
Энэ жилийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж хар машиныг "маапаантай" гэж харддаг иргэд дүгнэлтээ өөрчлөхөд хүрээд байгаа. Харин сонгуульд өрсөлдсөн зарим нэр дэвшигчид хар машиныг олигархуудад, оффшортнуудад үйлчилдэг гэж дүгнэж байна. УИХ-ын сонгуулийн 63 дугаар тойрогт Эх Орончдын Нэгдсэн Эвслээс нэр дэвшсэн Ц.Шинэбаярын хувьд энэ жилийн сонгуулийг хар машиныг урьдчилан бэлтгэж программчлан ажиллууллаа гэж дүгнэжээ. Ингээд түүнээс энэ асуудлаар зарим зүйлийг тодруулсан юм.
-Та сонгуулийн дүнг чухам яагаад хар машинтай холбон тайлбарлах болов?
-Хар машины хоёрдугаар программчлагдсан сонгуульд оролцоод, дүнг нь сонсоод байж байгаа миний хувьд өмнөх жилүүдтэй яг адилаар луйврын сонгууль боллоо гэж дүгнэж байна. Монголын ард түмний дийлэнхи нь хар машины сонгуулийг луйврын сонгууль болдог гэж хүлээн зөвшөөрдөг байсан бол энэ удаагийн сонгууль ч мөн ялгаагүй байлаа. Тодруулбал сонгуульд ялсан нам өөрийн хар машины тусламжааар ялсан гэдгээ үндсэндээ хүлээн зөвшөөрлөө. Ямар ч тохиолдолд энэ удаагийн сонгууль хар машины онцгой хүчин зүйлээр ялсан.
-Таны бодлоор сонгуулийг ямар хэлбэрээр явуулбал шударга байхаар байна?
-Цаашид Монгол Улс энэ мэт хар машинаар сонгууль явуулж, ард түмний сонголтыг үгүйсгэж, машин ажиллуулагсад шийддэг байвал сонгууль явуулах хэрэг байна уу? гэдэг асуултыг бий болгож байна. Энэ машин оффшор данстнуудыг харж үздэг, авлигачдад тал засдаг юм байна. Газрын наймаачнаас эхлээд газрын даргын суудлыг зардаг хүмүүсийг хүртэл хар машин таалдаг юм байна гэдгийг энэ удаагийн сонгуулийн үр дүн харууллаа.
Ц.Шинэбаяр: Манай тойрогт сонгогчдын нэрсийн жагсаалтыг санаатайгаар будлиуллаа
-УИХ-ын 63 дугаар тойргийн хувьд хууль зөрчсөн үйлдэл гарсан талаар хэвлэл мэдээллээр яригдаж байсан?
-Хар машины луйвраас гадна сонгуулийн явцад асар олон булхай боллоо. Миний хувьд бүгдийг нь сонгуульд оролцсон намууд болоод СЕХ, аль нэгэн нэр дэвшигчдэд гаргаж өгсөн. Харамсалтай нь энэ асуудлыг ердөө ч шийдсэнгүй. Сонгуулийн нэрсийн жагсаалтыг санаатайгаар олон удаагийн давтамжтайгаар будлиуллаа. Жишээлбэл миний өрсөлдөж байсан УИХ-ын 63 дугаар тойрогт 8-20 сонгогчтой 334 өрх бий. Эдгээрт нийт 4057 сонгогтой. Гэтэл манай тойрогт сонгуулийн нэрсийн жагсаалтыг санаатайгаар будлиулж байсан. Үүнд төрийн албан хаагчид ч оролцсон. Жишээлбэл Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга Ж.Чимэдцогзол гэх хүний гэрт 13 сонгогч байсан юм. Гэтэл Ж.Чимэдцогзолынх 12 м2 талбай бүхий сууцанд амьдардаг. Энэ огт боломжгүй зүйл. Энэ мэт ичгүүр сонжуургүй луйвар хийж байхад манай хууль хяналтын байгууллагынхан шуурхай шийддэггүй. Гэтэл хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй хүмүүс бүгд л сонгуульд санал өгч оролцдог. Угтаа бол шилжилт хөдөлгөөн болоод нэг хаяган дээр олон хүн амьдардаг асуудлыг шалгуулахаар тагнуулийн байгууллагад сонгуулиас өмнө хандсан. Гэтэл таслан зогсоолгүй байсаар сонгуулийг тэр чигт нь явууллаа. Тэгэхээр төрийн байгууллагын тусгай алба хаагчид хорооны засаг дарга нарийн ажиллагаанаас удаан, болхи байгаа нь үнэхээр ичгэвтэр.
Үүнээс гадна сонгуулийн явцад хурууны хээ танигдахгүй байхад регистерийн дугаараар санал өгүүлэх тохиолдол хэдэн зуу гарлаа. Зөвхөн манай тойрогт гарсан хууль зөрчсөн асуудлуудын хувьд л ийм байна.
-УИХ-ын 63 дугаар тойргийн хувьд 13 нэр дэвшигч өрсөлдсөн. Бусад нэр дэвшигчид хэр цэвэр өрсөлдсөн гэж та дүгнэж байна?
-МАН, АН-ын зүгээс сонгогчдыг зөөсөн асуудал удаа дараа гарсан. АН-ын зүгээс сонгуулийн сурталчилгааны явцад маш олон зөвшөөрөлгүй машин хэрэглэсэн. Харин МАН-ын зүгээс нийслэлийн иргэдийн хуралд мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Гэсэн ч төрийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч шийтгэл оногдуулахгүй байна. Хөндлөнгөөс ингээд харж байхад бидний нэг том дутагдал ажиглагдлаа. Тэр нь юу вэ гэхээр сонгууль болсоны дараагаар сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг таслан зогсоож дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаар манай хууль хяналтын байгууллагууд, улс өрийн намууд, бие даагчид, улс төрчид ерөөсөө ч ажилладаггүй. Тиймээс удаа дараагийн сонгуульд өмнөх асуудлууд давтагдсаар байна. Үүнээс гадна сонгуульд ашиглах хар машины туршилтад манай эвсэлд нэг ч хүнд мэдэгдэж урилга өгөөгүй нууц байдлаар туршсан. Мөн хар машины саналын хуудсыг бидэнд шалгуулна гэж хэлсэн боловч өнөөг хүртэл гар дээрээ тавьж үзсэнгүй ээ. Гуравдугаарт хар машины үзгийг намуудад нэг, нэг ширхэгийг өгөх ёстой. Гэсэн ч мөн л өгөөгүй. Мөн өнөөг хүртэл санал авах байрны камерийн бичлэгийг үзүүлэлгүй нууц гэсээр авч зугатаасан. Яагаад бид бичлэгийг үзэх гээд байна вэ гэхээр санал өгсөн хүний тоо саналын хуудасны тоотой зөрөх магадлал байгаа юм. Тиймээс л санал авах байрны бичлэгээр санал өгсөн хүний тоо баталгаажих учиртай.
-Санал авах байрны бичлэг алдагдсан тухайд та хууль хяналтын байгууллагуудад хандсан уу?
-Бид хандах гээд баримт материалуудаа бүрдүүлж байна. Манай ажиглагчид хичнээн хүн санал өгснийг тусгайлан бүртгэсэн байгаа. Гэтэл санал өгсөн хүний тоо зөрөөд байна. Тиймээс л бид бичлэгийг тулгаж үзэх санал тавьсан. Харамсалтай нь сонгуулийн ерөнхий хороо өгөгхгүй нуугаад байгаа нь сэжиг төрүүлэхүйц байна.
ZuvSongolt.mn http://www.zuvsongolt.mn/page/newsmore/3655
Д.Дуулим