Өнгөрөгч сарын 27-нд эхэлсэн зуны сургалтын хаалтын ажиллагаа өнөөдөр
БСШУЯ-нд болов. Өнгөрсөн жил 5 орноос судлаач ирж байсан бол энэ жил
Орос, Герман, Швейцарь, Чех, Унгар, Турк, Казакстан, Хятад, Япон, БНСУ,
БНАСАУ зэрэг 12 орны 18 их, дээд сургууль, судалгааны төвөөс 29 залуу
судлаач, оюутан оролцов.
Залуу судлаачид Булган аймгийн Сайхан суманд малчны ахуй амьдралын дунд
монгол бичгийн хэл, ярианы хэл, монгол ахуйтай танилцсан юм. Тэд
монголчуудын мэндлэх, хүндлэх, зочлох ёс, гэр барих, идээ ундаа, цагаан
идээний соёл, сүү саалийн ёс, морь унах, мал хариулах дадлага хийж,
монгол ахуйтай танилцав.
Харин сүүлийн тав хоног Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль,
СУИС, МУБИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвийн
нэртэй эрдэмтдийн лекц сонсов.
Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын
амьд харилцааны дунд тусгай сургалт зохион байгуулснаараа монгол
судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр
дүнтэй ажил боллоо хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар
хэлэхдээ, 12 орны судлаач монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны
үндэслэлтэй бодит мэдээллийг түгээн, биднийг дэлхий ертөнцтэй зөв
замаар холбох чухал гүүр болох юм.
Иймээс гадаад орнуудад монгол судлалыг эрчимтэй хөгжүүлэх, хамрах
хүрээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой бодлого боловсруулан, үе шаттай
хэрэгжүүлж байна. Цаашид монгол судлалын чиглэлээр суралцах хүсэлтэй
гадаадын оюутан залуусыг монголын их, дээд сургуулиудад тэтгэлгээр
сургах, магистрант, докторантыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх
тэтгэлэгт хамруулах ажлыг төлөвлөөд байна” гэв.

Энэ үеэр зуны сургуульд оролцогчдын дунд монгол хэлээр илтгэх уралдааны
шилдэг илтгэгчдэд шагнал гардуулав. Тэргүүн байрт БНАСАУ-аас МУИС-д
сурч буй оюутан Ан Хи Гён шалгаран өргөмжлөл хүртсэн бол удаах байрыг
БНСУ-ын Тангүг их сургуулийн оюутан Ким Хи Кён, гутгаар байрыг ХБНГУ-ын
Бонны их сургуулийн оюутан Шарлена Гёрлез нар тус тус эзлэв. Харин
тусгай байрын шагналыг Буриад, ӨМӨЗО-ы судлаач шалгарлаа.
Зуны сургууль төгссөн залуу судлаачид БСШУЯ-ны сайдын батламж гардсан юм.
Монголчууд байгальтайгаа хэрхэн харьцаж, эх дэлхий, байгалиа
сэтгэлээсээ шүтэн амьдардаг нь онцгой сэтгэгдэл төрүүллээ хэмээн залуу
судлаачид хэлж байв.
МУИС-ийн оюутан Ан Хи Гён, "Гурав дахь жилдээ монгол хэл үзэж байна.
Манай багш нар монголд очоод заавал хөдөө явж үзээрэй гэж захьсан.
"Мянга сонсохоор нэг удаа үз” гэсэн монголын зүйр цэцэн үг байдаг.
Монголчууд үнэхээр ажилсаг, найрсаг, сэргэлэн цовоо ард түмэн болохыг
нүдээр үзлээ.
Нар мандахаас жаргах хүртэл үнээ саан, тараг бүрж, ааруул ээзгийгээ
хийж, айргаа бүлэн адуу малаа хариулан завсар чөлөөгүй ажилладаг юм
байна. Мөн бидэнд зориулан дааганы уралдаан, 32 бөхийн барилдаан, морь
булгиулах тэмцээн, шагайн харваа зэрэг бэсрэг наадам зохион байгуулсан.
Анх удаа наадам үзсэн учраас хэзээ ч мартагдашүй сайхан дурсамж
үлдээлээ. Монгол хэл, түүхийг сонирхон сурч байгаа судлаач бид малчны
хотонд очин, нүүдэлчдийн түүх соёл, орчин үеийн түүх болон өдөр тутмын
ахуй амьдралыг дэргэдээс нь харан суралцсандаа баяртай байна” гэв.
Хаалтын ажиллагаа Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарчийн
"Есөн эрдэнийн орон” дууг залуу судлаачид монгол хэлээр дуулснаар
өндөрлөсөн юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=10868
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих