"Хий суухаар хайку бич” гэсэн чухал хандлага ойрын жилүүдээс манай
улсад асар хүчтэй түгэн дэлгэрчээ. Тийм ч учраас тоосгоны хэв шиг хэв
шинж монгол хайкучдын дунд асар элбэг болжээ. Мэдээж, хайку бичдэг хүн
бүхэн энэ тодорхойлолтод үл хамаарна. Харин орчин үеийн хайкучдын
сэтгэлзүйг Монголын хайку шүлгийн холбооны ерөнхийлөгчийн бахархалтай
өгүүлсэн жишээ бэлхэнээ баталж байна. Эрхэм ерөнхийлөгч эмнэлгийн
тасалгаанд 30 хоног хэвтэхдээ 300 гаруй хайку бичиж орхижээ. Нэг номонд
108 хайку багтаж болсон гэхээр сард гурван ном хэвлүүлэх хүчин чадалтай
зохиолч юм. Энэ жил хайку шүлгээр бүтсэн таван ном хэвлүүлэх
төлөвлөгөөтэй гэсэн. Энэ нь дунджаар тооцвол ердөө л 45 хоногийн ажил
бололтой. Зөвхөн энэ баримтыг шүүрэн авбал Хайку гэдэг цөөхөн үг,
гуравхан мөр /түгээмэл гэдэг утгаар/ ердөө л цагийг хий дэмий
өнгөрүүлэхгүй байх хамгийн шилдэг арга болон монгол орны уудам тал
нутагт хэдийнэ сууршжээ. Энэ байдлыг жаахан өмнө анзаараагүйдээ өөрийн
эрхгүй ичих сэтгэл төрсөн тухайгаа нуух шаардлага ч надад үлдсэнгүй.
"Юм” үнэнээрээ сайхан гэдэг шүү дээ.
Түүнчлэн 30 хоногт бичсэн 300 "бүтээлээ” тэрбээр "Эмнэлэгийн хайку" хэмээн зоригтойгоор тодорхойлж орхив. Нэгэн цул гэсэн санааг илэрхийлэх гэсэндээ 108 ширхэг гурван мөрт буюу нийтдээ 324 мөртөө /Бүгд хайку биш гэсэн санаа яав ч биш шүү/ ийн нэрийдсэн бололтой юм. Магадгүй түүний энэ үзлээр бол Х.Цагаанбаатар "Спортын ордоны хайку" бичиж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гуай "Төрийн ордны хайку” гэсэн цоо шинэ тодорхойлолтыг Монголын утга зохиолд үүсгэж болох нь. Орчин цагийн яриагаар бол түр саатсан орчиноо дөвийлгөсөөр "Автор” нь байна гэсэн үг. Маш товчхондоо ирээдүйн монголд "Мал эмнэлгийн хайку”, "Шоронгийн хайку”, "Цэнгэлдэхийн хайку”, "Баарны хайку”, "Малчны хайку”, Гэр хороололын, Цайны газрын гэх мэт нэр төрөл үүсэн бий болох нөхцөл хэдийнэ бүрдлээ. Мөн Монголын хайку шүлгийн холбооны дүрэмд "Монгол хайкуг хөгжүүлнэ” хэмээн тод үсгээр тэмдэглэн залжээ.
Яг л Төрийн соёрхолт дуучин
Д.Болдын "Монгол поп”, сэтгүүлч мэргэжилтэй нэгэн залуугийн дагнан
хөөцөлддөг "Монгол реппер” гэдэг шиг жалга гууны ойлголт... Үүнээс
улбаалаад Казах, Урианхай, Халх, Дөрвөд, Баяд гэх мэтээр хайку шүлгийг
төрөлжүүлж ч болно. Тухайлбал гурван мөр шүлэгт нь каз, домбор гэх мэт
үг орсон л бол маргаангүй Казах хайку хэмээн шууд нэрлэхээр байдал ч
нуулгүй хэлэхэд нүдэнд харагдаад эхлэв. Энэ бүхний эцэст гурван мөр
бичиг л нүдэнд тусвал эргэлзэх шалтгаангүй шууд л Хайку гэж нэрлэнэ.
Жишээлбэл
"Казанд хахахад
Домборын утас чичрэв
Амь хайран...” гэсэн долоохон үг бичээд Казах хайкуч болох бүрэн боломжтой. Эс бөгөөс
Сувилагч ирэв
Суга нь харагдав
Ээ цагийн тариа...гэсэн зургаан үг бичээд л Ү.Хүрэлбаатар гуайн
"Тархины фитнес” номынхоо эхний хуудаст тодорхойлсон Эмнэлэгийн хайку
гэсэн төрөлд багтааж болж байна. Эс бөгөөс
Төмрийн дуу
Хянагчийн хоолойтой хорших
Хүний эрх /Шоронгийн хайку гэх мэт/
Чухамдаа
гурван мөртүүдэд ямар үг голлох байр эзэлж буйгаас шалтгаалж, Мал
эмнэлгийн байх уу, Хүн эмнэлгийн байх уу гэх зэргийг тэр дор нь шийддэг
цаг хэмнэсэн сонгодог арга хайкучдын дунд өргөн тархаж эхлэх эхний
түүчээг Д.Нацагдоржийн, Ж.Цэвээний, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналыг тус
тус хүртсэн хэл бичгийн ухааны доктор, Дэлхийн хайкучдын холбооны
жинхэнэ гишүүн, хайкуч маань тавилаа. Энэ эрчээрээ байвал Монгол хайку
шүлгийн хөгжилд оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг үеийн үед дурсах нь
дамжиггүй. Тэгээд ч "Монгол хайку”, "Япон хайку”, Хятад, Орос зэргээр
ялгаж болоод байхад үндэстэн ястанаар зааглахад болохгүй зүйл огтхон ч
биш. Энэ бүхний эсрэг талд орчин үеийн хайкучид орчуулга, олон хэлээр
шүлгээ хэвлэх зэрэгт санаа зовох зүйлгүй болж хувирахаар нөхцөл бүрдэж
байна. Харин ч англи, япон хэлэнд буулгахад хүндрэл үүсэхээр байвал
"Монгол хайку” шүлгийн онцлог, монгол хайкучдын ур чадвар хэмээн
бахархах өдөр айлчлах цаг үе ойртон иржээ. Мэдээж хайкучид дэлхийд
байхгүй шилдэг шүлэг бичих хүсэлтэй. Түүгээрээ ямагт овоглож байх юмсан
гэсэн гэгээн мөрөөдөлтэй. Ийм тул дэлхийн аль ч хэлээр орчуулж
боломгүй, болгох гэж зүтгэвэл утга нь төгс хэмжээгээр алдагдах байдлыг
арга барилдаа нэвтрүүлж таарах нь. Тэгж гэмээнэ Монгол хайку шүлэг
дэлхийгээс ялгарна. Монгол хайку гэдэг зөвхөн монгол хүн ойлгох, гадаад
нөхөр уншаад "Монгол хүний бичсэн гурван мөр байна” гэж таньдаг байх
тухай л ойлголт. Түүнээс үгсийн дотоод эрчим хүч, асар их нууц, агшинг
зурагласан зэрэг ойлголт байхгүй.
Магадгүй тэдний ачаар
хуучин монгол хэл, хэрэглэгдэхээ байсан үгс дахин шинээр төрөхийг ч
үгүйсгэхгүй. Тиймгүйсэн бол Монгол хайку гэдэг тодорхойлолт цаас,
амьдрал хоёрын алинд ч хэрэггүй.
Мөн Хайкучдын холбоог
үүсгэн байгуулсан тул өөрийн гэсэн шагналыг шинээр сэдэж, том
зохиолчынхоо толгойн дүрстэй одон бүтээх нь дамжиггүй. Мөн оны шилдэг
хайку шалгаруулах уралдаан, эс бөгөөс наадамтай болохгүй бол горьгүй.
Тэр нь МЗЭ-ээс олгодог шагнал болоод "Болор цом” наадамтай ойролцоо
байх нь Монголын хайкугийн холбоог байгуулсанаа зарлаж, тууз хайчилсан
үеэс эхлэн ажиглахад бараг л гарцаагүй. Тиймээс хайку шүлгийн ном
хэвлүүлэхэд туслалцаа үзүүлж, санхүүгээр дэмжсэн хүн бүхэнд "Монголын
хайку шүлгийн төлөө” гэсэн сайхан нэртэй шагнал нээлттэй болно гэсэн
үг. Мөн залуу уран бүтээлчдэд Г.Сэр-Одын нэрэмжит шагнал олгодогтой
адил хэн нэгний толгойн дүрс бүхий одон тэмдгийг идэр насны хайкучдын
энгэрт дүүжилж өгнө. Харин хамгийн том шагналаа Ү.Хүрэлбаатарын
нэрэмжит гэж нэрлэх байх. Яагаав Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал гэдэг
хувь зохиолчид нэлээд нэр хүнд дагуулдаг даа... Харин оны шилдэг гурван
мөр шалгаруулах "Болор хайку” наадамтай болох эсэх нь тус холбооны
удирдах зөвлөлийн л шийдэх хэрэг.
Учир иймээс удаан бодох
шаардлага үгүйгээр Ү.Хүрэлбаатарын нэрэмжит шагнал хүртэж, Траншейний ч
болов хайкуч болохын төлөө Хий суухаар хайку бич...Эцэст нь зориуд
хэлж, эргүү амьтан болохоо дахин "Тодоор” батлахад
Ширмэн тогоон дээр
Ижий минь цай хариулав
Мөс өрөмтөнө /Ү.Хүрэлбаатар/ гэсэн гурван мөртийг миний бөндгөр шиг усаар дүүрсэн
тархитанууд "Ижий нь ширмэн тогоон дээр юу хийж яваа юм бол” хэмээн айх
гайхах хоёрыг айлсуулж магадгүй. Харин түүний оронд
"Ижий минь
Ширмэн тогоотой цай хариулав
Мөс өрөмтөнө, үгүй бол
"Ширмэн тогоотой цайг
Ижий минь хариулав
Мөс өрөмтөнө” гэсэн бол логик муутай над мэтийн мулгуу толгойтонд ойлгомжтой байсан ч байж мэдэх...
Д.ГАНБААТАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих