Буриад Монголын нутагт оросын зөвлөлт засагийн харгис бодлого идэвхижиж нэгэн түмэн гаруй (бодит байдалаар хоёр түм илүү) буриад-монгол хүнийг цаазлаж, Буриад монголын газар нутагаас таслан Оросын хязгаарын тойрог ба хотууд дээр нэгтгэх, буриад-монгол малчидын билчээр газар нутагийг булаан орос тариачид-д өгөх, буриад монголчуудын сүсэг биширэлийг боогдуулж сүм хийдүүдийг нураан сүйтгэх, лама нар ба бөө удаган нарыг цаазлан хороох ажиллагаа явуулж байсан тул буриад-монголчууд долоон удаа томоохон зэвсэгт бослого гаргасан байна.
Оросын улаан цэрэгүүд уг зэвсэгт бослого тэмцэлийг цус урсган дарж үүний уршигаар буриад-монголын бүх сэхээтэн хүмүүсийг мөрдөн шалгаж хорьж байлаа. Оросын зөвлөлт засагийн харгис бодлогын шууд үр нөлөө бол Буриад Монголын нутагт "Нармай монголын хөдөлгөөн” дахин бий болох нөхцөл болж, үхэр жил (1937 онд) Буриад Монголын удирдагч Ярбаны Михэй (Михэй Ербанов) тэргүүтэй улс төр нийгэмийн зүтгэлтэнүүд, шашины зүтгэлтэнүүд Бүгд найрамдах Буриад-Монгол өөртөө засан тогтнох улсыг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гаргаж тусгаар улс болох, уламаар Монгол Улсад нэгдэх бодлого баримталж энэ санаагаа Зөвлөлт засагийн дээд зөвлөлд бичиг өргөсөн байна.
Орос улсын Зөвлөлт засагийн эрх баригчид үүний цаана Шарайд Цэвээн (Жамсарано) [тавин зургаан настай], Галзууд Агваанлувсан лхарамба (Агваан Доржиев) [наян дөрвөн настай] хоёрыг байна хэмээн үзэж юуны түрүүнд тэднийг баривчилах ажиллагааг зохион байгуулав.
1937 оны 3-р сарын 28-нд Н.И.Ежовоос Оросын удирдагч Сталинд илгээсэн маш нууц тусгай мэдэгдэлд: "Жамцарано Ленинградад суралцаж буй монгол оюутануудаас элсүүлэн авсан гишүүддээ лам нар, хамжлагат-нударган бөлөгүүдээс хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэх үүрүүд байгуулах үүрэг өгөөд Буриад болон Монгол уруу илгээж байна” гээд мөн түүнчлэн "Жамцарано бол Буриад-Монгол улсын зөвлөлт засагийг устгаад БНМАУ-ыг (Монгол улсыг) зөвлөлтийн нөлөөнөөс гаргаад Японыг шүтэх уриан дор бүх Монгол үндэстэнийг нэгтгэн тусгаар улс байгуулах зорилготой Ленинград дахь буриад монгол оюутануудын хувьсгалын эсэргүү төвийн толгойлогч болох нь Ленинградад баривчлагдсан бөлөг оюутануудын мэдүүлэгээр нотлогдож байна” гэжээ.
Шарайд Цэвээн (Жамсарано) нь БНМАУ-ын талаар ЗХУ-ын явуулж буй бодлогыг эрс шүүмжилж, БНМАУ тусгаар тогтносон улсын эрх мэдэлгүй болж, ЗХУ-ын улс төр, эдийн засагийн эрхшээлд оршиж байгаа нь хараат улс байдалтай болсоныг илэрхий шүүмжилж байжээ. ЗСБНХУ нь өөрийн мэргэжилтэн, зөвлөх нараар дамжуулан Монгол улсын улс төр, аж ахуйн бүх салбарыг гартаа оруулж аваад монголчуудын улс ороноо удирдах бүрэн эрхийг алдагдуулж байна гэж Шарайд Ж.Цэвээн үзэж байлаа. Тиймээс ЗХУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөөнөөс БНМАУ-ыг гаргах, Монгол улсын тусгаар тогтнолыг бусад олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй гэж үздэг байв. Шарайд Цэвээн (Жамсарано) Монгол улсын бүрэн тусгаар тогтнолын асуудалд ЗХУ-ын нөлөөнөөс гаргахыг дэмждэг боловч ЗХУ-ыг баримталдаг чиг баримжаагаа хэзээ ч орхиогүй, мөн Японыг түших, хэлбийх явдал байгаагүй гэдэгээ батлан илэрхийлсэн байдаг.
1939 оны 4-р сарын 17-нд өгсөн мэдүүлэгтээ Цэвээн Жамсарано: "Би бол Гадаад, Дотоод хоёр Монголыг нийлүүлсэн Хянганаас Алтай хүртэлхи, Оросын хилээс Хятадын Цагаан хэрэм, Хөхэ нуур хүртэлхи нутаг дэвсгэр дээр Нармай Монгол улс байгуулах үзэл санааг баримтлагч мөн. Бүх Монгол овогтоны сэтгэл оюуныг татах соёл, улс төрийн төв нь Улаанбаатар байх ёстой. Миний санаагаар бол олон газарын засаг захиргаа, соёл урлагийн байгууллагуудын төлөөлөгчид үе үе энэ төвд хуран чуулж санаа бодолоо солилцож байх болно.” гэжээ. мөн түүнчлэн "Буриад хүмүүсийн суудаг ЗХУ-ын нутаг дэвсгэрийг таслан авч Монголд нэгтгэх санаа надад огт байгаагүй, энэ талаар би хэнтэй ч зөвлөлдөж байсан удаа байхгүй.
Харин БНМАУ-ын хил хязгаарын гадна таслагдсан монголчууд хувийн журамаар нүүдэллэн ирвэл тус улсын хүн амын өсөлтөнд нэмэртэй гэж боддог” гэж онцолж хэлсэн байна.
Оросын эрх баригчид монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн (Жамсарано)-ийг үхэр жил (1937 онд) "Нармай Монголын хэрэг”-ээр баривчилан гурван жил гаруй эрүүдэн тамлаж луу жилийн улар сарын 11-ны өдөр (1940.2.19) Оросын дээд шүүхээс түүнд хуурмаг ял тулгаад таван жил гянданд хорих ял оноосон юм.
Монголын их эрдэмтэн Шарайд Цэвээн (Жамсарано) таван жил гаруй хоригдож байгаад морин жилийн буган сарын хорин есний өдөр (1942 оны 4 дугаар сарын 14-ны өдөр: зарим мэдээнд 1942-5-14) Гулагийн харьяа Оренбургийн шорон (Сол-Илэцкийн шорон)-д жаран нэгэн насандаа таалал болсон юм.
Элбэгдоржи Ринчино нь Монголоос Зөвлөлт Орос уруу буцаж очсоныхоо дараа Оросын дарангуйлалын эсрэг тэмцэж, Буриад-Монголын БНУлсыг тусгаар тогтнуулах, улмаар Буриад-Монголын БНУлсыг Монгол улс /БНМАУ/-д нэгтгэхээр оролдож, Буриадын ард түмэний бослогыг дэмжиж байсаны учир 1938 онд Зөвлөлт Оросын зүгээс түүнийг баривчилж цаазалсан байна. Тэгээд тун удалгүй Оросын дотоодыг хамгаалах газар Элбэгдоржийг мэдэлдээ авч тамлан яргалсаар байгаад алжээ.
Хэнгэлдүр Ринчиний Элбэгдоржи Их Монголын үзэл санаа Нармай Монголын онолын үндэсийг сэргээн дэвшүүлэн тавьж, бүх Монголчуудаа нэгтгэх үйл хэрэгийг толгойлон Их Монгол улсаа мандуулахын тулд эцэсийн амьсгалаа хүртэл тэмцэж явсан юм.
БОДОНГУУД МЯГМАРЫН ДӨШ.
Эх сурвалж:
Хүннү-Сяньби, Монгол-Түрүг (Xiongnu-Xianbei, Mongol-Gokturk)
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=7145
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих