"Ундрах Өргөө констракшн”, "Баян газар” компанийн хуулийн зөвлөхүүд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг будлиантай явуулсан талаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Энэ сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газраас Ховд аймгийн Алтай сумын Богч талбайд сонгон шалгаруулалт явуулжээ. Энэ сонгон шалгаруулалтыг зарим компанид давуу эрх олгохын тулд будлиантай явуулсан хэмээн тэд үзэж байгаа юм.
"Ундрах Өргөө констракшн” компанийн хуулийн зөвлөх Б.Баттуул "Ашигт малтмалын тухай хуулийн заалт, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Алтсай сумын Богч талбайд сонгон шалгаруулалт зарласан. Гэвч энэ сонгон шалгаруулалтыг будлиантай явуулснаас 10 гаруй компани оролцож чадаагүй” гэв. Тэдний хувьд сонгон шалгаруулалтыг будлиантай явуулсан гэх хэд хэдэн баримт бий гэлээ. Нэгдүгээрт, сонгон шалгаруулалтын материал хүлээж авахдаа эхний компаниудад 5-15 минут зарцуулсан. Харин сүүлийн компаниудад 1-2 минут л зарцуулсан хэмээн гомдоллож байгаа юм.
Тэдний мэдээлснээр компаниудад ирүүлсэн сонгон шалгаруулалтын урилган дээр "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлнэ” гэж заажээ. Гэтэл үнэлгээ хийхдээ "Уул уурхайн сайдын 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон журмын дагуу” үнэлгээ хийсэн хэмээн мэдээлсэн юм. Ийнхүү үнэлгээний зөрүүтэй байдлаас үүдэн 5-6 компани хасагдсан гэх мэдээллийг тэд өглөө.
Тус хоёр компанийн зүгээс энэ асуудлаар Уул уурхайн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Авлигатай тэмцэх газарт мэдэгдэл хүргүүлжээ. Цаашид сонгон шалгаруулалтад оролцож чадаагүй 10 гаруй компанийг нэгдэхийг энэ үеэр уриалсан юм.
Мөн энэ үеэр "Баян газар” компанийн хуулийн зөвлөх Б.Сугар "Ер нь цахимаар тусгай зөвшөөрөл олгох бол сервер нь гацдаг. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлах бол будлиантуулдаг. Ийм байдлаар тодорхой хэсэг компаниудад давуу эрх олгож байгаа үйлдлийг эсэргүүцэж байна” гэсэн юм.
Б.ЗОЛЗАЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих