Тавиад оны дундуур "Хараалч хар" гэж алдаршсан нэгэн эмэгтэй бяцхан
охиноо дагуулан Усны гудамжаар явдаг байсныг Улаанбаатарын уугуул
иргэдийн зарим нь мэдэх биз ээ. Хаанаас ирсэн хэний хэн болох нь
мэдэгдэхгүй тэр эмэгтэйг гаднаас нь өнгөц харахад ядарч зүдэрч яваа
нэгэн юм шиг боловч яг үнэндээ их л ёозгүй хүн байсан гэдэг. Хүнээс
гуйлга гуйгаад өгөхгүй бол үгийн муухайгаар хараахаас эхлээд араас нь
нулимдаг, шороо авч цацдаг байсан учир хүмүүс түүнтэй тулахаас жийрхэн
барааг нь хармагцаа холуур тойрон өнгөрөхийг хичээдэг байсан гэдэг.
Усны
гудамжныхан тэрхүү хүүхний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй нэгэн түүх
ярьдаг байсан бөгөөд уг түүхээр бол хөдөө нутгаас хүн дагаж ирсэн
хөөрхий охин хятадуудын гараар орж баларсан юм шиг ойлголт төрнө.
Хөдөөгийн
гэнэн цайлган охиныг Усны гудамжны Баваасан хэмээх луухаан харж хандаж
байгаа нэрээр гэртээ орогнуулж дуртай үедээ зайдагнаж байгаад өөр залуу
хүүхэн олонгуутаа хар домч дайфаар хараал хийлгэж гудамжинд хөөж
гаргасан гэх тэр түүх үнэн ч байж мэднэ. Учир нь тэрхүү эмэгтэй болоод
дагуулж явдаг байсан жаахан охины амьдрал цаанаа л нэг жихүүдэс
төрүүлнэ. Хараалч эмэгтэй бяцхан охиноо таван нас дөнгөж хүрээд байхад
нь буюу 1962 оны хавар Усны гудамжинд тугдайгаад уначихсан байсан гэдэг.
Хэн нэгний гарт үрэгдсэн үү аль эсвэл өвчин хуучаар өнгөрсөн үү? Юутай ч
түүний үхлийн шалтгааныг хэн ч мэдэж чадаагүй байна. Дөнгөн данган
таван нас хүрээд байсан охин нь өнчрөн хоцорсныг хараад олон хүн өрөвдөн
халаглаж байсан ч "Хараалч" нэрээр алдаршсан ээжээс нь болоод охиныг
өргөж авах айл олдохгүй, охин хэдэн өдрийн турш айл айлын хашааны хаалга
бараадан золбин гөлөг шиг л хоол гуйж явсан аж.
Энэ үед Базар
хэмээх сайхан сэтгэлтэй цөлх эр охинтой таарч гэр лүүгээ дагуулан явсан
бөгөөд өөрийн гэсэн үнэрлэх үргүйдээ шаналж суусан эхнэр нь ч гэсэн
хайрлаж энэрэн тосч авснаар өнчин охин элэг бүтэн амьдралтай золгосон
гэдэг. Эхнэр нөхөр хоёр охиноос нэрийг нь асуухад юу ч хэлэхгүй таг
дуугүй суугаад байсан учир өөрсдөө нэр өгөхөөр шийдэн хоорондоо ярилцаж
байгаад Сарангоо хэмээх, гоёмсог нэг хайрласан байлаа. Охин тормолзсон
алаг нүдтэй, намирсан зөөлхөн хар үстэй, булбарай ягаан хацартай эгдүү
хүрэм амьтан байсан учир ийнхүү гангамсуу нэр хайрласан ч байж мэднэ.
Сарангоо охин сайхан сэтгэлт хүмүүсийн хайр халамжинд умбаж, хир
дагнаасаа салахын цагт цэцэг цэврүү шиг л хөөрхөн хүүхэд болж хувирсан
гэдэг.
Өргөмөл аав ээж хоёр нь түүнийг газар буулгахгүй шахуу гар
дамжуулан бөөцийлсөөр зургаан нас хүргээд цэцэрлэгт оруулах гэсэн
боловч Сарангоо яагаад ч юм бэ дургүйцсэн аж. Тэгэхээр нь дараа жил өгье
гэж ярилцаад хойшлуулаад байтал охин гэнэт "Би хятад сургуульд ормоор
байна. Намайг хятад сургуульд оруулаад өгөөч" гэж шалаад салахаа
больжээ. Өргөж авсан аав ээж хоёр нь эхлээд түүний үгийг тоохгүй байснаа
нэг өдөр охиноос "Чи яагаад хятад сургуульд оръё гээд байгаа юм бэ?"
гэхэд Сарангоо "Би ханз үсгэнд дуртай" гэж хэлсэн аж.
Зургаахан
настай хүүхдийн амнаас ийм үг гарсанд хачирхан гайхсан Базар "Ханз үсэг
гэж юу байдаг юм бэ? Чи яаж мэддэг юм бэ?" гэж асуухад юу ч хэлээгүй
боловч толгой руугаа заагаад "Энэ хэлээд байна" гэж хэлснээ буланд очоод
суучихсан байна. Ийм нэг сонин явдал болсноос хойш Базар эхнэртэйгээ
ярьж байгаад охиныг хүчээр шахуу цэцэрлэгт өгч дараа нь сургуульд
оруулжээ. Гэвч охин олигтой сурч шальсангүй. Тэгсэн атлаа хэзээ яаж
танилцсан ч юм бэ хятадын эрлийз хурлийз хүүхдүүдтэй найзлан гадуур
дотуур тэнэж эхэлсэн байна. Өдөр хоног өнгөрөх тусам Сарангоо улам
хөөрхөн болж байсан ч тэр хэрээр зан ааш нь эвдэрч байсан нь
харамсалтай.
1968 оны өвлийн нэг өдөр Сарангоо гэртээ ирж
хоноогүй байна. Арван нэгхэн настай охин нь алга болсонд айж сандарсан
өргөмөл аав ээж хоёр нь шөнөжин энэ тэрүүгээр эрж хайгаад яах учраа
олохгүй дэмий л цагдаа нарын амыг харж байтал Сарангоо маргааш нь нэлээн
орой тор дүүрэн чавга, чангаанз, танзуур, еэвэн барьсаар иржээ. Базар
түүний авчирсан юмнуудыг бүгдийг нь гаргаж байгаад "Чи хаанаас энэ их
юмыг авсан юм бэ? Хаана байж байгаад ирж байгаа юм бэ чи?" гэж загнахад
охин яг л нас биед хүрсэн хүүхэн шиг бачимдан уурлаж чавга,
чангаазнуудыг талаар нэг тараан цацаад "Миний хаагуур явах та нарт
хамаагүй. Гудамжнаас олж өсгөсөн гэж их юманд бодоод байгаа бол одооноос
эхэлж би та нарт дараа болохгүй зайлаад өгье. Би Ли дайдаагийн хүү
Оршихтой хөзөр тоглож байгаад ирсэн. Цаашдаа ч тэднийд очиж тоглоно.
Тэднийх надад гоё хоол өгсөн бас энэ гоё юмнуудыг ч өгсөн" гэж хэлээд
гараад гүйчихжээ. Юмны учир дөнгөн данган олох насан дээрээ яваа охин
яахаараа ийм айхтар үг яриатай, бодол санаатай болчихдог юм бол гэж
гайхсан эхнэр нөхөр хоёр "Сургуулиас нь гаргадаг юм бил үү?" гэж аргаа
баран ярилцаж суусан аж.
Сарангоо ийнхүү хятад хүмүүс рүү
зүтгээд, хятадын эрлийзүүдтэй найзлаад, хэнээр ч заалгаагүи байж хятад
хэлийг тун амархан сурсан нь түүний судсаар хятад хүний цус урсч
байсантай холбоотой болов уу. Аль эсвэл хятад хар домчийн хараал охины
хувь заяаг ийн эргүүлсэн ч байж мэднэ. Сарангоо ийм хачирхалтай зан
араншинтай байснаас гадна огт өвддөггүй байсан нь аав ээж болоод ангийн
нь хүүхдүүдийг хүртэл гайхашруулдаг байжээ. Улаанбаатар даяар онц
аюултай, хурдан тархацтай ханиад гарч хүүхдүүд бүгдээрээ шахуу өвчлөөд
байхад Сарангоо л тусалгүй үлдсэн аж.
Мөн ангид нь халдварт шар
өвчин гарч ангийнхан нь ээлж дараалан шарлахад Сарангоо мөн л яагаа ч
үгүй үлджээ. Ангийнхан нь хөдөлмөр зуслан дээр очиж хоолны хордлогонд
ороод бөөн хэл ам гарч байхад Сарангоо мөн л зүв зүгээр инээгээд гүйж
явсан юмсанж. Энэ байдалд нь хөндлөнгийн хүмүүс их л эвгүйцэн Базар
болон түүний эхнэрт "Хар хэл амтай хараалч хүүхний хүүхэд болохоор эргэн
тойрныхондоо гай болоод байна. Өөрөө яах ч үгүй үлдээд хажууд нь байгаа
хүмүүс өвчин тусаад байгаа нь яавч сайны ёр биш. Энийг нэг тийш нь хөөж
явуулсан нь дээр" гэх зэргээр шивэр авир хийх нь ч ихэсчээ. Ийм л нэг
сонин охин өргөж авсан эцэг эх хоёрынхоо хайр энхрийлэлийг хөл доороо
дэвсэн тарвалзаж явсаар арван зургаан нас хүрчээ. Харин энэ үеэс охины
ааш авир эрс өөрчлөгдөж гадуур дотуур тэнэх нь бүр ч ихэсч хэд хэдэн
хоногоор тэнээд явчихдаг болж. Базар аль болох л биеэ барин тэсч байсан ч
нэг өдөр "Ээж ээ, аав аа би жирэмсэн болсон" гээд хэнэг ч үгүй орж
ирэхэд нь тэсэртлээ уурлан завхай зайдан, золбин жингэр гичий гэх мэтээр
харааж алгадаад авсан аж.
Гэтэл Сарангоо нүдээ гялалзуулж шүдээ
хавиран доороо дэвхцэж "Та үхвэл таарна. Хурдан үхээсэй" гэж хашгиран яг
л хараалч эх шигээ ийш тийш нулимж их л эвгүй ааш үзүүлсэн юмсанж.
Хамгийн аймшигтай нь Базар тэр хэрүүлээс хойш ердөө долоо хоногийн дараа
гэрийнхээ гадаа мод харуулдаж байгаад гэнэтхэн үхсэн аж. Эмч ирж үзээд
тийм ийм шалтгаанаас болж нас баржээ гэж хэлж чадахгүй "Зүрхний архаг
өвчтэй хүн байсан юм болов уу, даралт нь өндөр байж байгаад харвасан юм
болов уу" гэж байсан нь олон хүнд сэжиг төрүүлж дор бүрнээ л "Хараалч
авгайгийн хаягдмал охины хараалаас болж хайран сайхан хүн үхлээ" гэцгээж
байсан гэдэг. Эцгийнхээ толгойг залгисан Сарангоо өргөмөл ээжтэйгээ
хоёулахнаа үлдэнгүүтээ ёстой дураараа дургих шиг болсон бөгөөд хөөрхөн
царайндаа эрдсэн тэрбээр гэдэс нь өдрөөс өдөрт томорч байгааг ч тоолгүй
хаана л бүжиг, ший болно тэнд очиж эрчүүдтэй самуурах болсон байна.
Ингэж явсаар төрөх хугацаанаасаа хамаагүй өмнө нэг охин
төрүүлчихээд гавъяа байгуулсан аятай хэд хоног асруулж байгаад хятадын
эрлийз залуу дагаад алга болсон байна. Газрын гай гэмээр хүүхдийг
өрөвдөн өсгөсөнийхөө хариуд үйлээ эдэлж байсан хөөрхий эмэгтэй дутуу
төрсөн улаан нялзрай охинтой өдөр шөнөгүй зууралдсаар бие нь ихэд
муудсан аж.
Тиймээс садангийнхаа нэг хөгшнийг гэртээ байлгаж
хамжаа дэмжээ болгохоор дуудсан юмсанж. Гэвч тэрхүү хөгшин гэрт нь ирж
Сарангоогийн охиныг харуутаа л давхийтэл цочин "Энэ хүүхэд чинь дутуу
төрсөн гэхээргүй халиурсан урт үстэй, хөл гарын нь хумс арзайтал
ургачихсан хаашаа янзын хүүхэд вэ? Нялх хүүхэд чинь хонгон дээрээ хөх
толботой байдаг атал энэний хонгон дээр тас хар мэнгэ байх юм. Энийг
өсгөж хэрэггүй байх. Хожим толгойг чинь залгиж мэдэх муухай хүүхэд
байна. Чөтгөр шулмын үр ч юм бил үү?" гэж хэлээд ум хумгүй алга болжээ.
Ийнхүү Сарангоогийн өргөсөн ээж орь ганцаар бүх зовлонг үүрч гарахаас
өөр аргагүй болоод байтал Сарангоо нэг хөгшин данжаадын гэрийг тонож
амийг нь бүрэлгэсэн хэрэгт орооцолдоод шоронгийн хаалга татсан байна.
Түүнийг
шоронд ороод удаагүй байхад айлын байшин шатсан тухай дуудлага төв гал
командад ирсэн бөгөөд гал унтраах албаныхан яаравчлан очиход байшин
хэдийнэ шатчихсан байсан гэдэг. Байшин дотор Сарангоогийн нялх охин,
өргөж авсан ээж хоёр нь байх ёстой ч ганцхан настай авгайн цогцос л
олдож харин нялх охины цогцос гарч ирээгүй байна. Тэр охин байшин
шатахад байсан уу үгүй юу гэдгийг хэн ч мэддэггүй аж. Ийнхүү тэр охин
хаачсан нь мэдэгдэхгүй алга болоод арван нэгэн жил өнгөрч байхад
Сарангоо ч мөн ор сураггүй алга болжээ.
Тэрбээр үйлдсэн хэрэгтээ
таарсан ялаа эдлээд шоронгоос суллагдсан гэх тэмдэглэл шүүхийн архивт
байдаг ч шоронгоос гараад хаана очсон, юу хийж байсан зэрэг нь
тодорхойгүй ямар ч сураггүй алга болсон байна.
НОЦТОЙ МЭДЭЭ