Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт 40 км зам эвдэрч, энхэл донхол үүссэн бол түүнтэй залгаа Цагаан хоолой орчмын 50 км зам дээр шороо асган, зорчих аргагүй болтол нь хааж орхижээ. Нэг км тутамд асгаж овоолсон шорооноос болж, жолооч нар засмал замын хажуугийн шороон замаар тоос татуулан давхихаас аргагүйд хүрчээ. Хучилтыг нь хийгээд бэлэн болгочихсон замыг чухам яагаад хаах болсон талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй болохоор нутгийн иргэд элдэв таамаг дэвшүүлж сууна.” Замын ажлын гүйцэтгэлийг хятад компани хийсэн гэнэ, манайхан мөнгийг нь өгөөгүйгээс мөнгөө авахын тулд ийн хаасан гэнэ лээ” гэх цуу ярианаас өөр тайлбар тэнд алга.
Нийтдээ 50 км замыг ийн хаасан байх бөгөөд замын эхлэл төгсгөлд нь тавьсан самбар дээрх танилцуулгаас уг замыг Зам тээврийн яамны захиалгаар China GEO-Engineering Corporation компани гүйцэтгэснийг мэдэж авлаа. Зам тавьсан нийт өртөг 12,5 тэрбум төгрөгөөр үнэлэгджээ. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн зам гэж танилцуулгад онцолсныг бодоход овоо хэдэн жилийн өмнө хийж эхэлсэн ажил болж таарав. Учир нь Хэнтий аймгийн төвийг Чингис хот хэмээн нэрийдээд нэлээд удаж байгаа болохоор ийн таамаглахад хүрсэн юм. Самбар дээр тодоос тод бичиж үлдээсэн утас руу холбогдон 50 км замыг хааж, км тутамд шороо овоолсон шалтгааныг тодрууллаа. Өөрийгөө тус компанийн менежер Хайрхан хэмээн танилцуулсан өвөрмонгол залуу дараах хариултыг өгч байна.
-Манай компанийн тавьсан зам дээр аар саар хийх ажил үлдээд байгаа. Гэтэл янчаан хүрэлцэхгүй байна. Дутуу хийсэн замаар зорчих аюултай учраас түр хугацаагаар замыг хаасан. Хийх ажил бага болохоор тун удахгүй нээчих байх аа.
-Захиалагч талаас буюу Зам тээврийн яам, Сангийн яамнаас санхүүжилтээ өгөөгүй учраас зам хаасан гэж ойлгоод байгаа нь буруу юу?
-Сайн ойлгохгүй байна?
-Монголын талаас янчаанаа өгөөгүй болохоор та нар тавьсан зам дээр шороо асгасан юм биш үү?
-Үгүй үгүй.
-Тэгвэл хэзээ ажлаа дуусч, замаа нээх вэ?
-Тун удахгүй, нэг сарын дараа гэхэд замаа нээнэ.
Хятад компанийн ажилтан ийм хариу өгч байна. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох их зорилгод энэ мэт саад тотгор байсаар байна. Замыг барьж байгуулж дуусаагүй бол ажилтнууд нь зам дээрээ ажиллаж байх учиртай. Гэтэл тус замыг засч сайжруулж байгаа нэг ч хүн 50 км-т тааралдаагүй юм.
Д.ЦЭЭНЭ дорнод.нет
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих