэн. Ингээд хүн өөрөө шүтээн болсон. Эртний Хятад, Хүннүгийн хаад өөрсдийгөө тэнгэрийн хүү гэж нэрлэдэг байсан нь үүний тод жишээ. Дараа нь тотем шүтлэг бөө мөргөлийн шашинд орж ирсэн. Согоо, чоно, хэрээ зэргээр онгод, улаачаа хийж, өвөг дээдсээ унаж ирдэг ёсон үүнтэй холбоотой. Өнөөдөр ч бидний дунд энэ ёсон бүдгэрээгүй. Улс үндэстний хувьд одоо ч гэсэн төрийн далбаа, бусад бэлгэ тэмдэгт нь тотем шүтлэг оршсоор байна. Хоёр толгойтой луу, бүргэд, хэрээ, арслан, бар, морь, тогос, гөрөөс гээд олон амьтан улс, үндэстний бэлгэ тэмдэг болоод төрийн далбаанд нь намираад явж байна.
-Монголчуудын угсаа гарвал Хүннүгээс үүсэлтэй гэж бид ярьдаг. Харин хүннүчүүд хаанаас үүсэлтэй талаар та судалж байв уу?
-Угсаатан судлаачдын гол асуудлын нэг нь энэ л дээ. Хүннүчүүдээс өмнөх судалгаа руу орохоор археологийн судлагдахуунтай холбогддог. Учир нь хүннүгээс урагш ямар нэгэн бичиг, соёлын дурсгал байхгүй. Тиймээс дөрвөлжин булшны соёл үлдээгчид, хэрэгсүүрийн соёлын үлдээгчдийн ул мөрийг судалж, генетикийн тархацыг нь тогтоох шаардлагатай болдог. Манай эрдэмтдийн хувьд байж болох хамгийн бодит хувилбар нь дөрвөлжин булшийг үлдээгчид гэж үздэг. Өвөг дээдсээ нарийн шинжлэхэд бидэнд хамгийн тулгамдаж буй асуудал нь генетикийн судалгааны нарийн лаборатори юм. Энэ бол маш өргөн хүрээг хамарсан маш их генетикийн судалгаа шаардсан ажил. Цаашдаа энэ сэдвээр монголын эрдэмтэд нэгдэж томоохон судалгаа хийхээр төлөвлөж байгаа.
Ярилцсанд баярлалаа Амжилт хүсье.
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо"сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих