/Шог өгүүллэг/
"Биеэ үнэлнэ ээ, яадаг юм. Хүн ер нь өөрт байгаагаа л үнэлж, үнэлүүлж амьдардаг биз дээ. Алин бүр хаяад явсан хүүхний араас гундаж суухав. Алин бүр шүлгийн мөр ашиглалаа гэж зарга хийдэггүй Чойном тэргүүтэй "байхгүй болсон” хэдэн найрагчийн улаан фен болж хэвтхэв. Байз байз. Гэхдээ яаж үнэлэх үү? Танктай хөшөө... За үгүй чиш. Тэгж ч өөрийгөө зовоохгүй шүү. Хэн хаанаас ирэх вэ гээд л тэнд зогсчихсон энэ тэр, айн. Тэгсэн хэдэн халтар төгрөгөө юманд саначихсан аниа нар ирж мэгээд л. Тэгэх ч үгүй ээ. Төсөөлөхөөс аймаар санагдчихлаа. Яасан? Юундаа муухай хараав? Биеэ үнэлнэ гэхээр л мөнгө байдаг юм биш за! Би мөнгөөр үнэлэхгүй мэд үү! Тийм л мундаг бизнесмэн юм бол хайрын бизнес хийх чинь яагаа вэ? Хохь чинь. Би биеэ хайраар үнэлнэ. Ганц хүний жүжиг найруулж тавиад өөрөө тэрэндээ тоглоно. Тэгээд миний хамгийн сайн тоглосон дүрийг үнэлж надад хайраа өгсөн бүсгүйтэй нь сууна. Харж л байгаарай.”
Баавар толинд харж өөрөө өөртэйгөө ийн ярина. Түүний туулсан амьдрал тийм ч урт түүхгүй. Эхнэр хүүхдээ салаад явсанд тэр өөрийгөө буруутай гэж үздэггүй. Баригдахгүй л бол сайхан наргиж цэнгэхийг эр хүнд байх ёстой л гэж боддог нэгэн. Түүний сайн муу хүний алин болохыг ёстой Бурхан л мэдэх байх. Өөрөө ч мэдэхгүй...
"Эхнэртэй байхад минь уулзаж учрах хүн мундахгүй байдагсан. Яг хаяад явахаар нь бараг хүүхэн болгон үнэтэй болох нь ээ. Яршиг зүгээр. Хүүхэн мүүхэн, хайр майр яамай л байна.”
Бааврын энэ бодол дөнгөж сая толины өмнө тэс өөр бодлоор солигдчихоод байдаг.
-За би чинь таван дүрд тоглоно гэж байгаа. Интернетийн танилцах сайтад таван өөр хаягаар хэрэглэгч болчихно оо. Аан тийм, аль хаягнаас нь ч суучих хүүхэн гараад ирж болох учраас нэр, зураг хөргөө нууцлахгүй юм шүү. Үгүй тэр. Би ер нь явж явж биеэ хайраар зарах ямар мэргэн ухаан олох нь энэ вэ. Баярлачихлаа байна. Бааврын нүүрэнд аазгайтай инээмсэглэл тодрон комьпьютерээ асаагаад "ажилдаа орлоо.”
Тэр эхний нээсэн хаягандаа өөрийнхөө аль болох өнгөтэй өөдтэй, залуугийн зургаа орууллаа. Тэгээд өөрийгөө хөрөнгө оруулагч гэсэн танилцуулга байршуулав. Аль л ганган, аль л машин тэрэгтэй гэсэн хүүхнүүдийг насыг нь харгалзалгүй найзаараа бүртгэж авлаа. Хоёр дахь хуудсандаа өөрийнхөө ганц нэгхэн даруухан зураг оруулж энгийн амьдралтай болов уу гэмээр, бас эгчмэд бүсгүйчүүлийг бүртгэж авлаа. Гурав дахь хаяган дээрээ хамгийн стиль имиж сайтай зурагнуудаа, бас баахан сельфигээ оруулж дан дүүмэд бүсгүйчүүдийг бүртгэж авлаа. Тэндээ өөрийгөө төрийн албаны ажилтан болгож танилцуулав. Дөрөв дэх хуудсаа нэгхэн зургаар, мөн баахан бүтэлгүй хайрын тухай энэ тэндээс олсон шүлэг, мөртүүдээр чимчихээд мөн өөртэйгөө адил тийм гансарсан гомдсон шүлэг энэ тэр сонирхсон хүүхнүүдийг бүртгэлээ. Тав дахь хуудсандаа өөрийнхөө нэг ч зургийг оруулсангүй. Баахан эротик голдуу зурагнууд, тиймэрхүү сэдэвтэй өгүүллэг гэх мэт орууллаа. Бааврын биеэ үнэлэх энэ нарийн арга түүнд таалагдаж байгаа гэж жигтэйхэн. Ингээд л найруулсан жүжгүүдийнхээ гол дүрд тоглож эхэллээ...
Баавар нээсэн таван хуудсаа ёстой нэг утгаар нь ашиглаж, нөгөө ховордоод байсан хүүхнүүдийг уяруулахыг нь уяруулж, дурлуулахыг нь дурлуулж, уйлуулахыг нь уйлуулж, болзохтой нь болзож өдөр хоногийг зугаатай өнгөрөөнө. Энэ их самуурсан олон уулзалт, наргиандаа сохор улаан зоос гарздаагүйг бодоход нээрээ л нөгөө муу биеийнх нь "үнэлгээ” өндөр бололтой.
Тэрээр баян дүрдээ тоглохоороо баян авгай нартай нь болзож, дурлал амтлаагүй залуу дүрдээ тоглохоороо гэнэн охидуудтай уулзаж, бүтэлгүй хайрын баатар болохоороо салсан сарнисан, хаягдсан охид хүүхнүүдийг ангуучилна. Нөгөө эротик зурагтай хуудсынх нь найзууд ойлгомжтой. Зүгээр л нууц амраг чинь болъё гэхэд л бол оо. Харин хайр горилсон үндсэн хуудасныхаа найз бүсгүйчүүлдээ тэрээр өөрийгөө эдгэшгүй өвчтөний дүрд хувилгав. Аль ч хуудаснаас нь хайр зарласан бай худлаа төрхөө нуух аргаа ч олсон аж.
Баян хүүхний хайр булааж амьдрах дээрээ тулвал өөрийнхөө бизнесийг бүтээгүй гэхэд л болоо. Гэнэн хонгоруудтай нь гэрлэхдээ хүрвэл, "хоёулаа бор зүрхээрээ зүтгэнэ ээ” гээд л аргалчихна. Сайхан сэтгэлтэй хэн нэгэнтэй нь суух муух дээрээ тулвал ёстой яасан ч яахав дээ. Өөрөөс нэг их сэтгэлийн гарзгүй амьдарчихна. Тарыг минь таньчихвал яадаг юм. "Чиний сайхан сэтгэлийн чинь л буруу. Тиймээ, би ийм муу хүн” гээд хэлчихэд л бол оо. Өвчтэй дүрд минь дурлаж хайраа өгөх бүсгүй таарвал харин аз биз? "Хайрын чинь хүчээр миний өвчин эдгэрчихлээ” гэхэд л болно биз.
Үгүй мөн нарийн төлөвлөж байгаа хэрэг шүү. Баавар ийм байдлаар гурван жилийг авч, "өөрийн биеэ үнэлж, хайраар наймаалцах” төсөл нь амжилттай дуусах тийшээ хандав. Дуусах ч юу байхав дээ. Өөрийг нь өвчтэй гэж итгэсэн нэгэн бүсгүй түүнтэй суухаар болов. Бүсгүй өр нимгэн нэгэн байсан уу? Үнэхээр Бааварт хайртай болсон уу мэдэхгүй. Баавар тэр үй түмэн дүрд хувилж хүүхнүүдээр "гороо хийж” байхдаа хоёр л бүсгүйн хайрыг татжээ. Нэг нь түүний эхнэр болох бүсгүй. Нөгөө нь хэдэн шүлэгнийх нь улаан фен. Хүний бичсэн шүлэг хулгайлж тавьсныг нь Бааврын сэтгэл гэж эндүүрсэн амьтан. Эцэст нь Баавар биеэ үнэлэх зорилго тавьснаас, сэтгэлээ үнэлэх зорилго байгаагүй тул нөгөө бүсгүйгээс нь татгалзжээ. Түүний шүлгэнд нь байсан сэтгэлийг олж харснаас, сэтгэл доторх шүлгийг нь олж хараагүй тэр бүсгүй ч нэг бодлын азтай юм даа...
Өөрөө өөрийгөө борлуулах хайрын бизнес амжилттай хэрэгжсэнийх Баавар шиг жаргалтай амьтан алга аа. Өвчтэй гэж худлаа хэлсэн болохоос ямар өвчтэй биш. Анх эхнэртээ хагалгаанд орсон, одоо удаан жилийн насгүй гэж танилцах амархан байсан бол одоо эрүүл гэж ойлгуулах аргаа олж өгөхгүй зүдэрч байлаа. Тэгж байтал эхнэрийнх нь гэдэс ч томроод ирэв.
"Амьдрал ч нээрээ баян юм даа. Хэдэн дүрд хувилж, ямар мэхээр олж авсан ч бай үрийн зулай үнэрлээд, хамтын амьдрал зохиогоод ирэхээр жаргахгүй гээд ч яах юм бэ. Ямар өвчтэй биш, юундаа ч цааргалах билээ. Хань нь эдгэжээ гэхэд л болоо биз дээ. Ингэж нэг өөрийгөө үнэлэх төсөл амьдралтай минь залгуулдаг юм байжээ.”
Баавар эмнэлгийн хонгилд ингэж бодоод инээвхийлнэ. Эхнэрийнхээ ятгаснаар эсийн шинжилгээ өгөөд байгаа нь энэ.
- Хайр аа, шинжилгээний хариу чинь тааруу гарчээ. Хагалгаанд орох ч бараг оройтоод байгаа юм байна...
- Юу? Яасан гэнэ ээ? Гэдсэн доторх хүү та хоёр минь яана даа.
Ингэж хэлэхдээ тэрээр эрүүл гэдэгтээ итгэлтэй байсан болохоор мөн л "нөгөө дүрдээ” сайн тоглов.
- Хүүхэд яахав ээ. Чамд хэлэх гээд чадахгүй байсан юм. Энэ чиний хүүхэд биш. Хүүхдэд зовоод яахав. Харин чи минь эмчтэйгээ орж уулзаад ир дээ....
"Бурхан минь. Би чинь амьдралдаа юу тарчихсан юм бэ? Арай ч дээ. Зүүд байсан ч болоосой.”
Эмнэлгийн хананаас өөр хэн ч энэ үгийг нь сонссонгүй.
Ч.ӨЛЗИЙНЯМ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих