-ТОКИОД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-
Арлын Япон орны нийслэл Токио хотноо зочиллоо. Нарита олон улсын нисэх буудлаас Токиог зорин хурдны галт тэргээр зорчиж явахад эргэн тойрон бүхэлдээ жигдхэн зассан "ногоон гоёл” өмссөн нь нүдэнд содон тусч, эко хот юм гэсэн бодол эрхгүй төрүүлж байв. Энэ бүхэн хүний гараар бүтээгдсэн гэхээр япончууд ажилсаг ард түмэн юм. Бидний хэлж заншсанаар, амьжиргаа цагаанаас эхлээд төрөл бүрийн машин тэртээх замаар сүлжилдсээр. Гурваас дөрвөн давхар цагаан шаргал, нэгэн загварын гэмээр байшингууд хурдан галт тэрэгний хурдтай уралдан ард хоцорно. Өндөр хашаанд хураалттай төмрийн хаягдлуудыг эс тооцвол тэнд хог харагдсангүй.
Токиогийн төв рүү дөхөх тусам өндөр өндөр барилгууд болон хүний тоо эрс нэмэгдсээр байлаа. Японы нийслэлийн иргэдийн амьдрал газар доор өрнөдөг үү гэлтэй метрогүй бол амьдрал нь зогсонги байх мэт. Нэгээс нөгөө метро руу яарах. Хүмүүс метронд суусан бол ойр орчмоо ажих нь бараг үгүй, бүгд гар утас руугаа ширтээстэй явсаар буух газраа хүрнэ. Зарим нь метронд суумагц номоо нүдэндээ наах нь холгүй уншсаар буух ажээ.
Хятад, солонгосчуудын зарим иргэд хүмүүсийг сүрхий аждаг бол тэнд хэн юу хийгээд яваа нь хэнд ч огтоос сонин биш. Зөвхөн урагшаа л харж алхацгаах. Өмссөн хувцас минь хэтэрхий содон өнгөтэй байх вий хэмээн санаа зовниж, зөрж өнгөрөх хүмүүс юу гэх бол хэмээсэн харцаар эргэн тойрноо ажлаа. Үнэндээ тэнд манай монголчууд шиг хэн ямар хувцас, брэнд өмссөн байна вэ гэж сонжих хүн нэгээхэн ч үгүй нь нэн таатай.
Токиогийн иргэдийн дийлэнх нь пиджак костюм өмсөнө. Охид бүсгүйчүүд нь гял цал, тод өнгийн хувцаснаас илүүтэй энгийн даруухан цамц юбка, трико сонгох нь түгээмэл ажээ. Таксины жолооч нар нь цав цагаан цамц, костюм пиджак өмссөн байх нь нүдэнд их содон тусна. Жолооч нь хөгшин, залуу байх асуудал биш. Үйлчлүүлэгчээ хүндлэн ачаа тээшийг нь түүртэлгүй өргөн машиныхаа багажид хийж, бөхөлзсөөр унаандаа суулгаж хүрэх газар нь хүргээд баярлаж талархсанаа илэрхийлнэ. Такси бүр нь урд цонхныхоо дотор, дээд талд камертай. Бүх мэдээлэл цахимжсан энэ нийгэмд иргэд нь эрх үүрэг, хариуцлагыг чухалчилдаг. Өглөө ажилдаа цагаасаа урьтаж ирэн бэлтгэлээ базаана. Тэр бүү хэл ажлын цаг эхлэхээс өмнө байгууллагынхаа өмнөх талбайд хаясан жижиг хогийг цэвэрлэж буй ажилтантай таарсан юм.
Токиогийн гудамжинд илүүдэл жинтэй хүн бараг харагдсангүй. Энэ нь тэдний үргэлж алхаж, биеэ чийрэгжүүлэн, гүйдэгтэй холбоотой биз ээ. Өөдөөс бөхөлзөх тэдний өөдөөс амархан гэгч бөхөлзөөд сурах янзтай. Тэнд хүн хүнийг хүндлэн байж өөрийгөө хүндлүүлдэгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх.
Япон хүмүүс эрхэлсэн ажлаа чин сэтгэлээсээ хийдэг нь илт. Жаахан хэтрүүлэхэд, тэднийг "ажлын төлөө” төрсөн гэж гоочилмоор. Нэгэн бодлын робот мэт. Тэнд ажлаа сайн хийж чадсан хүний хөдөлмөрийг үнэнчээр үнэлдэг хууль хатуу үйлчилдэг. Япончууд нийгэм болон бусдын өмнө хүлээсэн үүргээ маш сайн ойлгодог хүмүүс аж.
Сүүлийн жилүүдэд тус оронд зочлох жуулчдын дийлэнх хувийг хятад, солонгосчууд бүрдүүлэх болжээ. Иений ханш суларч, үүний улмаас хятадууд Японы бараа бүтээгдэхүүнийг бөөндөж авах тохиолдол ч нэмэгдсэн байна.
-ТОКИО ГАДААД ХУДАЛДААНААС ХАМААРАЛТАЙ-
Япон улс 380.000 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Энэ нь ойролцоогоор АНУ-ын 1/25, Чилийн хагас, Их Британи ба хойд Ирландын Нэгдсэн вант улсаас 1.5 дахин, Филипинээс 1.3 дахин том гэсэн үг аж. Японы газар нутгийн 67 хувь орчмыг ой эзэлдэг ба 13 хувь орчмыг газар тариаланд ашигладаг учир нийтдээ ногоон ургамал ихтэй.
1999 оны 10 сарын 12-ны байдлаар Японы хүн ам 126.5 сая орчим байсан, дэлхийд 9-д орж байсан. Нийт хүн амын 44 хувь Токио, Оосака, Нагоя гэсэн гурван гол том хот болон тэдгээрийн дүүрэгт оршин суудаг ба энэ нь нийт газар нутгийнх нь 6 хувь юм байна.
Өнөөдрийн байдлаар Токио хот 13 сая гаруй хүн амтай. Тус хотын төвд парламент, дээд шүүх болон яам, засгийн газрын байгууллагууд байдаг учир Японы улс төрийн төв болдог. Түүнчлэн маш олон компани Токиод байдаг утгаар нь авч үзвэл эдийн засгийн төв аж. Мөн соёлын олон байгууллага, байгууламжууд, сонин хэвлэлийн компаниуд, телевизийн станцууд нь Токиог соёл мэдээллийн төв болгодог байна.
Токио дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд ордог. Тус хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг бөгөөд 1943 онд 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийг нэгтгэснээр одоогийн Токио хотын суурь тавигджээ.
Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшигтгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс аж.
Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрддэг. Албан ёсны хэл нь япон бөгөөд рюүкюү хэл, айнү зэрэг цөөн ярилцагч бүхий хэлтэй. Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.
Тус улсад буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байжээ. Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусчээ.
Үргэлжлэл бий
Д.ЭРДЭНЭТУЯА
www.medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих