Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ирэх нэгдүгээр сараас эхлэн банкны бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авахаар болж байгаа. Одоогоос гурван жилийн өмнө манай улсын парламент энэ хуулийн шинэчилсэн найруулгыг баталж суухдаа шинэ баячуудаасаа татвар аваад, банкуудаа урт хугацааны нөөцтэй байлгах тухай их л гэгээлгээр төсөөлж байв. Гэхдээ энэ тухай одоо бодох шаардлагагүй гэдгийг бидэнд хориод жилийн өмнөх туршлага маань харуулж байна. Тодорхой хэлбэл, Монгол Улс 1990-ээд оны дундуур ийм татвартай байсан ч 1997 оны үед Азийн эдийн засгийн хямралын үеэр дотоодын мөнгөний урсгал банкнаас гадагшилж эхлэнгүүт Засгийн газраас татварыг зогсоох арга хэмжээ авч байсан юм. Их хурлын гишүүдийн тийнхүү гэгээлгээр эдийн засгаа төсөөлж хууль баталж байснаас хойш гуравхан жилийн дотор бид юу эсийг үзсэн билээ дээ.
Сүүлийн нэг жилийн турш БНХАУ-ын эдийн засгийн хямрал биднийг тойрохгүй хэмээн эдийн засагч, тоймч, нийтлэлч нар цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээнээс дутахааргүй жингэнүүлэх болов. Ерөөсөө дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ыг урд хөрш маань хоёрхон жилийн өмнөөс гүйцэж түрүүлсэн ч үлээж өлгөсөн луун хээтэй бөмбөлөг аажмаар шалчийж эхлэхэд Монгол Улс ч эх газрын энэхүү санхүүгийн хүндрэлийн нэгэн хохирогч болох нь тодорхой болжээ. Тиймээс Хятадын үйлдвэрлэл, импортын эрчимтэй өсөлтийн үед Монгол Улс тэгтлээ сайн нийлүүлэлт хийж чадаагүй нь өдгөө бидний үгээ барж буй сэдэв юм.
Ялангуяа түүхий эдийн ханш өндөр байхад бид боломжоо ашиглахаас илүү цацсан будаан дээрээ тахиа шиг толхилцсоор багагүй хугацаа алдсан. Хятадын хамгийн том худалдааны түнш болох ийм боломжоо ашиглаж чадалгүй, ганыхны хүлээлтэд улс төрийн таг чиг шийдвэрүүдээс өөр үзүүлэх зүйлгүй сууж байх зуур Хятадтай хөрш зэргэлдээ улс орнуудаас эхлээд тивийн цаадах Бразил, АНУ тэргүүтэй олон улс зарчихмаар, ашиглачихмаар юм юу байна чадахаараа толгойгоо ажиллуулж, чамлахааргүй ашиг хүртсэн байна. Зөвхөн Бразил л гэхэд өнгөрсөн хоёр жилд төмрийн хүдэр, шар буурцгийн шош, гутал, кофе зэрэг 250 тэрбум орчим ам.долларын бүтээгдэхүүнийг Хятад улсад экспортолжээ. Мөн Хятад, Зүүн Азийн орнуудад хийсэн экспортынхоо ачаар л тэд Европын чинээлэг олон улсын урд эдийн засгаараа эрэмбэлэгдэж чадсан юм. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн дулимаг байдлаараа биднээс нэг их ялгаагүй явсан үе энэ улсын тун саяхны л түүх.
Харин биднийх тун итгэлтэйгээр туурвисан хямралын түүх болон хувирч байна. Өдгөө олон улсын хэвлэлүүд нүүрс, зэснээс өөр барих зүйлгүй монголчуудын экспорт БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн эрэлт буурснаас үүдэж хэрхэн хүнд цохилтод алмайран орж байгааг гайхан бичиж эхэллээ.
Зөвхөн нүүрсээ зарахад л ид үед хэдий хэр хэмжээний ашиг, түүнийг дагасан дэд бүтцийн хөгжил, ажлын байр, бүс нутаг руу чиглэсэн эрүүл мэнд, боловсролын ямар их хөрөнгө оруулалт орж ирэх байсныг уул уурхайн олон мэргэжлийн холбооны гаргасан судалгаанаас харж болно.
Ойрын өдрүүдэд "Нүүрс” хөтөлбөрийн гэх хэрэгт экс Ерөнхий сайдын зөвлөх, нэгэн цагт Засгийн газар, парламентын гишүүнээр хэд хэд суусан эрхэм шүүхээр явж байна. Шүүн таслах процессын хувьд ч шүүмжлэлийн бай болж буй энэ хэрэг "Бид болоогүй байна даа” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж буй. Шалтгаан нь юу гэхээр "Нүүрс” хөтөлбөр гээч нь олигтой менежмент, үйлдвэрлэл шаардсан төсөл ч биш, данс тооцоо, тээвэрлэлтийн болхи үйл ажиллагаа байсан. Гэтэл дамжлаган дээрээс шуудайлсан нүүрсээ бид дотооддоо борлуулж чадахгүй, ял зарга болж байгаа улс чинь хэзээ гадагшаа юм зарж сурах вэ.
Хамгийн сүүлийн мэдээгээр нүүрсний үнэ, тэр дундаа коксжих нүүрсний ханш сүүлийн 10 жилийн түүхэндээ хамгийн доод утга зааж байгаа бөгөөд ханш үргэлжлэн унаж магадгүй. Коксжих нүүрсний энэ улирлын жишиг ханш 89 ам.долларт хүрээд байгаа бол энэ нь өмнөх улирлаасаа 4.3 хувиар, харин 2011 оны дээд цэгээс 3.7 дахин буурсан дүн болж байгаа аж. Дээр нь газрын тосны үнийн бууралт, австрали долларын ханш суларсан зэрэг нь коксжих нүүрсний үнэ буурахад чамгүй нөлөөлжээ. Цаашдаа далайн тээврээр жил бүр 180 орчим сая тонн коксжих нүүрс хэрэглэгчдэд хүргэдэг Австралийн компаниуд хүртэл ашиггүй болж зогсох хүртлээ ханшийн эргэн сэргэлтийг харахгүй бололтой.
Гэхдээ нүүрсний ханшийн уналт бол сүүдрийн зөвхөн ил харагдаж буй нэг л хэсэг нь. Нийтлэлч Баабар энэ талаар бичихдээ, "Киотогийн протоколд нэгдээгүй АНУ, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг хүлэмжийн хий үйлдвэрлэгч гол орнууд өдгөө алдаагаа ойлгож энэ тэмцэлд хошуучлан орохоо нэгэнт зарласан. Энэ бол гол нь нүүрсний эсрэг аян дайн юм. Энэ бол Тавантолгой одоо хэнд ч хэрэггүй л гэсэн үг. Нүүрс түлж ажилладаг алив үйлдвэрлэл, станцын ажиллагаанд америкийн компаниуд оролцохыг хориглосон хууль АНУ-д гарлаа. Хятадууд нүүрсний хэдэн зуун жижиг уурхай болон цахилгаан станцуудаа хаачихлаа. Занарын хувьсгал, давхаргын хий олзворлолтоос болж байгалийн хий, нефтийн үнэ шалан дээр унаснаас болж нүүрснээс хий гаргах технологи хэт үнэтэйдэн үйлдвэрлэлээс шахагдаж байна” хэмээв.
Нүүрс ингээд дүүрч гэтэл зэсийн үнийн уналт үргэлжилсээр байвал оны эхнээс л сандарч эхлээд байсан "Эрдэнэт” үйлдвэр авч хэрэгжүүлж буй хэмнэлтийн горимоо бүр ч хүндрүүлэх нь дамжиггүй боллоо. Товчхондоо "Эрдэнэт” үйлдвэрт зарласан онцгой байдал одоо бол улсын хэмжээнийх болох нь ээ.
Т.Бэх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих