Ардчилсан намын удирдлагууд гуйж гувшиж хамтарсан Монгол ардын намын сайд нарыг дэд сайдуудтай нь хамт ажлаа хийж чадахгүй байна гээд өнгөрсөн сард засгаасаа хөөчихсөн. Тодруулбал, Аж үйлдвэрийн яам, БСШУ-ны яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Уул уурхайн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам зэрэг яамдууд өнгөрсөн наймдугаар сарын 25-наас эхлэн дэд сайдгүй байна. Энэхүү шийдвэрээс болоод дээрх долоон яам дэд сайдгүй харин намын гишүүдийн дунд дэд сайд болох ил, далд тэмцэл ид өрнөсөөр.
Намууд сайд нараа квот тогтоож, шилж сонгочихдог уламжлал ёсоор Ардчилсан нам гурав, ИЗНН хоёр, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл хоёр дэд сайдын суудал авчихсан байгаа гэсэн. Мөн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаанаар Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батцогт, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш нарын гурван хүнийг дэд сайдад нэр дэвшүүлэхээр тохиролцоонд хүрсэн нь тодорхой болсон. Харин ИЗНН-аас Баянзүрх дүүргийн тус намын хорооны дарга Р.Булгамааг, Чингэлтэй дүүргийн ИЗНН-ын дарга Э.Ган-Очир нарыг дэвшүүлэхээр тохиролцсон нь нэгэнт ил болж үүнийг нь хэвлэлээр мэдээлсэн.
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж амжаагүй гол шалтгаан нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл”-ийнхэн хоёр дэд сайдаа тодруулж чадахгүй нам дотроо хөлөө жийлцэж байгаагаас үүдсэн бололтой. Н.Энхбаяр дарга нь ирчихсэн байгааг далимдуулан МАХН-ынхан давуу эрх эдэлж хоёр дэд сайдыг намаасаа томилно гэж байгаа бол МҮАН-ынхан мөчөөгөө өгөхгүй байгаагаас ийнхүү эцсийн шийдэлд хүрч чадахгүй буй гэх.Өнөөдөр МАХН-ын удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл хийх үеэр дэд сайдуудад нэр дэвшүүлэх эрхмүүдийг хэлнэ гэх таамаг өрнөж байна.
Ямартай ч намууд дотор албан тушаалын сэм наймаа, тохироо яригдаж байх үед дэд сайдгүй буй яамдын ажилд ямар нэгэн саад, бэрхшээл үүсч байна уу гэвэл үгүй бололтой. Нэгэнт яам, агентлагийн сайд дарга нарын томилгоо халаа сэлгээ нь үдийн цай уух зуурт өрнөж, өмнөх сайдынхаа нэрийг ч тогтоож амжаагүй байхад шинэ сайд, даргатай болчихдог болсон тул хэн нь дэд сайдаар ирэх нь жирийн төрийн албан хаагчдад падгүй. Тэс өөр мэргэжлийн, арьсан цүнх үүрсэн, дэгжин хослолоор гангарсан дэд сайдууд ирээд халаа сэлгээ хийхээс өөр ид шидгүй гэдгийг аль ч газрын алба хаагчид хэлж байна.
Ямартай ч "Шударга ёс эвсэл”-ийнхэн дэд сайдуудаа томиролцож чадсан бол ирэх долоо хоногт долоон яам дэд сайд сайдтай болох нь.
М.БОЛОР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих