УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан билээ. Тэгвэл тэрбээр сонгуулийн дүнтэй холбоотойгоор сэтгэгдлээ илэрхийлжээ. Тодруулбал, өөрийнхөө твиттер хуудаснаа "Сант Марал нэг иймэрхүү дүнг өнгөрсөн 3 дугаар сард гаргасан. Сумаати мундаг юм аа. Ард түмний төлөөлөл болж буй 76-д баяр хүргье. АН их засварт.” хэмээн жиргэжээ.
Ер нь бол Р.Амаржаргал эрхэм улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор шүүмжилсэн байр сууриа шулуухан илэрхийлдэг нэгэн. Тэрбээр "Миний бодлоор, нэгдүгээрт, бид өнгөрсөн 25 жилийн хугацаанд өнөөгийнхөөс илүү хөгжил дэвшлийг хүлээж байжээ. Өөрөөр хэлбэл, бидний хүлээлт хэт өндөр байж. Хоёрдугаарт, энэ хүлээлтийн гол элемент болох нийгмийн баялгийг тэгш хуваарилж чадаагүй. Энэ нь нийгмийг бухимдуулж байна уу гэсэн бодол төрдөг” гэжээ. Мөн тэрбээр "Монголчууд цөөхүүлээ. Тэр ч утгаар бие биенээ сайн мэднэ. Хэдэн жилийн өмнө хэн ямар алба хашиж, ямар амьдралтай байсныг хүнээр хэлүүлэхгүй мэддэг. 25 жилийн хугацаанд хуруугаа ч хөдөлгөлгүй баяжсан хүн зөндөө байгаа нь үнэн. Тухайн үеийн төр, засгийн шийдвэр ч үүнд чиглэж байсан юм чинь. 1990 оны эхээр манай улсын эдийн засаг туйлын хүнд байсан. Бараг л орших уу, эс орших уу гэдэгт тулсан шүү дээ. Ганц ам.доллар ч болов Монголдоо оруулж ирэхийг, гадаадын хөрөнгө оруулалт татах арга замыг эрэлхийлж байсан үе. Энэ үед хөрөнгө татах арга зам нь уул уурхай л байлаа. Ингээд уул уурхайд мөнгө татахаар Ашигт малтмалын тухай хууль баталсан. Энэ хууль үнэхээр либерал, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль байсан. Гэсэн ч тэр дороо үр дүнгээ өгөөгүй. Хүмүүс хуулийг ойлгож, Монголд хөрөнгө оруулах гэсээр бараг 10-аад жилийг үдсэн. 1990 оны эхээр гаргасан энэ хуулийн эффект буюу үйлчлэл нь 2000 оны эхээр ил болж эхэлсэн. Гэтэл хуулийн хүрээнд уул уурхайн тусгай зөвшөөрлүүдээ бүгдийг нь тараачихсан, нөгөө хэд нь гадаадын голдуу иргэдэд оччихсон байв. Тэр дундаа, Монголын үүц болно гэж найдаж байсан томоохон төслүүд гаднынхны гарт орсон. Нэг хэсэг нь ядарч унатлаа, хөдөлмөрлөж байхад нөгөө нь тусгай зөвшөөрөлтэй болчихоод, түүнийгээ гаднынханд зарж, хөлжиж байх жишээтэй. Иймээс л хүмүүс бухимдаад байгаа юм. Маш энгийн тоо бодъё. Манай улсын ДНБ-ий хэмжээ 25 их наяд төгрөг. Үүнийг гурван сая хүнд хуваахаар ойролцоогоор найман сая төгрөг нэг хүнд ногдоно. Нэг өрх 3,5 хүнтэй гэж тооцоход нэг айл жилд 28 сая төгрөгийн орлоготой гэсэн үг. Тэгэхээр 28 сая төгрөгийн орлоготой айл ядуу биш. Гэтэл ийм хэмжээний орлоготой айл Монголд хэд байна, хаана байгаа нь ч бүү мэд. Ямар сайн даа л банкин дахь нийт хадгаламжийн 95 хувь хүн амын таван хувьд ногдож байх вэ дээ. Үлдсэн тавхан хувийг нь хүн амын 95 хувь эзэмшиж байна. Тэгэхээр нийгмийн баялгийн тэгш хуваарилалт Монголд маш их зөрүүтэй байгаа биз. Энэ л хамгийн аюултай, миний сэтгэлийг зовоож байна.” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг юм.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих