
Хүн
төрлийг олно гэдэг зүүний үзүүр дээрээс будаа асгахад ширхэг будаа
тогтож үлдэхтэй адил ховор зүйл гэдэг. Тэгвэл ихэр хүүхэд төрнө гэдэг
бүр ч хэцүү байж таарна. Цаашлаад, гурав дөрөв бүр долоон ихэр төрнө
гэдэг санаанд багтмааргүй ховор зүйл. Тэгээд ч ихрийн тоо олон байх
тусам тээх, төрөх нь ээдрээтэй болдог. Дөрөв ба түүнээс олон ихэр болоод
ирэхээр бүгд нялх нярай үеийг эсэн мэнд давж насанд хүрнэ гэдэг бүр ч
ховор. Гэхдээ л тийм тохиолдол бас байна. Долоон ихэр хүүхэд бүгд
насанд хүрсэн цорын ганц тохиолдол.
Гэнэтийн бэлэг
Бобби
ба Кенни Маккохью нар Америкийн бусад мянга мянган гэр бүлийн сайн
сайхныг хүсч мөрөөдсөн бусад мянга мянган гэр бүлийн адил жирийн л айл
байв. Ялгаатай нь гэвэл их шүтлэгтэй. өдрүүдэд нь сүмдээ мөргөл үйлддэг,
үнэ төлбөргүй ажиллаж өгдөг. Шүтлэгтэй хүмүүс тул хүүхдийг бурханы
хишиг гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй, манайхаар бол дээд баян үр
хүүхэд гэдэг үзэлтэй хүмүүс байж. 1996 онд энэ хоёр охинтой болж Микейла
гэж нэр өгчээ. Охиныг төрөхөөс өмнө ямар ч байсан гурав эсвэл дөрвөн
хүүхэдтэй болно гээд шийдсэн байсан аж. Ингээд эмнэлэгт үзүүлж шинжилгээ
энэ тэр хийлгэтэл эмч нар ахиж хүүхэд олох магадлал тун бага гэдгийг
хэлжээ. Гэвч тэд сэтгэлээр унасангүй эмчийн заасан эмийг ууж бурхандаа
мөргөсөөр явтал 1997 онд ахин жирэмсэн болсон гэдгээ мэдсэн байна. Хөл
хүнд болсон тул эмчид үзүүлсэн нь мэдээж. Гэтэл эмч эхо-д хараад Кенни
Маккохьюгийн хэвлийд долоон ураг байгааг тогтоож. Энэ бол тэдний хувьд
гэнэтийн бэлэг болсон байна.
Гэхдээ
эмч нар ийм олон ураг зэрэг байгаа тохиолдолд бүгдийг нь тээх эрсдэлтэй
гээд төрөлтийг хэвийн явагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд хэсэгчилсэн
аборт хийхийг санал болгосон байна. Долоо байгаа юм чинь ядаж гурвыг нь
авчихвал үлдсэн дөрөв эсэн мэнд төрөх магадлалтай гэж хэлсэн хэрэг.
Их
шүтлэгтэй Бобби ба Кенни Маккохью нар үр хөндөлт, абортыг том нүгэл
гэж үздэг тул эрс татгалзаад бүгдийг бурхандаа даатгасан гэнэ. Ингээд
1997 оны арваннэгдүгээр сарын 17-нд Кенни, Натан, Брэндон, Жоэл гэсэн
нэртэй болсон дөрвөн хүү, Алексис, Натали, Келси гэсэн нэр авсан гурван
охин эсэн мэнд төрсөн байна.
Баяр хөөр
Энэ
ховор тохиолдлын тухай Америк даяараа мэнд хэдэн зуун баярын захидал,
цахилгаан ирэв. Тэдний дотор тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч Билл
Клинтон хүртэл баяр хүргэсэн байна. Ихрүүд азтай аав, ээж хоёрын хамт
Америкийн төдийгүй дэлхийн том сонинуудын нүүрэнд гарч нэг хэсэгтээ л
одууд болов. 1998 онд Маккохьюгийн гэр бүлийн бүрэн бүрэлдэхүүнээрээ
Опра Уинфригийн шоунд оролцжээ. Ингэхээс ч өөр аргагүй байв. Тухайн үед
тэд нэг ойндоо бүгд эсэн мэнд хүрсэн дэлхийн анхны анхны долоон ихэр
болсон байлаа.
Хүний сайхан сэтгэл
Өрийн
тэргүүн Кенни Маккохью нь гал зуухны тавилга хийж зардаг, амралтын
өдрүүдэд сүмдээ даамал хийдэг тул ажлаа хаяж эхнэртээ ихрүүдийг асрахад
нь туслах ямар ч боломжгүй байв. Гэвч хүнд байдлаас гарахад нь төрөл
садан, хөршүүд хамгийн гол нь олон тооны сайн дурын хүмүүс хамгийн ихээр
туслажээ. Ганц хүүхдийг хүний дайнд хүргэх гэж юу болдог билээ гэтэл
энд долоогийн долоо байгаа тул ар гэрийн асуудал гэдэг тун ч дээртэй,
сайн дурын олон туслах байгаагүй бол ёстой л үсээ зулгаамаар, хөл толгой
нь олдохгүй юм болох байсан нь мэдээж. Ингээд сайн дурынх жижүүр хийх
хуваарь гарган жаргалтай аав ээж хоёрт туслажээ.
Нэг
нь гэр орныг цэвэрлэнэ, нэг нь хүүхдүүдийг хооллоно, нөгөө нь дэлгүүр
идэж уух юманд явна гээд бүгд ажлаа нарийн хуваарьлан ажиллажээ.
Компаниу д ч зүгээр байсангүй хандив өргөсөөр өнөр өтгөн айлд Айова
мужийн төв Де-Мойне хотод 500 кв. метр талбайтай байшин, гэр бүлийн
машин бэлэглэсэн байна. Дээр нь хоёр жилийн живх, хүүхдийн хувцас
бэлэглэж, хөлсний хүүхэд асраг хөлсөлсөн тохиолдолд өгөх мөнгөний
тодорхой хэсгийг дааж. Үүнээс гадна мужийн эрх баригчид хүүхдүүдийг том
болоод улсын мэдлийн ямар ч их сургуульд орвол бүгдэд нь сар болгон
оюутны тэтгэлэг өгч байхаа амлажээ.
Гэхдээ
тэдний амьдралыг шүүмжилсэн хүмүүс ч цөөнгүй гарч. Нэр усаа хэлээгүй
зарим хүмүүс тэдний хаягаар "Өөрийн хөдөлмөрөөр тэжээж чадахгүй байж
олон хүүхэд гаргаж үйлийг нь үзлээ” гэхээс эхлээд "Анхнаасаа
хүүхдүүдээрээ шоу хийж мөнгө олох зорилготой байсан”, "Гэр бүлээ
төлөвлөж чаддаггүй арчаагүй” гэх мэт зэмлэл, хорон үгтэй захиа
тасралтгүй авдаг байжээ. Гэвч зарим нь ингэж хялам харж байхад өдөр
болгон шахуу танихгүй хүмүүс ирж хүүхэд харах, гэр орны ажил хийхэд нь
үнэ төлбөргүй туслахыг санал болгож байсан нь сэтгэлийн маш их дэм өгч
байсан гэж Бобби Кен хоёр хожим нь дурссан байдаг.
Сургууль
2002
онд ихрүүд бусад хүүхдүүдийн адил сургуульд оров. Харин том охин
Микейла нь гэрээрээ боловсрол эзэмшинэ гэхэд аав, ээж нь дургүйцээгүй
байна. Тэр үед сонин хэвлэл долоон ихрийг бараг мартаад байсан бол сайн
дурынхан туслаж дэмжсэн хэвээр байв. Тэд өдөр болгон ирж, урьдын адил
хуваарь гарган гэр орны ажлаас нь хамжилцсан хэвээр байв.
Нэг өдөр
2006
он Бобби нь "NBC” сувагт ярилцлага өгөхдөө тэдний гэр бүлийн жирийн
нэг өдөр яаж өнгөрдөг талаар ярьжээ. Тэрээр "Бид хүүхдүүдээ 8 гэхэд
сургуульд нь хүргэж өгөхийн тулд 7 дөхүүлээд сэргцээдэг. Ихрүүд өдрийн 3
цагийн үед сургуулиас харьж ирнэ. Тэгээд үдийн хоолоо идээд, гэрийн
даалгавраа хийнэ. Оройн 6 –н цагийн үед оройн хоолооо иднэ. Дараа нь
шүдээ угаагаад, унтлагын хувцсаа өмсөнө. Хүүдүүд 19:30 гэхэд унтахаар
хэвтэцгээдэг ” гэж байжээ.
Аав ээж хоёр долоо хоногт нэг удааа хөлсний асрагч урьж хүүхдүүдээ харуулаад хоёул кино үзэж, эсвэл зоогийн газар суудаг.
Декрет дуусав
2009 онд ихрүүд 12 нас хүрэхэд Боббигийн декрет дуусч ажилд орсон байна. Тэрээр одоо хүүхдийн цэцэрлэгт ажилладаг.
Том хүмүүс
Америкт
16 настайгаас нь жолооны үнэмлэх олгож эхэлдэг, иймд өнгөрсөн жил
ихрүүд 16 нас хүрч жолоо барих эрхтэй болоод гэр бүлийнхээ машиныг барих
хүсэлтэйгээ хэлсэн нь ойлгомжтой. Хариуд нь аав ээж хоёр нь "Эхлээд
машиныхаа мөнгийг хийцгээ” гэсэн юм байна. Ихрүүд үүнтэй санал нийлээд
хичээлийн бус цагаар ажил хийдпэг болсон байна.
Амьдрал хатуу
Ивээн
тэтгэгчид, сайн дурынхан байнга туслаж байдаг хэдий ч гэр бүлийн санхүү
нэлээд хүнд байдалтай байдаг. Хүүдүүдийн хоол, хувцасанд их мөнгө
зарахаас гадна Алексис ба Натан хоёрын саажилтыг эмчлэхэд нэлээд мөнгө
үрдэг.
Дараа
жил ихрүүд дунд сургуулийн ахлах ангийг дүүргэнэ. Бүгд коллежид элсэх
сонирхолтой. Тэдний энэ хүсэлтийг эцэг, эх нь төдийгүй мужийн эрх
баригчид дэмжиж байгаа аж. Мужийн эрх баригчид 17 жилийн өмнө коллеж,
дээд сургуульд элсвэл сар болгон тэтгэлэг өгч байна гэсэн амлалтаа
мартаагүй байгаа хэрэг.
Ихрүүдийн
ээлжит төрсийн өдрөөр Опра Уинфри тэдний талаар шинэ нэвтрүүлэг
үзүүлжээ. Энэ нэвтрүүлгээр долоон ихрийн эгч Микейла бага байхдаа эгч
гэдгээ дөвийлгэх гэдэг байсан бол одоо дүү нартайгаа үеийн юм шиг
харилцдаг болсноо хэлээд "Би жаахан байхдаа би босс зан гаргадаг
байсан, одоо харин үгүй” гэжээ.
Ямар
ч байсан хүүхдүүд 17 хүрсэн тул одоо амьдрал нь хамаагүй хялбар болсон
гэдгийг өрхийн тэргүүн Кенни хэлсэн байна. Наад зах нь хоол хийх болоход
хуучин шиг ээж ганцаараа биш ихрүүд, эгч гээд бүгд оролцож тусладаг
болсон. Бас бус гэрийн ажлыг ихрүүд мөн л хэлүүлэлтгүй өөрсдөө хийдэг
болсон байна.
Маккохьюгийн
гэрт хоёр хөргөгч, бичил долгионы зуух хоёр, аяга шаазан угаагч хоёр
машин байдаг. Ингэхгүй бол хоол унд бэлдэхэд хэт их цаг ороод байдаг
гэнэ. Гэхдээ 17 жилийн турш огт өөрчлөгдөөгүй нэг зүйл бол угааж
цэвэрлэх хувцасны хэмжээ. Эднийх өдөр болгон 2-3 удаа угаалгын машинд
дүүртэл хувцас хийж угаах нь хэвийн зүйл.
Маккохьюгийн
ихрүүд хамгийн олон бишийг бүгд л мэднэ. Орчин үеийн анагаах ухаан
хөгжиснөөр найм бүр есөн ихрийг хэвийн төрүүлж чаддаг болсон. Гэхдээ л
тэднийг бүгдийг нь хүний зэрэгт хүргэнэ гэдэг тун амаргүй, бүр тодорхой
хэлвэл сайн санаат хүмүүсийг сэтгэл харамгүй тусламж, дэмжлэггүйгээр
бараг боломжгүй. Харин энэ тусламж, сэтгэлийг Маккохьюгийн авч чадсан.
Тэднийх шиг насанд хүрсэн долоон ихэр өнөөдөр дэлхий дээр хаана ч
байхгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих