Ардчилсан намын хийж байгаа улс төрийг харахаар Бооёогийн элэглэдэг
хошин шог санаанд орох юм. Хошин шогийнх нь нэг хэсэгт гардаг даа,
мөрдөн байцаагчийн дүрийг бүтээж байгаа Лхагвасүрэнг "Та гэр
бүлийнхнийгээ байцаагаад л цолоо нэмдэг биз дээ” гэж... Хэдийгээр хошин
шогийн хэсэг ч гэлээ өнөөдрийн нөхцөл байдалд Ардчилсан намынхны улс
төрд их л зохицоод байгаа юм даа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан намынхаа
гишүүдийг муулж, тэднийгээ дарж, цаашлаад Засгийн газраа унагаж л улс
төр хийдэг. Үүндээ бүр гаршиж байгаа бололтой. Уг нь "тогоо”-ноос хальж
сэтгэж, улс төр хиймээр байгаа юм.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж улстөржсөн. Ингэхдээ сөрөг хүчин МАН-ынхны зүгээс улс төрийн тоглолт хийхээс урьтаж, АН-ын Шонхор, МҮДН, МоАХ-ынхан нэгдээд л Н.Алтанхуягийг намын дарга, Ерөнхий сайдынх нь албанаас холдуулчих жишээний. Ардчилсан зарчмаар нам дотроо шүүмжлэлээ хэлж чаддаг гэж ярих дуртай, үүгээрээ бахархаад байдаг АН-ын гишүүд нь энэ байдлаасаа өөрсдөө залхдаг байх. Өрсөлдөгч намаас нь бус өөрсдөөсөө болж ард түмэнд муу нэр зүүх АН-ынхныг яалтай билээ.
Эрх барьж байгаа энэ хугацаандаа Н.Алтанхуягаар Ч.Сайханбилэгийг сольсон. Харин одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг мөн л хөдөлгөж, МАН-ын 6 сайдыг засгаас гаргачихлаа. Хэдийгээр МАН ажил хийлгэхгүй байна, хамтраад үр дүн гарсангүй гэж байгаа ч, АН-ынхан тогтвортой ажиллаж чаддаггүй гэх имижийг уг үйлдлээрээ бүрдүүлчихлээ. Ч.Сайханбилэг нь засгаа хөдөлгөхгүй гэдэг жүжиг тоглоод л, З.Энхболд нь МАН-ыг хөөнө гэсэн байр суурин дээрээ баттай зогсож байгаа мэтээр жүжиглэсэн ч тэд хоорондоо нэгдэж чаддаггүйгээ олон нийтийн өмнө харуулсан. Гэхдээ энэ тэдний гэм биш зан.
1996-2000 оны парламентыг эргэн саная. Тухайн үед Ардчилсан намынхан эрх барьсан. Тэд эрх барихдаа Засгийн газраа дөрвөн ч удаа унагаж байлаа. Намынхаа нийтлэг эрх ашиг бус өөрсдийнхөө эрх мэдлийн төлөөх "тулалдаан” тэднийг өнөөдөр хусаад ч арилгахгүй нэр зүүлгэсэн. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа АН олон суудал авч, ялалт байгуулахад олон нийтэд нэг л зүйлийг ярьж байв. Энэ бол АН-ынхан эрх барьж чаддаггүй, тэд Засгийн газраа унагахдаа сайн, ажил хийдэггүй гэх үг байлаа. Тэгэхэд Н.Алтанхуяг тэргүүтэй удирдлагууд нь "бид 25 настай том болсон” гэж байсан. Гэвч тэд хүмүүжиж чадаагүй аж.
МАН-ынхнаас ядаж зөвхөн өрсөлдөгчтэйгээ улс төр хийдэг, ингэхдээ нэгдэж чаддаг занг нь сурчихаач гэж АН-ынханд зөвлөмөөр байна. Гол зарчим нь энэ л байхгүй юу, АН-ынхаан. Гэтэл та нар "тогоо”-н доторх улс төрөөсөө хальж чадахгүй л мунгинаад байх юм. Бас болоогүй гишүүд нь нэг нэгийгээ татаж унагахдаа сайн гэдгийг нь яана!
М.Төр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих