-Танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
- Баярлалаа.-Пүүжээ эгч минь гялалзаад л байна уу?
- Эгч нь яахав, гүйж л явна. Хөгширсөн болохоос үхсэн биш, залуусаас дутах юу байхав.-Тэдэнд ёстой л үлгэр дууриал болохоор нийгэмд идэвхитэй амьдрах юм аа, та.
- Яахав дээ. "Хүн хөгширч биш хөшиж үхдэг” гэдэг шүү дээ. Аль болох завгүй байхыг л хичээж байна.-Сүүлийн жилүүдэд таныг чинь бизнест одтой яваа гэж дуулсан юм байна.
- Миний бизнес гэж юу байхав дээ. Зургаан жилийн өмнө хэдэн хүүхнүүдтэй
нийлж "Дэлгэрэх” нэртэй клуб байгуулсан, тэр маань өргөжөөд одоо "Дорнын
хөх сувд” компани болж өргөжсөн.-Мундаг байна шүү. Компаниа жаахан дэлгэрүүлж танилцуулаач
- Бид анх хуримтлал үүсгэх зорилгоор 15 хүн 7500 төгрөгөөр анх нийлж
байлаа. Ингээд сар бүр өөрсдийн боломжоороо дансандаа мөнгө хийснээр
хуримтлалаа өсгөсөн. Үүний хүчинд бид одоо боломжийн түвшинд хүрч тэр ч
байтугай Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаа хүртэл авч
эхэлсэн. Энэ хугацаанд бидний эргэлдэх хөрөнгө зуу зуун саяар тоологдох
хэмжээнд хүрсэн нь бидний амжилт юм.-Клуб байгуулах санаа анх яаж төрөв?
- Хамгийн анх аймгийн ХАҮТанхимаас энэ санаа гарсан юм. Тэгэхэд эрчүүд
чинь их мөнгөөр босгоно гэцгээгээд. Манай хүүхнүүдийг бага мөнгөтэй гээд
жаахан "жийсэн” л дээ. /Инээв/ Ингээд бид тэндээс санаа авч
хэрэгжүүлсэн.-Та бүхэнтэй хэн ч нэгдэж болох уу?
- Нээлттэй шүү дээ. Харин бид одоо босгоо жаахан өндөрсгөх бодолтой
байгаа. Тэр хэрээр хариуцлага, хяналт сайжирна, хөрөнгө эргэлт нэмэгдэнэ
гэж үзэж байгаа. Гэхдээ хэт их мөнгөтэй хүнийг оруулахгүй.-Яагаад?
- Хэт их хэмжээний мөнгөтэй хүн ороод ирвэл бид санхүүгийн эрх чөлөөгөө
алдана шүү дээ. Хүн чинь оруулсан хувиараа ТУЗ, Захирал болох гэж
зүтгэнэ. Тэгэхээр бид компанийн засаглалаа алдах эрсдэлтэй.-Эндээс эмэгтэйчүүд гэлтгүй ямар ч хүмүүс нэгдэж нийлээд хуримтлал үүсгэх боломж харагдаж байна ?
- Тэгэлгүй яахав. "Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэж үг
бий. Ажилгүй, тогтмол орлогогүй ч байж болно. Идэх уухаасаа илүүчлээд
хэрэглээгээ хянаад хэдэн төгрөг цаашаа хийгээд байхад хуримтлал аяндаа
үүснэ. Дэлхийн том хөрөнгөтнүүдийн намтрыг уншиж байхад нэг доллараас
эхэлсэн хүн их цөөн байдаг юм билээ. Хэдхэн центээс эхэлж арвижуулж
тэрбумтан болсон жишээ зөндөө.-Ингэж нэгдэж нийлэхэд итгэлцэл бас чухал биз?
- Гол нь итгэлцэл, зорилго байх хэрэгтэй. Бид чинь бие биенээ шахна,
шаардана. За одоо мөнгөө хийгээрэй, сар дууслаа гэхчлэн. Хамтдаа шийдвэр
гаргана. Манай компани иргэдэд барьцаат зээл олгоно. Зээл олгох
асуудлаа ТУЗ-ээрээ шийдвэрлэнэ гээд засаглалын ардчилал сайн.-Мөнгө хуримтуулж ашиг орлого олж буй та бүгдийн арга замын давуу тал юу вэ?
- Олон давуу талтай. Ажилтай нь ажлынхаа хажуугаар мөнгөө өсгөнө.
Хуримтлалдаа л хийж байвал таны мөнгө банкиндаа болон хөрвөх замаар өсч л
байна. Өөр ажил бизнесээ хийж л байна. Гагцхүү орлогоноосоо илүүчлээд
хамтын сандаа тогтмол мөнгө хийж байх хэрэгтэй. Гэртээ сууж байсан ч
дансан дахь мөнгө өсч л байна гэсэн үг. Эргэлдүүлэхгүй байлаа гэхэд
дансандаа тогтмол мөнгө хийж байх хэрэгтэй.-Та бүгдийн хэтийн зорилго?
- Бид хөрөнгөө тэрбум хүргэхийг зорьж байгаа. Ингэж байж бүтээн
байгуулалт болоод бусад зүйлд хөрөнгө оруулалт хийнэ. Байшин барилга,
үл хөдлөх хөрөнгийн салбарт орох боломж бий. Иргэдэд гурван хувийн
хүүтэй зээл олгоно. Энэ нь банкуудыг бодвол бага хүү. Тэдэнд ч дэмтэй.-Яг одоо танайх хэдэн гишүүнтэй байна?
- Тогтмол хуримтлалаа хийдэг албан ёсны хориод хүн байна.-Та сүлжээний бизнес бас давхар эрхэлдэг байх аа?
- Сүлжээндээ явж л байгаа. Сүлжээний бүтээгдэхүүний хүчээр л би өдий
насалчихаад хөнгөн шингэн гүйж явна. Тэр ч байтугай гадаадад очоод
тоглоомын парк орохоороо "галзуу хулгана” дээр нь хүртэл сууж байлаа шүү
дээ. Хүмүүс айгаад л. Зохион байгуулагчид нь та итгэлтэй байна уу гээд
гайхаад л. Сүлжээний бүтээгдэхүүний талаар хүмүүст янз бүрийн л ойлголт
байдаг. Миний хувьд найдвартай, хүний биед асар хэрэгтэй гэдгийг
биеэрээ мэдэрсэн хүн дээ. 2000 онд надад өвдөхгүй юм байхгүй байлаа. 105
кг-тай, таван цул бүгд өвчлөлтэй байсан. Ингээд өвдөөд эхлэхээр юу сайн
байна түүнийг л хэрэглэдэг хойно. Харин сүлжээний бүтээгдэхүүн л намайг
босгосон доо.-Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд мэдлэг мэдээж хэрэг болно доо.
- Тэгэлгүй яахав. Адаглаад хүнтэй харьцах харьцаа, хүний үнэн худал ярьж
байгааг мэдэх чадвартай байх хэрэгтэй. Санхүүгийн наад захын мэдлэг
хэрэгтэй. Энэ чиглэлийн олон ном уншлаа даа эгч нь. Тэр бүгдээс сайхан
санаа гарна. Хэрэгтэйг нь авна, хэрэггүйг нь хаяна л биз. Би чинь анх
дансанд хэдэн төгрөг байвал нойр хүрдэггүй хүн байлаа. Юу авах уу, яаж
үрэх үү гээд л. Одоо бол харьцангуй өөр болж мөнгөний үнэ цэнийг
ойлгодог болж байна. Ер нь хөрөнгөтнүүдийн баримталдаг 80:20-ийн дүрэм
гэдэг чинь их чухал юм билээ. Наян хувиа өсгөж эргэлдүүл, арвыг нь
хуримтлуулж хадгал, арвыг нь сайн үйлсэд зарцуул гэж. Манай ард түмний
олсноо олонтойгоо, гаргахын хэрээр орно гэж ярьдаг зүйл. Энэ системээр
явахад хүн амархан хөл дээрээ босох боломжтой.-Манай Монголчуудын хувьд хөрөнгөжих, хуримтуулах дээр ямар сул тал танд ажиглагдаж байна.
- Манайхан үр ашиггүй зүйлд их мөнгө зарцуулдаг. Ялангуяа хүүхнүүд. Нэг ороолт авлаа гэхэд хэдхэн хоног өмсчихөөд л сонирхол нь буураад зүүхээ больчихдог. Дээр нь заавал зуу зуун мянга, бүүр ихээр хадгаламж нээх гэж зүтгэдэг. Уг нь бол нэгээс түм гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй байгаа юм. Та өдөр бүр мянган төгрөг дансандаа хийлээ гэж бодоход сард 29-нь хүүд тооцогдоно. Нэг мянга нь л хүүгүй гэсэн үг байгаа биз. Хүмүүс эсрэгээр нь за тэгж байгаад нэг зуун мянган төгрөг хадгаламжиндаа хийнэ дээ гэж боддог. Тэгж байтал мөнгөний хэрэг гараад нөгөөхөө үрчихнэ. Тэрний оронд өдөр бүр мянга, таван мянган төгрөг хйигээд байвал нэг их хүндрэл ачаалал гарахгүй. Мэдэгдэхгүй шүү дээ. Залуу гэр бүл, залуустаа хандаж хэлэхэд бага гэлтгүй хуримтлал бий болго гэж захья. Эргээд ирээдүйд чинь хэрэгтэй.
-Танай хамт олон санхүүгийн эрх чөлөөнд хүрч хямралын эсрэг хамтдаа гэсэн уриатай юм байна.
- Тиймээ. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед аль болох нэгдэж нягтарч байж л бид давна. Хямарч байна гэж бодоод зүгээр суугаад байж болохгүй.
-Хоёулаа яраныхаа сэдвийг жаахан өөрчлөе. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Энэ өдрийг яаж тэмдэглэдэг вэ?
- Би чинь сонгуульт ажил ихтэй хүн. Олон хүүхнүүдтэй найз. Тэдэнтэйгээ л бужигнана даа. Манай аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр уламжлал болгон зарладаг "Мянган ээжийн баяр”-таа очино. Би тэргүүлэгч нь санаатай. Улаан загалмай нийгэмлэгийн онцгой гишүүн. Гишүүний үүргээ бас гүйцэтгэнэ.
-Та ямар бэлгэнд дуртай вэ?
- Би чинь чамин хийцтэй юманд их дуртай хүн. Үнэ нь хамаагүй. Энд тэнд явахаараа жижиг сувинер их цуглаана аа. Манайх жижигхэн музей шиг л байдаг.
-Шатар гуай \нөхөр нь\ танд өгч байсан хамгийн том бэлэг юу вэ?
- Үнэлшгүй олон бэлэг авсан хүн дээ би. Үр хүүхдүүд гээд сайхан амьдралыг нөхөр минь надад бэлэглэсэн. Нөхөртөө таван хүү төрүүлж өгсөн. Охин төрүүлж өгвөл чамд лан алт авч өгнө гэж манай хүн тоглоом шоглоомоор хэлдэг байлаа. Охин ч төрүүлсэн. Тэгсэн бид хоёр Сингапур хамт явах болдог юм байна. Тэр үед манай хүн чинь "ТЭЦ-4”-ийн даргаар ажиллаж байлаа. Урилгаар явсан юм. Хоёулаа хүнээс 4000 ногоон зээлээд. Тэнд очоод 3000-р нь Фунай гэдэг өнгөт зурагт наашаа ачуулаад үлдсэн мянгаар нь надад ээмэг, бөгж ,зүүлтний хослол авч өгсөн. Тэр нь яг нэг лан болж амлалтаа биелүүлсэн хүн дээ. \инээв\ Манай хүүхнүүд ярьдаг юм. Пүүжээ эгчид гоё сайхан зураг хөрөгтэй л бол гялгар уут ч байсан болно гэж шоолдог юм.
- Нөхрөө ийш тийшээ явахаар битүүхэн бэлэг горьдоно биз?
- Үгүй ээ. Наадах чинь авчирдаггүй юм. Сэтгэлд нь таарахгүй гээд. Харин мөнгийг нь өгнө. /инээв/
-Дорнодынхоо бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэх боломжийг танд олгоё.
- Баярлалаа. Наран ургах зүгийн ажилсаг, дайчин, саран гоо бүсгүйчүүддээ эрүүл энх, эд баялаг, эрч хүч, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
Н.Мөнхсайхан
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=8452
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих