"Монгол улсын 2016 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” уулзалт хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Сангийн яамны орлого, зарлагын хэлтэс болон эдийн засгийн судлаачид, Нээлттэй нийгэм форумын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, тодруулга өгсөн юм.
Ирэх оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн хүрээнд Сангийн яамны зүгээс төрийн албан хаагчдын цалинг хасах, урсгал зардлыг бууруулах, гадаад томилолтыг багасгах замаар нийтдээ 446.1 тэрбум төгрөг хэмнэж буй гэдгийг онцлов. Байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдаан дээр хамгийн их шүүжмлэл хүртэж буй гадаад томилолт үндсэндээ 50 ба түүнээс дээш хувиар багассан гэх тайлбарыг өгч байна. Тодруулбал, төрийн гурван өндөрлөгөөс бусад албан тушаалтны гадаад томилолтын зардлыг 50 хувиар бууруулан тооцсон байна.
Энэ жилийн төсвийн алдагдал ДНБ-ий 5 хувь буюу 1.1 их наядад хүрэхээр байгаа тул ирэх онд нөлөөлөл нь тусаж, 3.3 хувьд барьж чадах уу гэсэн асуулт гарч ирсэн. Сангийн яамны мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар бол ирэх онд төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлт, цомхотгол нэг их үр дүнгээ өгөхгүй. Харин 2017 оноос эерэг нөлөөгөө үзүүлэх аж. Цомхотгол, бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан халамжийн мөнгүүд ирэх онд төсөвт сууж өгөх юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид Оюутолгой, Тавантолгойн төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг сонирхож байсан. Манай улс Оюутолгойгоос 303.8 тэрбум төгрөг төсөвт суулгахаар тооцож, Тавантолгойн төслийг дагаж 700 сая ам.долларын импортын татварын орлого төвлөрүүлэх урьдчилсан прогнесс байгаа гэв. Сангийн яамнаас том төслүүдийн татварын орлого сэлтийг шууд бие даагаад тооцоолчих боломжгүй. Тиймээс яамд хамтарсан ажлын хэсэг байгуулсан, эдгээр нь тоо нь эцсийн дүн биш гэдгийг тодотгосон юм.
Ирэх жил дэлхийн улсуудын эдийн засгийн байдал төдийлөн сайжрахгүй. Сүүлийн 20 жил эдийн засаг нь тогтмол 10 хувиас дээш өсөлттэй байсан урд хөрш л гэхэд өсөлтөө 5-6 хувьд барих тооцоолллыг гаргаж буй. Тэр утгаар ирэх жил эдийн засгийн гадаад орчны хамаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүд ирэхээр харагдаж байна. Дээрээс нь ирэх 2017 оноос зээлийн үйлчилгээний төлбөрүүд хийгдэж эхлэх тул ирэх жил зайлшгүй бүсээ чанга бүслэх шаардлага үүснэ гэдгийг салбар яамнаас дахин тодотголоо.
Ирэх оны төсвийн орлого, зарлагын тооцоололд Нээлттэй нийгэм форумаас хийсэн дүгнэлтдээ асуудалд бодитой хандаж, төсөвт үүсэх эрсдлийг сайтар тооцохыг сануулсан юм. Ирэх онд урд хөршийн эдийн засгийн бодлогоо шинэчлэх болон 2019 оноос Австрали нүүрсээ шинэ түвшинд экспортлож эхлэх зэрэг гаднаас чиглэсэн сөрөг нөлөөллийн давалгаа ирэхийг шинжээчид сануулж байна. Манай улсын уул уурхайн гол нэрийн түүхий эдүүд одоохондоо өрсөлдөх чадвартай байгаа ч урт хугацаанд сулрах төлөв байгааг ч судлаачид сануулж онцлов.
Эцэст нь хэлэхэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улсын төсвийн алдагдал 4.2 их наядад хүрээд байгаа. Тиймээс цаашдаа нийгмийн халамжийн бодлогыг цэгцлэх, хэмнэж болох зардлыг тэвчих, төрийн байгууллагын урамшуулах системийг 100 хувь танах асуудлууд сөхөгдөх нь нэгэнт тодорхой болов. Нийгмийн халамжийн мөнгөний 28 хувь нь чинээлэг, 40 хувь нь боломжийн амьдралтай өрхүүдэд очиж буй гэх судалгаа бий. Тэгвэл яг зорилтот хэсэг рүү нь чиглүүлэх цаг болсоныг албаныхан энэ удаа дахин онцолж байлаа.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12518
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих