Бидний юу идэж уух нь бурханаас хамаарч байгаа бус харин бидний бурхан адил орших нь юу идэж уухаас хамаарна.
" Очирт хөлгөнтөний сургаалиас ”
Хүний биеийн 108 терлион эс амьдралын туршид 50 дахин нөхөн сэргэж хүн 150 наслах байгалийн өгөгдөхүүнтэй.
" Д.Бямбасүрэн Орчлонгийн хүрд ”
∗∗∗
Гэвч өвчний 90%, хорт хавдрын 40-60% нь буруу хооллолтоос шалтгаалдаг
гэсэн судлаачдын дүгнэлт байдаг. Зөвхөн дорно дахины хүн судлалын ухаанд
гол судлагдахуун болж гүнзгийрсэн сэтгэл махбоди хийгээд түүний
эрхтэнүүдэд илрэх сэтгэлийн 360 (дон) өвчин, 1080 (гэг) гэм доройтол
гэдэг ч буруу хооллолтын нөлөөнд үүсдэгээс " ЮУ ИДНЭ ТҮҮГЭЭР СЭТГЭНЭ ”, "
ЮУГААР ХООЛЛОНО, ТҮҮНТЭЙГЭЭ ТӨРӨЛСӨНӨ. ” гэдэг хэлц үгс ч гарсан бизээ.
Хоол хүнсний төрөл байдал өөрчлөгдөхөд ямар ч амьтан мах цус, эд эс
бүхнээрээ түүнтэй уялдан нэгэн төрлийн мутац хэлбэрт ордогийг бид
бэлхэнээ харж байдаг билээ.
∗∗∗
Хүсэлд шунасан шунал нь уурын үндэс болдог бол идэх уухын шунал нь
ахуйн шуналын үндэс болдог гэсэн эртний мэргэдийн онолт судар номонд
тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд үе үеийн жинхэнэ шашинлаг үнэний эрэлч
бясалгагчид аугаа зорилгод хүрэхийн тулд нэн тэргүүн бие, хэл, сэтгэлийн
эрүүл болоод ариуслыг чухалчилж, үдээс хойш зоог барихгүй гэх буюу
сарын эхэн эцэс, хагас бүтэн тэргэлээр сард 4 удаа их бага мацаг барих,
онцгой үеүдэд хэл, хөл хорьсон бясалгал диянд орших зэргээр жинхэнэ элит
буюу оройн дээдийн сор боловсролд анхаардаг бол ертөнцийн хэрэг явдал
түүнээс өөрөө. Эдүүгээ зах зээлийн харилцаат дэлхийн улс гүрэн бүрийд
"Хүний муу сэтгэлийг дэвэргэн хөөргөн байж, эдийн засаг хөгжинө ” гэсэн
бичигдээгүй хууль үйлчилнэ.
Амтлаарай, хожоорой, аваарай, суглаарай, гайхалтай амт,,мартагдашгүй
мэдрэмж, ховор боломж, нэр төрийн баталгаа, аваарай, яараарай.
Энэ мэт дэлхий дүүрэн хашгираан дунд хүүхдээ "Амттанд бүү дурлуул,
өнгөнд бүү шунуул. Нойронд бүү автуул ” ардын ёс уламжлал ийм тийм гэх
зэрэг ярих бол улиг болохоос хэтрэхгүй. Шударга шуналгүй ёс жудагтай эх
орон ч авлигалгүй гэх зэрэг ч лоозогнол ёсчирхол төдий хүчгүй. Энэ мэт
хашгираан дунд хүн хүнээрээ, байгаль нийгэм байгаль нийгмээрээ цэвэр
оршихгүй жам ёсоор хөгжихгүй гэдэг нь нэгэнт илт болсон хэрэг. Энэ соёл
иргэншлийн хамгийн жижиг зөрчилдөөнөөс хамгийн том тулгамдал болсон
дэлхийн дулаарал экологийн доройтол хар тамхи мансуурал дайн самуун
цэрэг зэвсгийн улайрсан өрсөлдөөн зэрэг ч буруу хооллолтонд суурилсан
амьдрал ахуйн шууд ба дам нөлөөллийн илрэлүүд билээ.
∗∗∗
БУРУУ ЗӨВ ХООЛЛОЛТ
Хаяа хязгааргүй их орчлон очивч өчүүхэн ч сул орон зайгүй долгион
хэлбэлзлэл төдийгүй бидний бурхан чөтгөр гэж төсөөлж таамгалдаг нарийн
болоод ухамсрын хэлбэлзлэлүүд ч тэнд найралдан түгсэн энерги махбоди
долгион хэлбэлзлэлийн иж бүрдэл гэж хэлж болохоор тул хүнийг улаан хуй
дунд асч буй зултай зүйрлэсэн зүйрлэл ч байдаг аа. Энэчлэн бидний матер
гэж нэрлэдэг хатуу, шингэн, хийн төлөвт энгийн бүдүүнээс бодол санаа
гэрэл дуу гэсэн нарийн руу долгион хэлбэлзлэлүүд гүнзгийрэн алдарчээ.
Энэ дундаас хамгийн ил бодитой нь бүх төрлийн хоол унд янз бүрийн
хэлбэлзэл давтамжтайгаар бидний бие сэтгэлд дохио мэдээлэл болж түгсээр
байдаг байна. Нөгөөтэйгүүр энерги цагаа болоход тод бүдэг түг түмэн
илрэх хэлбэртэй бөгөөд үг хэрэглээний эрт эдүгээгийн ялгаатайгаас биш
үйлийн үр буюу шалтгаалцлалын хууль гэдэг. Энергийн л нэг хууль юм. Энэ
тухай өргөн их мэдлэгийг бидний түрүү үеийнхэн мэдэж өнгөрчээ.
Говийн ноён хутагт Данзанравжаа " Самуун үгт гайхлын яриа”-даа:
" Үйлийн үрийг эс итгэвэл амьд боловч үхдэл мэт
Мэргэн боловч эрдэм нь омог болоод шатаж үхнэ.
Хаан боловч жаргал нь хор болоод согтож үхнэ.
Гуйранч боловч сэтгэл нь үүрэг болоод дарагдаж үхнэ
Нялх боловч нас нь илбэ болоод хууртаж үхнэ.
Амьд явавч эцсийн хэрэг нь ч үл бүтсэн тул
Шувууны чандир мэт болзоогүй тэнэж үхнэ. ” гэсэн байдаг.
Ер нь дэлхийд зөвхөн монголын нүүдэлчин соёл ахуйн дунд л үйл үрийн
буюу шалтгаалцлалын хуулийн тухай ойлголт илүү гүнзгий ухагдан
уламжлагдан ирсэн болох нь одоо нэгэнт тодорхой харагдаж байгаа билээ.
Үүнийг батлах үүднээс чадан ядан зах зухаас сийрүүлюү би.
∗∗∗
Олон жил гэр зэл эзэн хүнтэйгээ ээнэгшиж дассан хөгшин хөвөө малынхаа
хөлийг амраая гэхдээ бусдад хол арилжиж, туулгаж, ачуулж, баглуулж мууг
нь үзэхгүй гэхдээ тостой булууг нь өөрсдөө баръя гэдэг. Малыг муулахын
өмнө айлгаж, цочоож, ширүүлж, дошгоруулахыг цээрлэдэг.
Цээрлэх ёсноос:
Байгаль дэлхий шинэдэн сэргэж, амьтан бүр хөхөн хөөрч баясах үе буюу хавар ногооноор мал амьтан муулахыг цээрлэдэг.
Амьтны үр төлийг мөн ороо нийллэг болон төллөх үеэр нь мал амьтныг хороох хөнөөхийг цээрлэдэг.
Сарын 15, битүүн зэрэг онцгой өдрүүдэд мөн гэрт, гэрийн үүд голлуулж, мөн бүрэнхий харанхуйд мал амьтан муулахыг цээрлэдэг.
Нар ургах, шингэх үед унтаж хэвтэх, нар сар хиртэж байхад идэж уух, унтаж байх зэргийг цээрлэдэг.
Хүүрийн газар идэж уух мөн тэнд эмэгтэй хүн хүүхэд очихыг
хориглодог зэрэг нь " Энерги ” эрчим урвах, хувирч сөрөгших улмаар хүн,
байгаль, нийгэм ирээдүйг бохирлож, хямраахаас сэргийлсэн дээр дээрээс
уламжлалт их шинжлэх ухаанч ёс юм.
Мөн мал амьтан муулах болоход амь таслах үед дэргэд нь хүүхэд эмэгтэйчүүд харж байхыг хориглодог.
Эмэгтэй хүнээр мах эвдүүлэхийг хориглодог зэрэг нь орчлонгийн хамаг
анхил ариуны дээд байх ёстой бүхий л орчлонгийн эх болсон эмэгтэй хүн,
ирээдүйн гэрэл гэгээт итгэл болсон хүүхэд багачуулаа энергийн булингарт
унахаас сэргийлсэн ардын маань шинжлээгүй их гүн ухаан юм.
Мөн төр шашины үйл хэрэгт зүтгэхээр нэр данслагдсан хүн түүнийгээ
амжиргааны хэрэгсэл болговол " горын ” бузар болно гэх ба " ГОР ” гэдэг
харь үгийг манай мэргэд " Муу үрийн боловсрол ” гэж хөрвүүлжээ. Энэ нь
10 хар нүглийн биеээр үйлдэх 3 нүглийн нэг болох " Эс өгснийг авах ”
гэдэг дээрэм тонуул, хулгай, залилангийн төрөлд хамаарах аж. Дээдсийн
сургаалд хулгайч хүний үр удмыг үйл зовлон үгээгүй ядуугийн хувь ерөөл
хүлээж байдаг гэсэн аймшигт сануулга байдаг тул хулгай худлаар амьдрах,
гэр бүл үр хүүхдээ тэжээж тэтгэхийг цээрлэж иржээ. Хулгайн малын мах
шүүсэнд гар хүрэхээс ч айж, өвчин тахал мэт сэжиглэж ирсэн. Хар арга,
бохир олз буруу гарын юу ч байсан мал сүрэг гэр бараандаа нийлүүлэх,
байлгахыг цээрлэж буяндаа бузар оруулахгүй гэнэ. Энэ мэтээр буй бүхэндээ
эерэг сайн " энерги” эрчмийг хураана гэхийн учир нь " биеэ засаад гэрээ
зас, гэрээ засаад төрөө засах ”-д байжээ.
Монгол ардын " Зохистойг идэж уу
Билэгтэйг эдлэж хэрэглэ ” гэсэн сургаал байдаг.
Юуны түрүүнд биеэ эерэг сайн энергийн орон болгоод улмаар орон гэрээ
цаашлаад төрөө эерэг сайн эрчмийн орон болгох их цаашилбал нийт соёл
иргэншлийг ч засан тохижуулах гэсэн дэлхийд зөвхөн бидний өвөг " урт
дурынхнаас ” яс мах цусанд удамшсан нэгэн чанар бидний үе хүрч иржээ.
Энэ бол одоохондоо бидний дотоодод унтаа хэлбэрт байгаа дэлхийн бүх алт
эрдэнэсээр ч үнэлэшгүй их баялаг их хүч юм. Энэ бол Мөнх тэнгэрээс
сэрээх дуут дохиог хүлээж буй мэт одоохондоо зүүдэлсэн, үнэгчилсэн,
задарсан, ядарсан, хямарсан, доройтсон монгол л байна.
Харин энэ үндэстэн одоо сэрэх нэг цаг нь болсон шиг. Чанадын нэгэн
дохиог хүлээж авсан юм шиг байна. Олон сайхан монгол эрчүүл ямар ч
албадлагагүйгээр хар аяндаа архи тамхинаас гарч байна. Олон сайхан
залуус ан гөрөөнөөс, албин зугаацалаас хар аяндаа татгалзаж байна. Сайн
цаг ирж явааг дотоодоороо мэдэрч эхлэв үү ! Монголчууд сүнсээрээ сэрж
эхэлж байна. Одоо гагцхүү бие биендээ урам зориг өгч, бие биенээ хүлцэн
уучилж хайрлаж явах л үлджээ. Одоо зөвхөн гажуудсан түүх соёл зан
заншлаа засч, залруулж түүнээ аж төрөх ёс болгон
"Ёс ёмбогор Төр төмбгөр”-ийг л гаргаж ирэхээ үзэх хэрэгтэй болжээ.
Монгол овогт Чимэдбалын Бодгаль "Мөнх тэнгэрийн хүчин дор” номноос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих