Бид
хөгжил цэцэглэлтийнхээ хаана нь явна бэ. Монгол Улс хөгжиж, ард түмэн
нь сэтгэл тэнүүн амьдарч чадаж байна уу. Манжийн дарлалд 200 орчим жил,
Социализмын 70, Ардчилсан хувьсгалаар 25 жил замналаа. Сүүлийн 300 жил
Монголын ард түмэн хүнд хэзүү үеийг тууллаа. Хөгжих гэж зүтгэж байна.
Хөгжиж байгаа гэвэл хөгжиж байна. Гэвч санаанд хүртэл бид хөгжиж
чадсангүй. Хүн амын дийлэнх олонх нь ядуу амьдарч ирлээ. Хэнээс юунаас
болж бид хөгжилгүй, эдийн засгийн хараат бус амьдарч ирэв? Хариулахад
амархан юм. Биднээс, өөрсдөөс нь надаас болж бид бусдаас хоцорчээ. Ядуу,
хөгжилгүй буурай ард түмэн хэвээрээ л байна. Хөгжиж чадахгүй байгаагийн
шалтгаан юу бэ. Шалтгаан зовлон их юм. Эдийн засгийн чадамжгүй байдал,
үйлдвэржилт, бүтээн байгуулалт тааруу, шударга бус хувиа хичээсэн
үйлдэл, мэдлэггүй, бодлогогүй, холын бодолгүй явж ирсэн гээд шалтгаан
нөхцөл нь олон ажээ. Бидэнд авлига хээл хахуул, атаархал, бэлэнчлэх
сэтгэлгээ, шунал, хөдөлмөрч бус байдал, гутранги үзэл гээд маш олон сул
тал байна. Бид үүнээс салах цаг иржээ.
Ардчилсан
хувьсгалаас хойш 25 жил өнгөрөв. Хүнтэй харьцуулбал төлөвшил бий болох
нас. Гэвч өнөөдөр ардчилал төлөвшиж, бид хөгжлийнхөө зөв зам руу орж
чадсангүй. Тиймээс бидэнд өнөөдөр шинэ хувьсгал, өөрчлөлтийн замыг нээх
цаг ирж байна. Бид хөгжилгүй явж болно. АНУ, Хятад, ОХУ, Япон, Солонгос
гээд дэлхийн том гүрнүүд хөгжлөөрөө биднээс тасран одлоо. Бид хөгжилгүй
хэвээрээ, тэднийг гүйцэхээсээ улам холдсоор байна. Бид эдийн засгийн
хараат бус байх нь оюун санааны хувьд ч хараат бус болдог юм байна. Их
гүрнүүдийн хэл соёл, уламжлал Монголын хөрсөнд суурьшиж хүүхэд залуус
түүнийг даган дуурайх, уламжлалаа мартагнах үзэгдэл бий болж эхэллээ.
Гэхдээ би үүнээс нэг их санаа зовохгүй байна. Манжийн харьяанд 200 жил
байсан Монголчууд уламжлал, ёс заншлаа авч үлдэж чадсан. Тэгэхээр харийн
соёлд өөрсдийгөө уусчихна гэж бодохгүй байна. Харин улс эдийн засгийн
хараат бус байна гэдэг аюултай. Мөнгөтэй хүн бол Засгийн газар, УИХ-ыг ч
хөдөлгөдөг юм байна. Бид Ардчилсан хувьсгал, эрх чөлөөтэй золгосон ч
эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадсангүй ээ. 20-р зуунд гадны
тусламжаар амьдарч ирсэн Монгол орон 21-р зуунд ч доривтой өөрчлөлт
орсонгүй. Өөрчлөгдсөн зүйл нь баялагаа барьцаанд тавьж өр тавьдаг шинэ
тогтолцоонд шилжлээ.
Уул уурхай, ашигт малтмалын
ачаар эдийн засаг өссөн ч нийтийн эрх ашигт төдийлөн үр дүн
харагдсангүй. Энэ нь хяналтгүй зарцуулалт, эрх мэдэлтнүүдийн
хуйвалдаантай шууд холбоотойд маргах аргагүй юм. Бидний хамгийн хурдан
эдийн засгаа өсгөх өнөөдрийн зөв зам бол уул уурхай. Эдийн засгийн
хөшүүрэгтэй байж, бид хөгжинө. Гэхдээ уул уурхай бол бидний хөгжлийн
мөнхийн түлхүүр байж таарахгүй. Уул уурхай бол манай улсын хувьд ойрын
хугацаанд эдийн засгаа өсгөх өнөөдрийн зөв арга зам. Түүнээс хойш
Оюутолгой бус Оюунлаг толгой л Монгол Улсыг үүрд авч явах болно. Хөдөө
аж ахуй, газар тариалан гээд улсын эдийн засгийг авч явах том салбар
бий. Миний бичих зүйлийн гол санаа нь энэ биш учраас ингээд азная. Гол
санаа руу гаа орьё. Эдийн засгийн өсөлт гэхээсээ илүү одоо олж буй
орлогоо зөв зарцуулах, улсын хөрөнгийг завшигчдаас хэрхэн салахыг нэн
тэргүүнд бодох цаг иржээ.
Шинэ хувьсгал нь юу байх ёстой вэ
Хөгжлийн гарц бол оюун санааны сэтгэлгээний өөрчлөлт юм. Бид оюун
санааны хувьд тэсрэлт хийх хэрэгтэй байна. Олноороо сэтгэл хангалуун,
баян тансаг, аз жаргалтай амьдрахын тулд олноороо хөдөлмөрлөх ёстой.
Олноороо шударга ёсыг эрхэмлэх, буруу бүхэнтэй хатуу тэмцдэг тийм ард
түмэн болох ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан нэг нийтлэл бичсэнийг
уншсан юм. Тэрээр тэрхүү нийтлэлдээ "Манай түүхэнд гарсан их өөрчлөлт,
хувьсгал, дэвшил бүхэн Монгол хүний сэтгэлгээний өөрчлөлт, хөгжлөөс
ангид байгаагүй нь ажиглагддаг” хэмээн онцолжээ. Ерөнхийлөгч энэ үгийг
зүгээр нэг хэлчихээгүй нь лавтай. Тиймээ хувьсал өөрчлөлт, хөгжил бол
хүний тархнаас, оюун санааны их тэсрэлтээс гардаг юм шүү гэдгийг бид
ойлгох цаг иржээ. 1921 оны хувьсгал, Ардчилсан хувьсгал бүгд Монгол
хүний тархинд жирэмсэлж байж сая бодит үйл хэрэг болсон юм шүү.
Бидний эргэн тойронд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн харалган
сэтгэлгээ, шударга бус байдлыг өөхшүүлэх үзэгдэл нийгмийг бүхэлдээ
бүрхжээ. Төрийн эрх мэдлийг барьж буй албан тушаалтнуудын олонх нь ийм
сэтгэлгээтэй байгаа нь улсын хөрөнгийг хөгжилд бус хувьдаа завшихад
хүргэж байна. Хэтийдсэн их хувийн шуналтай хүн улсын хөгжлийн төлөө
ажилдаггүй юм байна гэж анзаарагдана. Бодлого гаргагчид эрүүл мэнд,
боловсролд хөрөнгө зарахгүй байна. Дээр нь энэ салбаруудын тогтолцоо,
чанар тааруу гээд бидэнд зовлон их юм. Энэ бүхэнийг өөрчлөхийг тулд би
өөрөөсөө эхлэх шаардлага байна. Өөрөө өөртэйгөө тэмцэх цаг иржээ. Би
шударга байж, бусдыг зөв зам руу уриалан дуудах учиртай. Нэг хүн бус
нэжгээд хүн шударга ёсны төлөө тууштай тэмцдэг, буруу бүхэнийг хатуу
шүүдэг тийм хүн олон болох хэрэгтэй байна. Бид ийм өөрчлөлт шинэчлэлийн
замыг нээж чадахгүй бол улсаараа (цөөхөн хэдэн хөрөнгөтнүүдээс бусад нь)
бусдаас эдийн засгийн хараат бус байдалд бүрэн орох цаг ойрхон ирсэнийг
санах цаг ирлээ.
Биднийг угтах он жилүүд ямар ч байж
мэдэх юм. Энэ хэвээрээ эв нэгдэлгүй, даруу, дорой, шударга бус үйлдэлийг
хүлцэн тэвчиж ирэх нь аюулд хүргэдэг юм байна. Тиймээс өөрчлөлт
шинэчлэлтийг өөрөөсөө эхлэе. Муу бүхэнтэй тэмцэе. Бүү эвлэрцгээе. Түүх
давтагдаж байна. Өнгөрсөн зуун зуун жилүүдэд гадны хөрөнгөтөн, эрх
мэдэлтнүүд Монголын ихэс дээдэсийг эд баялаг, хөрөнгө мөнгөөр эрхлүүлж
эргээд хэдэн арван дахин үржүүлж авч улсын маань хөрөнгийг завшдаг
үзэгдэл өнөөдөр ч үргэлжилсээр байна. Бид өөрөө өөрсдийнхөө хөгжлийг
боомилж байна. Биднийг угтах он жилүүд ямар байхыг эс мэднэ. Илүү хэзүү
хүнд үе рүү орж байхыг ч үгүйсгэмгүй. Үе үеийн шинэчлэл өөрчлөлтийг
залуус удирдаж, тэдний хүсэл зориг түүхийн шинэ хуудсыг нээж иржээ.
"Өнгөрсөн үе биднээс хамааралгүй болсон. Харин ирээдүй биднээс хамаатай”
гэж хэлсэн байдаг. Хөгжил дэвшил, шударга ёс, хариуцлагыг өөрөөсөө
хайж, төрийн эрх мэдлийг хөрөнгө мөнгө, хувийн ашиг сонирхолоо болгосон
бүлэглэлүүдийн эсрэг зогсох цаг ирлээ. Эв нэгдэлгүй, хүлцэнгүй, даруу
байх нь биднийг сүйрэл рүү дуудлаа.
Т.Амартүвшин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих