Сирийн улс төрийн байдал улам тогтворгүй, ээдрээтэй болсоор
байгаагийн бурууг Ерөнхийлөгч Башар Асад хариуцах ёстой гэж олон улс
шүүмжилж байгаа билээ. Хэдийгээр тэр улс орондоо болж буй иргэний дайныг
зогсоох хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсэн ч үр дүн гарахгүй
байгаа юм. Босогчид болон Засгийн газрын талыг баримтлагчдын хооронд
ширүүн мөргөлдөөн өрнөсөөр л. Иргэний дайн дэгдсэнээс хойш 215 мянган
хүн амь насаа алдаад байгаа билээ. Сирийн шийтүүд Башар Асадын Засгийн
газрыг дэмжиж байгаа бол суннитууд эсрэг байгаа юм.
Харин Ерөнхийлөгч Башар Асад төрийн бүх эрх мэдлийг сөргөлдөгч талд шилжүүлэх шийдвэр гаргаж магадгүй болсон талаар "1айте8.сот"-д өчигдөр мэдээлжээ. Гэхдээ өөрийнх нь аюулгүй байдал бүрэн хангагдсаны дараа л эцсийн шийдвэрийг гаргана гэдгээ ойрын хүрээллийн хүмүүстээ хэлжээ. Ажиглагчдын ярьж байгаагаар хэрвээ тэр ингэж шийдвэл Сирид Шилжилтийн засгийн газар байгуулагдах аж. Харин Асадын талыг баримтлагчид үүнд хэрхэн хандах нь тодорхойгүй байна.
Сирийн төрийн тэргүүн Башар Асад Дамаск хотод байдаг "Хуррия" нэртэй араб, франц хэлний элит лицейд суралцсан бөгөөд франц, англи хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн. 1982 онд лицейгээ төгсөж бакалаврын зэрэг авсан байдаг. Зарим эх сурвалжууд түүнийг сургуулиа дүүргээд армид алба хааж халагдсаныхаа дараа Дамаскийн их сургуулийн анагаахын факультетэд элссэн гэдэг. Өөр эх сурвалжууд шууд л их сургуульд элссэн гэдэг. Ямартаа ч 1988 онд сургуулиа онц дүүргээд Тишрин нэртэй цэргийн томоохон эмнэлэгт нүдний эмчээр ажиллаж эхлэв. 1991 онд мэргэжил дээшлүүлэхээр Лондоны Паддингтон дүүрэгт байдаг Гэгээн Мариягийн эмнэлгийн хажуу дахь "Western Eye Hospital" нэртэй нүдний төвд ирж суралцжээ. Гадаадад байхдаа олньганхаарлыг татахгүйн тулд нэрээ өөрчилж байв. Башар Асад олон улсын шинжпэх ухааны чуулга уулзалтуудад оролцдог, чөлөөт цагаа Сирийн цэргийнхэн, улстөрчдийн дунд бус харин сэхээтнүүдтэй хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байжээ.
Башар Асад нүд судлалаас гадна мэдээлэл зүйг сонирхон судалдаг. 1994 онд ах нь авто ослоор нас барсан тул тэрээр Дамаск хотноо эргэн иржээ. Уг нь Хафез Асад том хүү -Баселийг -өөрийн оронд суулгахаар төлөвлөж байж. Энэхүү харамсалтай явдлаас болж дунд хүү Башарыг удам залгамжлуулахаас өөр аргагүй болсон байна. Учир нь, түүний хоёр бага хүүгийн нэг нь хэт хэрцгий авиртай бол нөгөө нь хар тамхины наймаатай холбоотой хэрэг холбогдсон учир өөр еонголт байгаагүй ажээ. Башар Асад нутагтаа буцаж ирээд Хомс хот дахь цэргийн академид элсэн суралцаж ахмад цолтой болжээ. Хүүдээ цэргийн зохих ёсны мэдлэг олгохын тулд эцэг нь туршлагатай генералуудыг багшаар томилон ажиллуулж байв.Тэрээр удалгүй эцгийнхээ улс төрийн зөвлөх болж иргэдийн гомдол саналыг авдаг товчоог удирдан Авилгатай тэмцэх кампанит ажлыг тэргүүлжээ. Энэ кампанит ажлаар далимдуулан Хафез Асад хүүтэй нь Еренхийлөгчийн суудлыг булаацалдаж магадгүй хүмүүсийг зайлуулсан байна.
Башарын эцэг Хафез Асад 2000 оны зургадугаар сарын 10-нд өөд болжээ. Мөн энэ өдөр Сирийн парламент төрийн тэргүүний суудалд суух хамгийн доод нас 40 байсныг багасган 34 болгож Башарт тааруулсан хууль баталсан байна. Удалгүй нэгдүгээр дэд ерөнхийлөгч Хаддам Башар Асадад дэслэгч генерал цол олгон Сирийн армийн ерөнхий командлагч болгов. Ингээд Башар Асадыг намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож, Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх цорын ганц нэр дэвшигчээр сонгов. 2000 оны долдугаар сард Башар Асад ард түмний 97 хувийн санал авч албан ёсоор төрийн тэргүүн болжээ.
Тэр жилдээ Башар Асад сирийн суннитуудын дунд ихээхэн нэр хүндтэй овгоос гаралтай Асма Ахрастай гэр бүл болов. Башар Асад төрийн эрхийг барих болсон эхний жилдээ л улс төрийн хэргээр хоригдож байсан олон хүмүүсийг шоронгоос суллаж, биеэ даасан чөлөөт сонин гаргахыг зөвшөөрч, төрийн бус их сургуулиуд ажиллахыг зөвшөөрөв. Мөн Дамаскт хувийн банк ажиллуулахыг зөвшөөрч хөрөнгийн бирж нээжээ.Энэ нь ард түмний ихээхэн дэмжлэгийг авсан юм. 2001 онд шинэ Засгийн газар байгуулан сайд нараар цэргийнхнийг бус харин 50 хүртэлх насны төрийн албан хаагчдыг томилжээ.Хэдийгээр гадаад бодлогодоо өөрчлөлт хийж байсан ч Сирийн гол дайснаар АНУ ба Израилийг онцолсоор байв. 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас хойш АНУ Сирид олон төрлийн шахалт үзүүлэх болсон. Улмаар 2004 онд Ж.Буш Сирийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ. 2007 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг олон нэр дэвшигчтэйгээр явуулж болох байсан ч Башар Асад ганцаараа нэр дэвшигчээр тодорч улмаар бүх нийтийн санал асуулгаар хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон юм.
Иргэний дайны буруутнаар тодроод байгаа Башар Асад харин өөрийгөө буруугүй гэдэгт бүрэн итгэлтэй байдаг билээ. Юутай ч тэрээр албан тушаалаасаа буух эсэхээ ойрын хугацаанд шийдвэл Сирид дайн зогсох уу, энгийн иргэдийн цус урссаар байх уу гэдэгт цэг хатгаж мэдэх юм.
Н.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих