Бөхийн дэвжээнээс бурхны оронд заларсан Ө.Тулгаа заан
Ширвээ хар сахалтай, яргай биетэй энэ эр хэзээ ч одоогийн хөвгүүд шиг бэлтгэлийн заал хэсч, туухай өргөж явсангүй. Харин хээрээр гэр, хэцээр дэр хийж, зам зуур бүхлээрээ унтаад маргааш нь хүний нутгийн наадмаас байг нь авч уначихаад нутгийн зүг оддог байлаа.
Тувад түүн шиг зартай бөх нэгээхэн ч үгүй. Ямартаа л "Тулгааг хаясан бөхийг тусгайлан шагнана” гэсэн зарыг наадмын талбайгаар нэг тарааж, нутгаасаа хамгийн бяртай, аатайг нь шилж заантай тулгаж байхав. Бичгийн цаасан дээр түүний зургийг томоор тавьчихаад "Тулгааг хаях бөх байна уу?” гэж эрэл хайгуул хийж тун удсан гэдэг. Гэлээ ч Өлзийн Тулгааг өвдөг шороодуулах хүү олдолгүй олон жил болсон.
Зэрлэг байгалийн сод бүтээл
Хэрвээ бэлтгэл хийж, бөхдөө цаг зарсан бол түүнийг арслан, аварга болох байсан гэж мэр сэр ярьдаг. Гэхдээ монгол бөх гэдэг зөвхөн аварга, арслангаар дүүрдэггүй. Аваргуудыг ирлэж, тэдэнд түлхүү унадаг ч гэсэн харахад сайхан, хайрлахад дөхөм хүмүүс нь улсын заанууд байдаг. Хэдийгээр наадмаар дөрөвт үлдэж цолоо аваагүй ч гэсэн Тулгаа ясны бөх хүний хувьд аваргуудыг айлгаж, арслангуудын халгадаг бөх байлаа. Ялангуяа түүний булчин шөрмөс зангирсан биеийг бөх сонирхогчид байтугай бөхчүүд өөрсдөө толгой сэгсрэн бахддаг.
"Ай даа, тэр Тулгаагийн биеийг хараарай. Зэрлэг байгалийн сод бүтээл шиг. Хүчирхэг араатан шиг” гэж Дүвчин заан нэгэнтээ уулга алдан ярьсан нь бий.
Удам тасрахгүй бас мартахгүй
Харамсалтай нь зааныг бид дахиж харахгүй. Гэхдээ түүний төрсөн дүү Өлзийн Сумьяа гэж сайхан бөх бий. Бас л Увсынхаа хязгаарт амьдарч ажилладаг. Хааяа нэг орж ирэхээрээ хачин сайн барилдана. Чөлөөтийн техник эзэмшээгүй хэрнээ хөлд гүйхдээ хэнээс ч адтай. Зааны төрсөн хүү Т.Сүрэнжав аавынхаа удам тасрахгүй, бас мартахгүйг илтгэн зүлэг ногоон дэвжээнээ торгон зодогныхоо уяаг чангалан гарсаар байгаа. Монгол бөхийн орон. Харин заан шиг ийм бөхчүүд л энэ үгийг амилуулж, үр удам, үйл хөдлөлөөрөө бөхийн гайхамшгийг зарлан тунхагласаар явдаг билээ. Бөхийн дэвжээгээ чимж явсан улсын заан маань бурхны оронд бас нэгэн чимэг болохоор одсон бөлгөө.
| |
Р.Гэгээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих