-Альцгеймер өвчний талаар мэдээлэл өгөхгүй юу. Манай улсад энэ өвчин оношлогдсон уу. Монголчуудын дунд энэ өвчний ойлголт ямар хэмжээнд байна вэ?
-Альцгеймерийн өвчнийг ярихаас өмнө тэнэгрэл гэдэг өвчнийг ярих нь зүйтэй байх. Хүний тархины гадар нь үй олон эсээс бүтэж байдаг. Тэр эсүүд нь хоорондоо байнга сэрэл дамжуулж, мэдээлэл солилцож байдаг юм. Гэтэл энэ процесс алдагдахаар тэнэгрэл, оюуны хомсдол гэх зэрэг өвчин үүсч эхэлдэг. Энэхүү тэнэгрэл гэх өвчин нь маш олон шалтгаантай үүсч болно. Нэгдүгээрт ямар нэгэн өвчний суурин дээр биш биеэ дааж үүсдэг юм. үүний нэг том жишээ бол альцгйемерийн өвчин юм. Монгол хүний дундаж наслалт богино байдагтай холбоотойгоор энэ өвчин манай улсад маш ховор тохиолддог. Оношлогдсон тохиолдол ч мөн маш ховор байдаг. Иргэд гадаадад очиж оношлогдсон тохиолдол бол байдаг байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд MRI аппратууд олон болсонтой холбоотойгоор оношлогдох боломж нэмэгдсэн гэж үзэж байгаа л даа.
-Альцгеймерийн өвчин үүсэх гол шалтгаан нь юу юм бол. Чухам юунаас үүдэлтэй вэ?
-Энэ өвчний шалтгааныг нь яг нарийн тогтоогоогүй байдаг. Гэхдээ MRI шинжилгээгээр харахад энэ өвчний үед тархины чамархай, зулайн хэсгийн эсүүд нь үхэжсэн байдаг л даа. Өөрөөр хэлбэл чамархай, зулайн хэсгүүдэд хатангиршил болсон байдаг юм. Түүнээс биш яг тэрнээс болсон гэх шалтгаан тодорхойгүй. Ихэвчлэн өндөр настангууд энэ өвчнийг тусдаг. Тодруулбал, 50-аас дээш насныхан ихэвчлэн өвдөх боловч 70-аас дээш насныхан бол гурван хүн тутмын нэг нь альцгеймерийн өвчин тусах магадлал маш өндөр гэж үздэг юм. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд ихэвчлэн өвчлөх магадлалтай. Түүнчлэн нэгэн сонирхолтой судалгаагаар энэ өвчинд оюуны ачаалал багатай, боловсрол султай хүмүүс нэрвэгдэх магадлалтай гэж үзсэн байдаг.
-Монголд их ховор тохиолддог гэж байна шүү дээ. Энэ нь насжилтаас болдог юм болов уу, эсвэл орчин нөлөөлж байна уу. Ямар шалтгаантай юм бол?
-Монголд тэнэгрэл, зөнөсөн хүн их байдаг. Үүнийг альцгеймерийн өвчин гэж хэлж болохгүй. Тэнэгрэл бол маш олон шалтгаантай үүсдэг. Үүний нэг нь тархины судасны гаралтай тэнэгрэл гэж байдаг юм. Даралт ихтэй олон жил явсан хүмүүсийн тархины судаснууд бөглөрөх юм уу, судас хагарсантай холбоотой жижигхэн цэгчилсэн цус харвалтууд үүсч байдаг. Үүний улмаас тэнэгрэл үүсч болно. Монголчуудад энэ тохиолдол илүү давамгай байдаг.
-Таньд ирж үзүүлдэг, үйлчлүүлэгчдийн дунд тархи мэдрэлийн өвчтэй хүмүүс хэр их байна, хүмүүс толгой тархины өвчнөөс болоод ядаргаанд орчихоод байна, ядаргаанд ороод зарим зүйлээ мартаад байна гэдэг шүү дээ. Ажиглахад ийм байдал хэр байх шиг байна?
-Настай хүмүүс бол дийлэнх нь юмаа мартаад байна, нойргүйтээд байна, толгой өвдөөд, эргээд байна гэх зэрэг шинж тэмдгүүдийг хэлж л байдаг л даа. Энэ нь тэнэгрэл өвчний үндсэн эхлэл байж болно. Ерөнхийдөө судасны шалтгаантай тэнэгрэл үүсэхийн үндсэн шалтгаанууд нь жижигхэн цэгчилсэн цус харвалтууд, эсвэл тархины гэмтэл, хавдар, тархины судасны нарийсал, судасны хатуурал байдаг л даа. Гэтэл энэ судасны хатуурал, нарийслийн үндсэн шинж тэмдэг нь юм мартах, толгой өвдөх, толгой эргэх, даралт ихсэх, нойрондоо муудах, чих дүнгэнэж шуугих зэрэг нь хамгийн эхэнд илрэх түгээмэл шинж тэмдэг болдог. Яваандаа судасны шалтгаантай тэнэгрэл үүсэх үндсэн шалтгаан болж болно.
-Монголчуудын хувьд мэдрэлийн гаралтай ямар өвчин зонхилон тохиолддог юм бол?
-Манай эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчитнүүдийн дунд мэдрэлийн гаралтай өвчнөөс толгой, нурууны гаралтай өвчин их байдаг. Дээрээс нь манайд уналт, таталттай хүмүүс их ирдэг.
-Тэнэгрэх өвчинд нэрвэгдэхгүй байхын тулд яах ёстой юм бэ?
-Бидний ярьж буй альцгеймер өвчний үед бүрэн төгс эмчлэх эмчилгээ гэж байхгүй. Харин энэ өвчний явцыг, даамжруулаад байгаа процессыг удаашруулах зогсонги байдалд байлгах эм байдаг. Гэхдээ тэр эмнүүд нь манай улсад хараахан орж ирээгүй байгаа. Тэнэгрэх өвчин эхэлсэн хүмүүсийн өвчнийг удаашруулахын тулд хамгийн гол нь тухайн өвчитнийг нийгэмшүүлэх нь чухал байдаг. Тэр хүнийг байнга ойр дотныхоо хүмүүстэй хамт байлгах, орчин тойрноос тусгаарлахгүй байх, сэтгэл гутралаас нь сэргийлэх, байнга сэтгэл санааг нь дэмжиж байх, хараа муудвал харааны шил зүүлгэх, сонсгол муудвал сонсголын аппарат зүүлгэх, өөрийнх нь дур сонирхолтой зүйлсийг нь хийлгэх, ном сэтгүүл уншуулахдаа том зурагтай, тодорхой бичигтэй ном сэтгүүл уншуулах нь цаашаа хурдан хугацаанд даамжрахаас сэргийлж өгнө.
Тухайн хүнийг мэдэхгүй газарт нь, харанхуй газар байлгах, ганцааранг нь байнга байлгах, ганцаардуулах, нийгэмшүүлэхгүй байх, эм тариа ихээр хэрэглэх нь энэ өвчнийг маш хурдацтай даамжруулдаг.
-Хүмүүс барьсан тавьснаа мартаад байна гэдэг шүү дээ. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Бүр залуу насныхан ихэвчлэн энэ зовиурыг хэлдэг. Залуу насныхны дунд стрессийн гаралтай ийм шинж тэмдэг ажиглагдаж байдаг. Тэгэхээр залуучууд ачааллаа багасгаад ажил амралтынхаа дэглэмээ зохицуулаад, стрессээ аль болох тайлж сурах нь их чухал. Стрессээ тайлаад, ажил амралтаа зохицуулаад байвал яваандаа энэ өвнөөс сэргийлэх боломжтой. Харин ахимаг насныхан юмаа мартах шинж тэмдэг илэрвэл харъяа мэдрэлийнхээ эмчид хандах шаардлагатай. Ахимаг настангуудад судасны хатуурал аль хэдийн бий болчихсон байдаг. Хатуурсан судсыг буцааж тэлээд залуу хүн шиг уян хатан чанартай болгоно гэж байхгүй. Тийм учраас харъяа мэдрэлийнхээ эмчээс зөвлөгөө аваад шаардлагатай эм тариаг тогтмол хэрэглэх нь зөв.
-Тэнэгрэх өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Тэнэгрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд хамгийн түрүүнд таргалалтаас сэргийлэх хэрэгтэй. Жин нэмэхгүй байх шаардлагатай. Тархины судасны хатуурлыг үүсгэдэг үндсэн шалтгаан нь таргалалт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, цусанд сахар ихсэх өвчин байдаг. Түүнчлэн даралтаа хянаж байх нь чухал. Тодруулбал, өөрийнхөө хэвийн даралтаа ямар байдгийг тухайн хүн мэдэж байх хэрэгтэй л дээ. Бидэнд ирдэг ихэнхи өвчтөн хэвийн даралтаа мэддэггүй, даралтаа хянаж байгаагүй тийм хүмүүс байдаг.
А.Өлзий
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих